Монгол Улсын иргэн С-ийн амь насыг бүрэлгэсэн этгээдийг Эрээн хотоос 1,000 гаруй км-ийн зайд байрлах Ухань хотоос баривчилсан байна. Энэ тухай Эрээн хотын Ардын засгийн ордны Гадаад явдлын албан гэрийн орлогч дарга Сэцэнзориг, ажилтан Улаантуяа, Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн тасгийн дарга Урт, ажилтан Далай нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын Газарт ирж мэдэгдэв.
Монгол иргэний амь насыг бүрэлгэсэн этгээд БНХАУ-ын харьяат болохыг мэдэгдсэн боловч өвөрмонгол, хан үндэстэн аль нь болох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Хэргийг илрүүлэх ажлын хэсгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн удирдлага, Шилийн гол аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн холбогдох албан тушаалтнууд удирдаж зургаан хоногийн дотор шуурхай шалгаж илрүүлэв.
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас Хятадын холбогдох албаныхантай хамтран талийгаачийн шарилыг өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний өдөр хилээр нэвтрүүлсэн бөгөөд бусад шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг ар гэрийнхэнд нь үзүүлж байгаа талаар Гадаад Хэргийн яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!