Нийслэл хотод тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 234 сүм, хийд байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагын тооллого явуулж, бүртгэлжүүлэх, сүм хийдийн байршлыг тогтоож, орон зайн мэдээлэл бүхий цахим сан үүсгэх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд нийслэлийн Статистикийн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагын талаар танилцууллаа.
Нийслэлийн сүм хийдийн талаар дэлгэрэнгүй түвшинд судалж, бүртгэлжүүлж, байршлыг тогтоож, мэдээллийг газрын зурагт оруулж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, сүм хийдтэй харилцах харилцаа, бодлого боловсруулахад шаардагдах тоон мэдээллийг бий болгосон байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 10 орчим шашны төрөл, урсгал чиглэлийг төлөөлсөн, үйл ажиллагаа эрхлэн явуулах зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй нийтдээ 372 сүм, хийд, шашны байгууллага байгааг тоолж, бүртгэв. Үүнээс албан ёсны зөвшөөрөлтэй 283, зөвшөөрөлгүй 89, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 234 сүм, хийд байгаа юм. Сүм хийдийн ихэнх хэсэг буюу 61.3 хувь нь христийн шашны сүм, цуглаанууд байдаг байна.
Харин 28.5 хувийг буддын шашны сүм, хийд эзэлж байгаа бөгөөд Бөө мөргөлийн зан үйлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 22 байгууллага бүртгэгджээ. Мөн Католик шашны долоо байгууллага нийслэлийн Багануур, Налайх, Чингэлтэй дүүргээс бусад дүүрэгт ажиллаж байгаагийн сацуу “бусад” буюу бахай шүтлэг, мүүн, шинто, хиндү шашныг төлөөлсөн таван байгууллага байна.
Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм, хийдийн
- 41.3 хувь нь Баянзүрх,
- 21.5 хувь нь Сүхбаатар,
- 17.3 хувь нь Баянгол,
- 14.0 хувь нь Чингэлтэй дүүрэгт байгаа юм.
Тоологдсон гурван сүм тутмын хоёр нь нийслэлийн гэр хороололд төвлөрч байна. Ялангуяа Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт сүм хийдийн 80 шахам хувийг гэр хороололд байршилтай сүм хийд эзэлж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
