Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын валютын дайн эхэллээ

Д.Мөнхчимэг
2015 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

- Монголбанк зэвсгээ буулгаж, цагаан тугаа мандуулах уу- 

Валютын дайн үргэлжилж, улс орнуудын Төвбанк толгой дараалан бодлогын хүүгээ бууруулж байна.

Зөвхөн өнгөрсөн долоо хоногийг авч үзэхэд л Лхагва гарагт Тайланд, Пүрэв гарагт БНСУ, Баасан гарагт Оросын Төвбанк бодлогын хүүгээ бууруулснаа мэдэгдэв.

Он гарсаар багаар бодоход 23 орны Төвбанк ийм шийдвэрт хүрээд байгаа юм. Энэ онд эдийн засгийн өсөлт маруухан байх “зурхай” буусан тул тэд ийнхүү зах зээлдээ илүү их мөнгө нийлүүлж, бизнес эрхлэгчдээ дэмжиж буй хэрэг. Үүний зэрэгцээ, Европын Төвбанк, Японы Төвбанк зогсоо зайгүй мөнгө хэвлэж, Засгийн газрын бонд худалдан авч байна. “Quantitative Easing” гэх энэхүү мөнгөний уламжлалт бус бодлогыг өмнө нь АНУ хэрэгжүүлсний ачаар өнөөдөр эргээд дэлхийн эдийн засгийн “зүтгүүр” болсон билээ. Ингэхэд, мөнгөний хэт зөөлөн бодлого аливаа улс орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг унагадаг. Энэ нь ямар ашигтай гэж?

Японоор жишээ авъя л даа. Тус улсын Төвбанк мөнгөний хэт зөөлөн бодлого хэрэгжүүлснээр иенийн ханш ам.долларын эсрэг сүүлийн хоёр жилд 24 хувиар суларчээ. Ингэснээр тус улсын экспортын орлого тэр хэрээр сайжирч байна. Тухайлбал, “Toyota” компани АНУ-д нэг автомашинаа 30 мянган ам.доллараар зарлаа гэхэд хоёр жилийн өмнө  2.8 сая иен олж байсан бол одоо 3.6 сая иен олж байгаа юм. Үүний зэрэгцээ, мөнгөний зөөлөн бодлогын ачаар аж ахуйн нэгжүүд хүү багатай зээл авч, үйл ажиллагаагаа өргөтгөх боломжтой байдаг. Хямд мөнгөөр зэвсэглэсэн япон компаниуд илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэж, илүү их борлуулалт хийж, илүү их ашиг олж байна гэсэн үг. Тиймээс ч ганц “Toyota”-гийн орлого АНУ-ын автомашины гурван том компани болох “GM”, “Ford”, “Fiat Chrysler”-ийн орлогыг нийлүүлснээс ч давж байгаа юм. 

Энэ бүхнээс үзэхэд, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сул байх нь улс орнуудын экспортлогчдын өрсөлдөх чадварыг сайжруулж, улмаар экспортын орлогыг өсгөдөг байх нь. Тийм ч учраас өнөөдөр ихэнх хөгжингүй орон мөнгөний хэт зөөлөн бодлого хэрэгжүүлж байгаа бол хөгжиж буй улсууд мөнгөний бодлогоо зөөллөх аянд нэгдэх болжээ. Энэтхэг, Индонез, Сингапур, БНСУ гээд энэ жагсаалт цааш хөвөрсөөр байх төлөвтэй. Хятадын Ардын банк гурван сарын хугацаанд хоёр ч удаа бодлогын хүүгээ бууруулахын зэрэгцээ банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг багасгасан. Тэгвэл рублийн ханшийн үнэгүйдэл, инфляцийн огцом өсөлттэй нүүрлэсэн Оросын Төвбанк хүртэл он гарсаар хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ танаад байна. Харин Монголбанк эсрэгээрээ, бодлогын хүүгээ хоёр ч удаа нэмж орхисон. Дэлхий даяар мөнгөний бодлогоо зөөллөж байхад Монголын Төвбанк ийнхүү урсгал сөрж явснаар ямар үр дүнд хүрэх вэ?

Монголд нүүрлэсэн мөнгөний хомсдол

ДНБ хоёр оронтой тоогоор өсөж байх үед Монголбанк мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж байсан нь Дэлхийн банкны мэргэжилтнүүдээс эхлээд цөөнгүй эдийн засагчийн шүүмжлэлийн бай болсон. Тухайлбал, 2012 оны сүүлчээс Төвбанк Засгийн газартай хамтран Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, бодлогын хүүг бууруулсныг судлаач Х.Батсуурь буруутгаад, үүний үр дүнд сүүлийн хоёр жилд мөнгөний нийлүүлэлт (М2) 45 орчим хувиар нэмэгдэж, эдийн засаг хөөсрөхөд хүрснийг онцолсон. 

2012 оноос дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ хямдарч, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч эхэлснээр ДНБ-ий өсөлт саарах хандлагатай болсон. Тийм ч учраас мөнгөний бодлогыг зөөллөх замаар эдийн засгийг дэмжсэн тухай Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар тайлбарласан юм. Гэхдээ тухайн үед Чингис бонд, Самурай бонд гээд эдийн засагт нийлүүлэх мөнгөний эх үүсвэр хангалттай байсан. Тийм байтал Монголбанкнаас ч дэмжлэг үзүүлсэн учраас ДНБ-ий өсөлт 2013 онд хоёр оронтой тоогоо хадгалж үлджээ. Харин өнөөдөр шал өөр нөхцөл байдал бий боллоо.

2011 онд 17.3 хувьд хүрч байсан ДНБ-ий өсөлт өнгөрсөн жил 7.8 хувь болтлоо саарав. Гэтэл Засгийн газрын өр нэгэнт “таазандаа тулсан” учраас энэ удаад гадаад зах зээлээс мөнгө босгож, эдийн засгаа аврах боломжгүй. Тиймээс ч Ч.Сайханбилэг засгийн эрх авангуутаа төсвийн тодотгол хийж, “бүсээ чангалах” болсон. Ийнхүү сангийн бодлого чангарсантай зэрэгцээд Монголбанк ч мөнгөний бодлогоо чангалав. Тодруулбал, Төвбанк бодлогын хүүгээ сүүлийн хагас жилийн хугацаанд хоёр ч удаа нэмж, 13 хувьд хүргэчихээд байна. Үүний үр дүнд арилжааны банкуудын зээлийн хүү өсөж, нөхцөл, шаардлага нь улам хатуу болсныг Та анзаарав уу?

Зээлийн өсөлтийн хурдац энэ оны эхний сард 9.7 хувь болтлоо саарсан нь банкууд шинээр зээл гаргахдаа хойрго болсныг харуулж байна. Өнгөрсөн оны мөн үед 54.3 хувьд хүрч байсан уг үзүүлэлт Монголбанкны хатуу бодлогоос болж сүүлийн 11 сар дараалан буурсан юм. Дээрээс нь, арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 20 хувьд хүрсэн нь сүүлийн таван жилийн дээд үзүүлэлт болжээ. Мөн эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт (М2) энэ оны эхний сард ердөө 2.9 хувийн өсөлттэй гарсан байна. Үүнээс инфляцыг хасаж тооцвол эдийн засаг дахь мөнгөний хэмжээ нэмэгдсэн биш, хасагдсан болж таарах вий. Дашрамд, ДНБ 1.3 хувиар унасан 2009 онд л мөнгөний нийлүүлэлт хумигдаж байсан бөгөөд түүнээс хойш бараг байнга л хоёр оронтой тоогоор өсөж ирсэн юм. Ийнхүү зах зээл дэх төгрөгийн нийлүүлэлт хумигдаж байгаагийн зэрэгцээ гадаад валютын орох урсгал ч саарсныг сануулахад илүүдэхгүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт гурван жил дараалан буурч, 4.6 тэрбум ам.доллараас 0.6 тэрбум ам.доллар болоод байгаа. 2009 онд л энэ үзүүлэлт ийм бага байсныг Монголбанкны ерөнхий эдийн засагч С.Болд ярьжээ. Өөрөөр хэлбэл, гадаад валютыг ч, төгрөгийг ч олж авахад бэрх байна. Монголчууд мөнгөний хомсдолтой нүүр тулжээ. 

Эцэст нь

Засгийн газар “бүсээ чангалсан”, гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдсан, “Чингис бонд”-ын хөрөнгийн ихэнхийг үрээд дууссан. Ийм л үед мөнгөний бодлогоо зөөллөж, эдийн засагт дэмжлэг үзүүлэх ёстой Монголбанк ч нүүр буруулчихаад байна. Эдүгээ мөнгөний нийлүүлэлт хумигдаж, зээл хүртээмжгүй болсноор эдийн засгийн өсөлт улам саарах нь гарцаагүй болов.

Учир нь, бизнес эрхлэгчдэд мөнгө, зээл олдохоо байлаа. Арилжааны банкууд иргэдэд л орон сууцны зээл олгож байгаа болохоос биш аж ахуйн нэгжүүдэд мөнгө гаргаж өгөхдөө дурамжхан байна. Тэгэхээр, мөнгөгүй болсон бизнес эрхлэгчид яах вэ? Үйл ажиллагаагаа хумина, ажилчдаа цомхтгоно, цаашилбал үүд хаалгаа барихад хүрнэ. Тэр хэрээр ажилгүйдэл, ядуурал гаарна. Өнгөрсөн оны гуравдугаар улиралд 6.4 хувь байсан ажилгүйдлийн түвшин дөрөвдүгээр улиралд 7.7 хувь болж өссөн байна шүү дээ. Энэ тоо цаашдаа хэд хүрээд зогсох нь мөнгөний бодлогоос хамаарахаар байна. 

Дэлхий даяар мөнгөний бодлогоо зөөллөж буй энэ өдрүүдэд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж буйг сануулъя. Энэ аянд Монгол Улс нэгдэх үү, байх уу? Улс орнууд бодлогын хүүгээ бууруулж, бизнес эрхлэгчдээ хямд мөнгөөр зэвсэглэн нэгэнт эхэлсэн валютын дайнаас хождоггүй юм аа гэхэд хохиролгүй үлдэхийг хичээж байна. Харин Монголбанк яах вэ?

 

НИЙТЛЭЛЧ 

Даваашаравын Мөнхчимэг