Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр бүтээсэн Монголын эх түүхийн 6 боть номыг их дээд сургууль, коллеж, нийслэлийн номын сангуудад түгээх ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.
Ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд хэлэхдээ “Хүрэлцэн ирсэн та бүхний түмэн амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш Монголынхоо түүх, соёл, уламжлалын талаар ихээхэн санаачилга гаргаж ажиллаж ирлээ.
Өнгөрсөн оны сүүлээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилж Монголын эх түүхийн 6 боть бүтээлийг үндэсний монгол бичгээс кирил үсэг рүү буулгаж иж бүрнээр нь хэвлүүлсэн. Энэ оны нэг, хоёрдугаар сард уг бүтээлийг орон нутгийн төр, захиргааны байгууллага, номын сангуудад түгээж гардуулав.
Өнөөдөр энэхүү 6 боть бүтээлийг их, дээд сургууль, коллеж, сургалтын байгууллагууд, нийслэлийн номын сангуудад түгээн өгөх ёслолын арга хэмжээ болж байна” гэлээ.
Үүний дараа уг 6 боть цуврал номыг бүтээсэн доктор О.Батсайхан, доктор З.Лонжид нар бүтээлийнхээ талаар товч танилцуулга хийлээ.
Нийслэлийн дээд боловсролын байгууллага, коллеж, номын сан зэрэг нийт 80 байгууллагын төлөөлөл Монголын эх түүхийн 6 боть номыг гардан авлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!