Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулах зургаа дахь удаагийн “Эрдэнийн говь” ёслолын ажиллагааг энэ пүрэв гаригт Дуурь бүжгийн эрдмийн театрт ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус арга хэмжээнд төр, засгийн албаны хүмүүс, Өмнөговь аймаг болон орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөгчид болон ханган нийлүүлэгчид оролцов.
Энэхүү арга хэмжээ нь зөвхөн шилдэг найман ханган нийлүүлэгчийг тодруулаад зогсохгүй Монголын бизнес, аж үйлдвэрийн салбар тухайлбал, уул уурхайгаас тээвэр зууч, хүнсний үйлдвэрлэлээс иргэний нисэх хүртэл бүхий л бизнесийн салбарын ололт, амжилтыг тэмдэглэсэн үйл явдал боллоо.
“Оюу толгой” компани өнгөрсөн онд 800 гаруй үндэсний ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний цаана 35,000 гаруй ажиллагсад, тэдгээрийн ар гэр байж, бидний хамтын амжилтын түшиг тулгуур болж байна.
2014 онд “Оюу толгой” компани 457 сая ам.долларын дотоодын худалдан авалт хийсэн.
2014 онд “Оюу толгой” компани 457 сая ам.долларын дотоодын худалдан авалт хийсэн нь үйл ажиллагааны нийт зардлын 77 хувь болж байгаагийн зэрэгцээ 301 сая ам.доллар буюу 51 хувийг үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулаад байна.
Мөн Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтын дүн 2010 онтой харьцуулахад 28 дахин өссөн бөгөөд 2014 оны эцсийн дүнгээр 42 сая ам.долларт хүрчээ.
Шилдэг ханган нийлүүлэгчдийнхээ амжилтыг ийнхүү тэмдэглэж буй нь манай компанийн алсын хараа болох эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх их үйлсийг ажил хэрэг болгон хамтдаа хөгжиж буйн нэг илрэл юм.
Манайд ханган нийлүүлэлт хийж буй дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа дэлхийн жишигт хүрч, уул уурхайн салбарын үйл ажиллагаа, боловсон хүчин нь олон улсын түвшинд өрсөлдөхүйц болж буй зургаа дахь жилийг бид хамтдаа тэмдэглэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!