Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалт /АБХАЧУ/-ыг 2015 оны эхний улиралд даргалж байгаа Монгол Улс тус байгууллагын Мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх төвтэй хамтран ЕАБХАБ-ын Цэрэг - улс төрийн мөрдлөгийн дүрэм /OSCE Code of Conduct/-ийн асуудлаарх бүс нутгийн бага хурлыг энэ сарын 10-наас 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Бага хурлаар ардчилсан нийгэм дэх зэвсэгт хүчний болон аюулгүй байдлын хүчний гүйцэтгэх үүрэг, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, аюулгүй байдлын салбарын шинэчлэл, зэвсэгт хүчний албан хаагчдын эрхийн асуудал, аюулгүй байдал, зэвсэгт хүчинд тавих ардчилсан хяналт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогч улсууд үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар санал солилцож, танилцуулга, мэдээлэл хийх аж.
Бага хуралд 16 улсын Гадаад хэрэг, Батлан хамгаалах яамд, Зэвсэгт хүчин, хууль тогтоох болон эрдэм шинжилгээний байгууллагын ахлах албан тушаалтнууд оролцож байна. Монгол Улсын Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам бага хурлыг Бүгд Найрамдах Австри Улс, Лихтенштейн, ХБНГУ, Бүгд Найрамдах Чех Улс, Швейцарын Холбооны Улстай хамтран зохион байгуулж байна.
Эх сурвалж: ГХЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!