Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол цэргийн баярт зориулсан барилдаанд Ц.Содномдорж харцага түрүүллээ

Б.Дөлгөөн
2015 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Улсын харцага - Ц.Содномдорж

Монгол Улсад шинэ цагийн зэвсэгт хүчин үүсч бий болсны 94 жилийн ой, Монгол цэргийн баярт зориулсан хүчит 224 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнөө болж өндөрлөлөө.

Өнөөдрийн барилдаанд  Улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Т.Санчир, Улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Г.Алтангэрэл, Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва тэргүүтэй шилдэг бөхчүүд зодоглосон өндөр чансаатай барилдаан боллоо.

Дундговь аймгийн харъяат бөх Аймгийн арслан Э.Даш өнөөдрийн барилдаанд урамтай сайхан барилдаан үзүүллээ. Тэрбээр гурвын даваанд Улсын начин Т.Баасанхүүг, дөрвийн даваанд Улсын арслан Н.Батсуурийг тавын даваанд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг, зургаагийн даваанд Улсын арслан П.Бүтэнтөгсийг тус тус өвдөг шороодуулж шөвгийн дөрөвт үлдсэн амжилт үзүүллээ.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн харъяат бөх Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар Улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр (Сар шинийн барилдааны түрүү үзүүр бөхчүүд) зэрэг шилдэг бөхчүүдийг өвдөг шороодуулан шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн боловч Улсын арслан Д.Ганхуягт эмчийн магадлагаар тахимаа өгч өнөөдрийн барилдааныг дуусгалаа.

Барилдааны үзүүр түрүүнд Улсын арслан Д.Ганхуяг, Улсын харцага Ц.Содномдорж нар үлдэж Улсын харцага Ц.Содномдорж найм даван түрүүллээ.

Хоёр бөхийн барилдаан үндсэн цагт шийдэгдэлгүй Д.Ганхуяг арслангийн талаар барьц сонгосон боловч Ц.Содномдорж харцага хариу мэхээ даацтай хийснээр өнөөдрийн барилдааны шилдгээр тодорлоо.