Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны нэгэн тосгоныхон гэнэт гүн нойронд автдаг болжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жил хагас орчим хугацаанд хойд Казахстаны нэгэн тосгоны иргэдийн дөрөвний нэгд сонин өвчин илэрчээ.

Тэд хэзээ ч хамаагүй гэнэт гүн нойронд автдаг болсон байна. Эрдэмтэд “унтах өвчин” гэж нэрлээд байгаа энэ үзэгдлийн цаад шалтгааныг хэн ч тайлбарлаж чадаагүй байгаа юм.

Ингэж унтсан хүмүүс хэдэн өдөр унтаад сэрэхдээ толгой нь эргэсэн, хагас ухаантай болсон байдаг гэнэ.

Хэзээ унтсанаа ч санадаггүй юм байна.

Энэ өвчнийг судалж байгаа профессор Леонид Рихванов хэлэхдээ “тэднийг бүрэн ухаан оруулахын тулд бүтэн нэг өдөр шаардлагатай” гэжээ.

Олон эрдэмтэд, судлаачид Калачи тосгоныг зорьж өвчний шалтгааныг тодорхойлохын тулд өвчлөгсдийн биеийн онцлогоос эхлээд байгал орчны хордлогын шинжилгээнүүд хийсэн боловч үр дүн гарахгүй байна.

Унтсан хүмүүсээс бас өөр сонин шинж тэмдгүүд илрэх болжээ.

Тухайлбал Калачигийн иргэн, 30 настай Казаченко сэрсний дараа цусны даралт нь ямар ч шалтгаангүйгээр ихээр нэмэгдсэн гэсэн байна.

Түүнд ингэж гэнэт унтдаг өвчин хоёр ч удаа тохиолдоод байгаа юм.

Өөр нэг иргэн Татьяна Павленко “бид бүгд ийм гэнэтийн унталтаас айдаг боллоо” гэж ярьсан байна.

2013 оны гуравдугаар сард анхны өвчтөн илэрснээс хойш энэ тосгоны 122 хүнд уг сонин өвчин илэрчээ.

Өнгөрсөн есдүгээр сарын нэгний өдөр тосгоны найман хүүхэд зэрэг ингэж унтсан бол хэдхэн сарын дараа нэг өдөр 60 хүн мөн ингэж гүн нойронд автсан гэнэ.

Ес дэх удаагийн ийм унталтын давалгааны дараа тосгоны удирдлага иргэдээ нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахад хүрчээ.

Калачи бол Зөвлөлтийн үед төмөрлөгийн уурхай байгаад одоо эзгүйрсэн Красногорск хотоос 60 км зайтай оршдог.

Уурхайг ашиглахаа болиод 20 орчим жил болж байгаа ч тэнд радон хий газрын гүнээс ялгарч байж болзошгүй гэж Рихванов ярьж байна.

Үнэндээ тосгонд радон хийн түвшин хэвийн хэмжээнээс өндөр гарсан ч энэ өвчинтэй холбоогүй гэж Казахстаны эмч нар дүгнэжээ.

Үнэндээ радон хийнээс болсон бол уг өвчинд нэрвэгдсэн хүмүүс хоёроос зургаан өдөр унтахад бусад хүмүүст үйлчлэхгүй байгаа нь сонирхолтой.

Гэтэл Казахстаны Үндэсний Цөмийн Төвийн мэргэжилтэн Сергей Лукашенко үүнийг карбон моноксидоос болж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Карбон моноксидод хордсон хүний толгой өвдөж, бөөлжиж, толгой эргэдэг гэж байгаа ч энэхүү унтдаг өвчний шалтгаан болох эсэх нь эцэслэн батлагдаагүй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Mashable.Com