ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Хүннү молл”-ыг хуулбарлая

Н.Пунцагболд
2015 оны 3 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг
Зургийг: Хүннү Молл / www.facebook.com /

“Хурд” группын бүтээн байгуулж буй “Хүннү Молл” энтертайнмент төвийн нээлт өнгөрсөн Баасан гарагт боллоо. Тус төвийн нээлтэд оролцохыг, очиж үзэхийг хүссэн хүмүүсийн цуваа Яармагийн гүүр орчмын замыг түгжрэлд оруулж, хэсэгтээ л бөөн юм болов.  Зөвхөн нээлтээ хийсэн өдөр нь ч биш өнөөдрийг хүртэл “Хүннү молл” иргэдийн хөлд дараастай байгаа юм билээ. Өчигдөр гэхэд ажлын долоо хоногийн эхний өдөр байсан. 

Гэтэл хүүхдээ дагуулсан ээжүүд тэр хавийг “эзэлж”, машины зогсоолоос авхуулаад бүхий л талбай нь дүүрсэн байна. Энэ үйл явдал юуг харуулав. Монголчууд бид, тэр тусмаа залуучуудад чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх газар үнэхээр хомс гэдгийг цаг үргэлж хэлж, ярьдаг.

Сүүлийн жилүүдэд кино уран бүтээлчид идэвхжиж, кино урлаг хөгжиж байна. 

Харин эрхэм дарга нар, эрх мэдэлтнүүд, хөрөнгө мөнгөтэй хүмүүс үүнтэй санал нийлдэггүй. Хоёр, гурван кино театр, хэд хэдэн номын сан, тоглоомын газрууд байна гэж ирээд л цэцэрхэнэ. Мөн залуучууд шалтаг гаргаж, баар саванд орж байна ч гэж хэлэх хүмүүс цөөнгүй байсан. 

Гэтэл “Хүннү молл” энтертайнмент төв нээлтээ хийхэд л бараг бүх хүн тийшээ зүтгэж байна. Энэ нь бүх зүйлийг нэг дор шийдсэн, цогц үйлчилгээтэй энтертайнмент төв манайд үнэхээр дутагдаж байсныг илтгэсэн хэрэг болов.  Хоёр, гурван кино театр манайд байгаа, байгаа. Гэхдээ кино үзэж, автомат тоглоом тоглох, караокед дуулахаас хэтрэхгүй. Янз бүрийн насны хүүхдээ дагуулаад очиход тоглочих, саатуулчих ч газар байдаггүй. Ердөө л кино үзүүлээд гаргах л зориулалттай. 

Гэтэл “Хүннү молл” төвд дэлгүүр, үйлчилгээний газар, зоогийн газар, хүүхдийн тоглоомын төв, мөсөн гулгуурын талбай гээд бүхий л зүйл байна. Үндсэндээ кино үзэх гээд очсон хүн юу л хиймээр байна, тэр бүгдийг нэг дор шийдчихсэн гэсэн үг. Залуучууд очоод киногоо үзэж болж байна. 

Бага насны хүүхэдтэй ээжүүд очоод тоглоомын газар нь тоглуулангаа цай, кофе уугаад сууж болно. Охид, бүсгүйчүүд очоод кино эхлэх цагийг хүлээх зуур дэлгүүр хэсэх болж байна. Залуучууд бол автомат тоглоомын газар нь орж тоглож, мөсөн гулгуурын талбайд гулгаж болж байгаа юм. 

Дээрээс нь хагас мэргэжлийн уралдааны машинаар уралдсан ч болно. Үнэ өртгийн хувьд тийм ч айхтар биш юм билээ. Хүмүүс боломж боломжийнхоо хэрээр үйлчлүүлээд л явчихна шүү дээ.  Ийм л цогц үйлчилгээтэй энтертайнмент төв үүд хаалгаа нээж, нийслэлчүүд тийшээ хошуурч байна. 

Тэгэхээр бид сайхан орчин, үйлчилгээ, цогц энтертайнмент төвийг ямар ихээр үгүйлж, хүсч байсан нь тодорхой биш үү. Бүр “Хүннү молл”-д очоогүй бол хүн биш гэж ярьж байна гэнэ, цаана чинь. Улаанбаатар хотод, тэр дундаа яармагийн орчимд нэг сайхан үзвэр үйлчилгээний төвтэй болчихлоо. Одоо нисэх орчимд бас нэг байгуулъя. Тэнд ямар төв төвлөрөл бий болж байгаа билээ. 

Ер нь том компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад, энэ мэт үйлчилгээний төвүүдийг нээмээр байгаа юм.Тэр дундаа хотын зах руу, эсвэл хөдөө орон нутагт ч юм уу. Сүүлийн жилүүдэд кино уран бүтээлчид идэвхжиж, кино урлаг хөгжиж байна. Бараг өдөр болгон нэг кино нээлтээ хийж байгаа. Гэтэл кино театрын хүрэлцээ муу учраас цөөхөн хоног гараад буудаг, олон үзэгчдэд хүрч чаддаггүй хүндрэл бий.  

Хэрвээ олон кино театраар зэрэг гараад явбал үзэгчдэд хүрэх, ашиг орлого олох гээд аль ч талаас нь харсан давуу талтай шүү дээ. Түүнээс гадна энэ мэт энтертайнмент төвүүд нээлтээ хийгээд байвал ажлын байр ч нэмэгдэнэ. Аль аль талаа бодсон ч, зах зээлээ бодсон ч гэсэн том компаниуд энэ мэт төвүүдийг нээвэл аятай юу. Энэ өнцгөөс нь харвал “Хурд” группыг, “Хүннү молл” бүтээн байгуулалтыг магтахаас өөр яах билээ.

Зураг