Хүннү гүрний үед алт өнөөдрийнх шиг үнэ цэнэтэй байсан ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. Ямар ч байсан бидний үед алт, мөнгө, чулуу, төмөр, ширэм, зэс, яс, модон эдлэлээс гадна шилэн чимэглэл, хүрэл толь зэрэг эд зүйлс олдсон байдаг.
Мань эр Ноён уулын ар өврөөр алт хайн тэнэж явахдаа Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эх нь олон том хонхор, гүдгэртэйг анзаарчээ. Тэгээд хэрэгт дурлан Журамтын амны эхний том нүхийг ухаад үзтэл эртний булш байсан нь илэрсэн хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээжээ.
Үүнээс үзвэл бидний маргалдан мэтгэлцэж, өлсгөлөн тэмцэл зарлаад байгаа Ноён уулын нэг хэсэг болох дээрх амуудад Богд хаант улсын үеэс л Оросын эрэлчид алт эрж хайж, олборлож байсан байж магадгүйг үүнээс анзаарч болно.
Үүнээс хойш бараг 100 жилийн дараа бидний өмнө нь сонирхдоггүй, тоодог ч үгүй байсан Хүннүгийн булш Монголчуудыг дарга цэрэггүй хоёр талцуулж, 2200 гаруй жилийн өмнөх өвөг дээдсийнхээ булшийг хамгаалахад хүргэв.
Булш уу, алт уу гэсэн хоёр сонголтыг шууд тулгасан энэ маргааныг эрх баригчид эцэслэнэ. Гэхдээ өрнөж буй явдлаас ажиглахад булшийг хамгаалагч болон алтыг нь ашиглах гэсэн хоёр талын цаана үнэхээр эх орны эрх ашигтай аль нь нийцэх вэ гэдэгт олон нийт өнөөдрийг хүртэл бодит баримт, мэдээлэлгүй эргэлзсээр буй.
УИХ-ын дарга З.Энхболд энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гацууртын олборлолт хийх гээд байгаа тэр газарт түүхийн ямар ч олдвор байхгүй. Ноён уулын алтыг ухуулахгүй, Хүннүгийн булшийг хөндөнө гэж ярьж байгаа хүмүүс үнэн хэрэгтээ хууль ёсны лицензтэй компанийг хөөж явуулах хүсэлтэй.
Явмагц нь орж алтыг нь, булшийг нь ухах зорилготой” хэмээсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн энэ талбайд Хүннүгийн булш байх ямар ч боломжгүй гэнэ. Учир нь маргаан дагуулаад буй Гацууртын орд бол цоо шинэ биш.
АМГ-ын мэдээллээс харахад Гацууртын орд нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд, нутгийнхны нэрлэдэг Ноён уулын урд талд байрладаг юм байна. Харин одоогийн байгаа Хүннүгийн булш нь Сэлэнгэ аймгийн Мандал болон Төв аймгийн Борнуур сумын заагт оршдогийг дээрх зурагнаас харж болно.
Гацууртын ордоос Хүннүгийн булш хүртэлх зайг 1.7 км, 3.5 км, 7.5 км гэж янз бүрээр мэдээлж буй. Баримтаас харахад уурхайгаас булш хүртэл 7.5 км бол харин лицензэд талбайн захаас булш хүртэл 5.8 км гээд аль цэгээс хэмжсэнээс шалтгаалан янз бүр байгаа аж.
Харин Мандал сумынхны тахидаг гэх Ноён уул нь уурхайн хойд талд буюу 4.6 км занд оршдог. Тиймээс Мандал сумынхны хувьд Гацууртын ордыг ашиглах эсэх талаар хаа холын. өөрсдөд ч нь хамаагүй шахам. Улаанбаатарынхантай адилхан улстөржиж эсэргүүцэхгүй байгаа аж.
Харин ч нийслэлчүүд хоёр эсрэг зүгт оршдог Ноён уул, Хүннүгийн булшийг хольж хутгаад, өлсгөлөн тэмцэл зарласныг ойлгохгүй байгаагаа телевизээр ярьж байсан билээ.
Гацууртын ордоос Хүннүгийн булш хүртэлх зайг 1.7 км, 3.5 км, 7.5 км гэж янз бүрээр мэдээлж буй.
Хэдэн жилийн өмнө “Пураам" гэх алтны компанитай холбоотой дуулиан дэгдэж байсныг уншигчид санаж байгаа байх.
Энэ орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт өнөөх Хүннүгийн булшнаас бас хол гүн байрладаг аж. Тэр үед Хүннүгийн булшийг сүйтгэх нь, хөндөх нь гэдэг асуудал огт яригдаагүй, харин байгаль орчныг бохирдууллаа гэсэн маргаан гарч байсан санагдана.
Гэтэл одоо Гацууртын ордыг ийнхүү эсэргүүцэж буйн цаана Хүннүгийн булш биш, харин УИХ-ын даргын хэлсэнчлэн "Сентерра гоулд”-ын лицензийг цуцлуулаад бэлэн баялаг дээр нь нинжа нарыг дураар дургиулах гэсэн зорилго нуугдаж байгаа юм биш биз гэсэн хардлага төрөхөөс аргагүй юм.
Хүннүгийн булш, Ноён уулын энэ хавьд ганцхан “Сентерра гоулд” лиценз эзэмшдэг. Тийм учраас ингэж эсэргүүцэж байна гэсэн ойлголт ард түмний олонход нь бий. Гэтэл АТГ-ын мэдээллээс үзэхэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын орчим болон Төв аймгийн Борнуур сумын Хүннүгийн булшны ойролцоо нийтдээ 10 орчим компанийн алтны 20 гаруй (ашиглалтын) тусгай зөвшөөрөл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр, бүртгэлтэй байна.
Харин эдгээрээс ганцхан “Сентерра гоулд”-ыг нэрийг цохон эсэргүүцэхийн цаана хэн нэгний ашиг сонирхол бий гэсэн хардлага ч байгаа билээ. Тиймээс Ноён уул, Хүннүгийн булштай ойролцоо бүртгэлтэй лицензүүдийг онцолж хүснэгтээр үзүүлэв. Канадын энэ компани Монголд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Сайнаар ч, саар хэлэгдэж ирсэн.
Бороогийн алтыг хуу хамсан гэгддэг ч дэлхийн стандартад нийцсэн нөхөн сэргээлт хийсэн, нэгдүгээр амаржих газарт хөрөнгө оруулсан гээд хөрөнгө оруулагч бусад компанийн хийгээгүйг өөрсдийн санаачилгаар хийж өгснийг нь бид үнэлэх л ёстой болов уу.
Хүннүгийн булш, Ноён уулын энэ хавьд ганцхан “Сентерра гоулд” лиценз эзэмшдэг.
Сэлэнгэ аймгийн Ноён уул болон Төв аймгийн нутаг дахь Хүннүгийн булш орчимд алтны том судалтай аж.
Тиймээс энэ газар нутагт эзэмшиж буй компаниудын лицензийг "Урт нэртэй” хуулийн хүрээнд нөхөн төлбөрийг нь олгож хураан авсан ч алтыг нь ухуулахгүй гэх баталгааг хэн ч өгч чадахгүй. Үүнийг ч УИХ-ын даргаас эхлээд хүлээн зөвшөөрөөд байна. Хууль ёсны лицензтэй компаниуд нь одоо байгаа учраас нинжа нараас хамгаалж буй.
Тэр үед Хөвсгөлийн Улаан тайгын алтыг нинжа нар хэдхэн сарын дотор өвөл зунгүй цөлмөсөн шиг явдал Ноён уулын ойролцоо давтагдахыг таашгүй. Тиймээс УИХ Гацууртын ордыг ашиглахыг дэмжихээс аргагүй бөгөөд нинжа нартай "ярьснаас" " Сентера гоулд"-тай ярих нь яаж бодсон хамгийн зөв хувилбар юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!