Засгийн газраас зохион байгуулдаг “Сайдын цаг” нээлттэй уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцлоо.
Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан Аж үйлдвэрийн яамны бодлогыг гаргасан. Түүнийг дагасан стратеги бодлого төлөвлөлт, аж үйлдвэрийн байршил зураглал буюу хөгжлийн бүсийн асуудлыг манай яам нэн тэргүүнийн бодлого болгон гаргалаа.
Хэдэн сонирхолтой тоо баримт дурдвал 2011 онд манай улсын экспорт 2.9 тэрбум, импорт 3.2 тэрбум доллар байсан. Өөрөөр хэлбэл гадаад худалдааны тэнцэл хасах 290 сая доллар байсан байна. 2011 онд экспорт 2.9-өөс 4.8 тэрбум болж огцом өссөн. Үүнийг дагасан импортын хэрэглээ 3.2-оос 6.5 тэрбум болон хоёр дахин нэмэгдсэн.
Энэ өсөлт нь гадаад худалдааны тэнцлийг хасах 1.7 тэрбум доллар болгосон байна. Харин 2014 онд экспортын хэмжээ 5.7 тэрбум байхад импорт 5.2 тэрбум болж Монгол Улс анх удаа гадаад худалдааны алдагдал эерэг дүнтэй гарсан. Нэг тэрбум гаруйн импортын бууралт нь хэрэглээний хумилттай холбоотой. Өөрөөр хэлбэл монголчууд зөв хэрэглээтэй болж эхэлснээс үүдэлтэй болохоос аж үйлдвэрийн бодитой өсөлтөөс үүсээгүй.
Бензин шатахууны хэрэглээ 1.5 тэрбум доллар буюу нийт импортын 28 хувь, машин, эд анги, түүний хийцийн хэрэглээ 1.6 тэрбум буюу 30 хувийг эзэлж байна.
Үндсэн төмөр хийц эдлэл 538 сая доллар буюу нийт импортын 10 хувь, нефть, химийн бүтээгдэхүүн буюу хуванцар эдлэлийг 512 сая доллараар гадаадаас авч хэрэглэж байна. Үндсэндээ дотоодын үйлдвэрлэл тэгтэй тэнцэж байгаа юм.
Бид 7.3 хувь буюу 383 сая долларын хүнсний бүтээгдэхүүн гадаадаас импортлон хэрэглэж байна. Манайх шиг маш их малтай, сүүтэй улс гадаадаас сүү, сүүн бүтээгдэхүүнийг 49.7 сая доллараар худалдан авч байна. Үүнээс хуурай сүүг 19 сая доллараар экспортолжээ.
Экспортын голлох бүтээгдэхүүн уул уурхайн түүхий эд. Нэхмэл оёмол бүтээгдэхүүнээс өөр экспортолж байгаа зүйл бидэнд алга. Нэхмэл оёмол эдлэлийг 339 сая доллар буюу экспортын 5.9 хувийг гаргаж байна.
Аж үйлдвэрийн барааны экспорт манай улсад тэг хувьтай байна. Нийт хоёрхон сая долларын бүтээгдэхүүн л экспортоор гаргаж байна. Бид ийм байгаа нөхцөлт валютын ханшийн савалгаа арилна, ард иргэдийн амьдрал сайжирна гэсэн баталгаа алга. Дээрх тоонууд гэнэт гараад ирчихсэн юм биш. Сүүлийн 10 жилийн хугацаанд төр засгийн эдийн засгийн тогтвортой бодлогогүйн улмаас үүссэн тоо.
Бид нэг жилд ургамлын тосыг 25, элсэн чихэр 24, хуурай сүү 19, цагаан будаа 14, гурил долоо, жимс зургаа, маргарин буюу тосыг тав, хүнсний ногоо 10 сая доллараар худалдан авч байна. Энэ тоон дээр үндэслэж бид цаашаа эдийн засгийн бодлогоо авч явахаас биш нэг нэгнээ сайн муугаар хэлээд, улс төржөөд энэ тоо сайжрахгүй. Эдийн засагт улс төр байхгүй. Ганцхан үнэн тоо л бий. Энэ үнэн тоон дээр тулгуурласан эдийн засаг, үйлдвэрийн бодлого л Монгол Улсыг аварна.
Нефтьтэй хэрнээ шатахуун үйлдвэрлэдэггүй улс Монголоос өөр байхгүй. Аж үйлдвэрийн яам хүнд салбар, боловсруулах, хөнгөн, жижиг дунд үйлдвэр, чөлөөт бүс буюу аж үйлдвэрийн парк, худалдаа, экспорт, импорт, концесс гэсэн бодлогуудыг хариуцаж байгаа. Гурван сарын хугацаанд Аж үйлдвэрийн яам суурь бодлогоо тодорхойлоод анхныхаа бичиг баримтуудыг УИХ болон Засгийн газарт хүргүүлэн зарим нэгэн шийдвэрүүдийг гарган үйл ажиллагаагаа хэлээд явж байгаа.
Чөлөөт бүсийн хууль батлагдсан. Үүний үр дүнд хил залгаа хоёр улстайгаа гэрээ хэлэлцээрийн ажлууд эхлэх гэж байна. Маргааш Замын-Үүдийг хариуцсан ажлын хэсэг хил дамнасан худалдааны чөлөөт бүсийн асуудлаар Хятадын талтай анхны хэлэлцээрээ хийнэ.
Өчигдөр ОХУ-ын буюу Евро Азийн бүсийн зөвлөлийн сайдтай уулзалдаж Алтан булгийн чөлөөт бүсийн худалдаа, тарифын хөнгөлөлтийн асуудлаар санал бодлоо солилцож, ажлын хэсэг хамтран байгуулах шийдвэр гаргасан.
Худалдааны тухай хууль өргөн барьсан. Зах зээлийн замбараагүй байдлаа цэгцлэх, худалдаачдаа дэмжих, худалдааны зөв тогтолцоотой болоход Худалдааны хууль тус дөхөм болно.
Монгол Улс нефтийн үйлдвэртэй, гангаа хийдэг, түүхий эдээ нэмүү өртөг шингээн боловсруулан гаргах, шаардлагатай гэсэн хүнд үйлдвэрийн тулгуур зарчим руу бид явахаас өөр аргагүй. Манай улс 500-аад мянган тонн гангын хэрэгцээтэй. Гэтэл одоо бид 76 мянган тонныг л үйлдвэрлэж байна. Тиймээс бид 500 мянганд хүргэхийн төлөө ажиллах ёстой. Санхүүжилтийг нь дэмжих хэрэгтэй.
Нефтийн үйлдвэрийн талаар бид олон жил ярьсан. 15 үйлдвэрийн төсөл явдаг хэрнээ нэг нь ч өнөөдөр бодит ажил болж хэрэгжээгүй. Төрийн нэгдсэн бодлого байгаагүйтэй холбоотой. Өөрөө нефтьтэй хэрнээ нефть үйлдвэрлэдэггүй орон дэлхийд цор ганц Монгол Улс. Дотоодынхоо түүхий эдэд тулгуурласан нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар баталсан.
Засгийн газрын тогтоолд хаана үйлдвэр барих, хэдэн үйлдвэр дээр урьдчилсан ТЭЗ-ын үзүүлэлт хийх вэ гэдийг тогтоосон.
Хамгийн түрүүнд говийн бүст хоёр тонн сая хүртлэх нефть үйлдвэрлэх хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэрээ барина. Мөн зүүн бүст буюу өнөөдөр газрын тос гаргаж байгаа газраа сонгосон нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Бид ядаж гаднаас импортолдог шатахууныхаа асуудлыг шийдэж чадахгүй бол валютын тогтвортой байдлаа шийдэж чадахгүй.
Ирэх намар нефтийн үйлдвэр байгуулах сонирхолтой сонирхогч талуудад саналаа тавина. Дэлхийн жишигт нефтийн үйлдвэрийг далайн эрэг орчимд, нэг бол хоолойгоор дамжуулан авах боломжтой газар байгуулдаг. Бид энэ зармыг баримтална.
Нефтийн үйлдвэрээ барьчихвал 2000 хүрсэн доллар 1000-аас доошоо бууна. Тиймээс энэ үйлдвэрийг эхлүүлэх шийдвэр гаргасан. Одоо бид бүгдийг үйлдвэржилт эдийн засгийн хэлээр ярина. Өөр арга бидэнд байхгүй.
Аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг гаргасан. Энэ бүс нь таван үндсэн бүс, 27 дэд бүст хуваагдсан. Үүнд хаана хүнд, хөнгөн, жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэр байх уу гэдгийг харуулсан бүтэн зураглал гарч ирэх юм. Монгол Улс аж үйлдвэрийн нэгдсэн бүсээ тогтоосны дараа эдийн засгийн буюу үйлдвэржилтийн цэгцтэй бодлоготой болно гэсэн томьёоллыг манай яам Засгийн газарт оруулахад бэлэн болсон.
Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээний асуудал ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц болно. Арьс шир, ноос ноолуурын боловсруулалтыг хэрхэн хийж, эцсийн бүтээгдэхүүнээ дэлхийн стандартад нийцүүлэх вэ гэдэг асуудал тулгарна. Үүнийг бид Хөдөө аж ахуйн яамтай хамтран шийднэ. Арьс ширний түүхийн эдийн нөөц 10 сая ширхэг, ноолуурын нөөц жилдээ 7,500 байдаг. Биднийг гол зорилго арьс ширээ өөрсдөө боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн хийгээд Европын орнуудтай хамтран ажиллах компаниудыг байгуулах тухай асуудлаар гэрээ хэлэлцээр, санамж бичгийн ажлуудыг эхлүүлээд явж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!