Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгос хөвгүүд долоо хоногийн 88 цагт компьютер тоглодог

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 3 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Өмнөд Солонгос электрон спортоор алдартай үндэстэн боловч засгийн газар нь видео тоглоомын донтолтыг зогсоохыг зорьж байна.

Өмнөд Солонгост 10-19 насны 10 хүүхэд тутмын нэг нь интернэтэд донтоод байгааг засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.

Тэгвэл VICE компаний гаргасан сүүлийн тоо баримтаар тэдний эзлэх хувь 50 хувьд хүрсэн байж болзошгүй гэнэ.

Саяхан NiceGameTV нэртэй видео тоглоомын тэмцээн дамжуулдаг сувгаар и-спортын ирээдүйн од гэгдэж байгаа Шеа хэмээх хүү ярилцлага өгчээ.

Тэр ярихдаа долоо хоногт 88 цагийг компьютер тоглож өнгөрөөдөг гэжээ. Тоглохоос бусад үед унтах, шүршүүрт орох, хоол идэх гэсэн үйлдлүүдийг л хийж үлдсэн амьдрал нь компьютерын ард өнгөрдөг аж.

Түүнээс ямар ажил мэргэжилтэй болох төлөвлөгөөг нь асуухад “ямар ч төлөвлөгөө байхгүй” гэж хариулжээ.

Ийм ирээдүйн иргэддээ Өмнөд Солонгосын засгийн газар санаа зовж эхэлсэн байна.

2011 онд засгийн газар “Үнсгэлжингийн хууль” гэгдэх журмыг гаргаснаар 16 хүртэл насны хүүхдүүд шөнийн 12 цагаас өглөөний 6 хүртэл тоглоомын вебсайтуудаас бүрэн таслагдах ёстой гэнэ. Эдгээр цагт вебсайтуудыг ашиглах иргэд насанд хүрснээ баталж иргэний бичиг баримтаар нэвтрэх юм.

Сөүлийн Гангнам Эүлжи Эмнэлгийн доктор Ли Жае-Воны баталж байгаагаар Өмнөд Солонгосын донтох сэтгэцийн өвчлөлийн 90 хувь нь онлайн тоглоомноос болдог гэнэ.

Дээр дурдагдсан Шеа хүү ч засгийн газрын дэмжлэгтэй энэ эмнэлэгт эмчлүүлж байжээ. Доктор Лигийн өгүүлж байгаагаар тэдний эмнэлэг донтолтыг арилгах янз бүрийн шинэ эмчилгээний аргуудыг туршиж байна.

Тэдний зорилго донтолттой интернэт хэрэглэгчийг хэвийн интернэт хэрэглэгч болгох явдал гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider