2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
11:00
S32
18°
12:00
S32
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Жигжидсүрэн: “Аймшигтай нүүдэл” кинонд миний гурван үеийн шавь нар тоглосон

Г.Номин, iKon.mn
2015 оны 3 сарын 10
iKon.MN

“Анхны алхам”, “Суварган цэнхэр уулс”, “Хүний амь” гээд 26 кино найруулж, Монголын кино урлагт өөрийн гэсэн тод мөрөө үлдээсэн уран бүтээлч бол Монгол Улсын Ардын Жүжигчин Гомбын Жигжидсүрэн билээ.

Тэрбээр хамгийн сүүлд 1976 онд буюу 39 жилийн тэртээ олны хүртээл болгож  байсан “Хүний амь” киноныхоо үргэлжлэл “Аймшигтай нүүдэл” киног хийгээд байна.

“Аймшигтай нүүдэл” киноны талаар болон сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар найруулагч Г.Жигжидсүрэн болон түүний эхнэр “Аймшигтай нүүдэл” киноны гүйцэтгэх продюсер Д.Цэцэг нартай ярилцлаа.


-39 жилийн өмнө дэлгэцэд гарч байсан “Хүний амь” киноныхоо үргэлжлэлийг хийх санаа хэзээ төрөв, өмнө нь танд “Анхны алхам”, “Суварган цэнхэр уулс” кинонуудын дараагийн ангийг хийх санал ирж байсан ч татгалзсан гэж сонссон.

Г.Жигжидсүрэн: Тийм ээ. “Анхны алхам”, “Суварган цэнхэр уулс” кинонуудын дараагийн ангийг хийгээч гэх санал олон ирж байсан. Бүр зохиолыг нь бичээд явуулж байсан л даа.

Би амжилттай болсон уран бүтээлүүддээ дараагийн ангийг нь хийх нэг их дуртай биш. Үргэлж өмнөхөөсөө муу болдог гэж боддог.

Гэхдээ “Аймшигтай нүүдэл” киног бол нийгмийн нөхцөл байдлаас үүдээд зайлшгүй шаардлагаар л хийлээ.

“Хүний амь” киноны үргэлжлэлийг хийх бодол төрөөд удаж байна л даа.  Зохиолоо биччихээд цагдаагийн байгууллагатай ч яриад тохиролцчихсон байтал нэг өдөр л хамаг дарга нар нь солигдоод киногоо хийх аргагүй болсон. 

Тэгээд зохиолоо орхичхоод байтал “Аймшигтай нүүдэл” киноны продюсер надтай холбогдож мэргэжлийн хяналтын байгууллага, ажилтан албан хаагчдын зовлон, жаргалыг харуулсан кино хийх санал тавьсан юм. Тэгээд зохиолын дүрүүдийн албан тушаал, эрхэлдэг бизнес зэрэгт бага сага өөрчлөлтүүд оруулаад киногоо хийлээ.

-“Хүний амь” кинонд тоглосон гол дүрийн жүжигчид тоглож байгаа гэдгээрээ олны анхаарлыг их татаж байгаа байх. Дүрийн сонголтын тухайд?

Г.Жигжидсүрэн: “Аймшигтай нүүдэл” кинонд л гэхэд миний гурван үеийн шавь нар тоглоод байна.

П.Цэрэндагва, Ц.Төмөрбаатар нарын хувьд миний ууган шавь, Ч.Болд, Х.Бат-Ундрал нар бол дунд үеийнх, харин киноны залуу дүрүүдийг миний одоогийн багшилж байгаа КУДС-ийн гуравдугаар дамжааны миний ангийн хүүхдүүд бүтээлээ. Сэтгүүлч, СГЗ Ш.Гүрбазарын хувьд үнэхээр авьяастай хүүхэд МУБИС-д сурч байх үедээ “Хүний амь”-д тоглосон. 

Хагас үгнээс ойлголцдог болсон хүүхдүүдтэйгээ ажиллах нь амар байдаг байх.

Би ер нь жүжигчдээ харж байгаад зохиолоо бичдэг. Ийм дүрийг тэр л нэг гаргачих болов уу гэж бодоод бичдэг учраас дүр сонгох тал дээр нэг их асуудал гардаггүй. 

Миний бие 1970 оноос хойш СУИС, КУДС гээд сургуулиудад багшилж байгаа. Тийм учраас энэ хүүхдээс ийм жүжиглэлт гарна гэдгийг мэддэг.

Д.Цэцэг: Хүмүүс Жийгээг дандаа нэг багтайгаа ажилладаг уйддаггүй юм байхдаа гэж ярьдаг л даа.

Жүжигчдээс гадна зураглаач, нүүр хувиргагч гээд л нэг хамтран ажилласан хүнтэйгээ удаан, олон кинон дээр хамтарч ажилладаг. Өөрөө жүжигчний уран чадварын хичээл заадаг хүний хувьд удаан хамт ажилласан, хагас үгнээс ойлголцдог болсон хүүхдүүдтэйгээ ажиллах нь амар байдаг байх.

"Аймшигтай нүүдэл" киноны зураг авалтын үеэр 

-Киноны үйл явдлаас цухас танилцуулбал гол дүрийн жүжигчид ямар дүрийг бүтээсэн бол гэх хүлээлт хүмүүст байгаа байх.

Г.Жигжидсүрэн: Эрдэнэ бол гэнэн томоогүй хүний үгнээс гардаггүй зангаасаа болж  хэрэгт холбогдсон. Тиймээс тухайн үйл явдлаас их сургамж авч хуульч мэргэжилтэй болоод Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дарга болсон байдаг.

Харин Саруул эрх танхи, дураараа, амар хялбар замаар ажил хийх сонирхолтой хүн байсан учир наймаачин буюу гаднаас хүнсний бүтээгдэхүүн импортлогч болсон.

Лхүндэвийн хувьд давтан хэрэг үйлдсэн, олон жил шоронгоор явсан хүн. Ийм хүмүүс сайн тал руугаа өөрчлөгдөх нь тун ховор байдаг. Тиймээс Лхүндэвийг салбар салбарт олон хууль бус бизнес эрхэлдэг олигарх болгосон.

Ер нь бол “Аймшигтай нүүдэл” киногоор дамжуулаад одоогийн нийгэмд тулгамдаад буй асуудал болох хүнсний аюулгүй байдал, барилгын осол аваар, уул уурхайн хор уршгийг харуулсан.

-Кино “Юнивишн”-ийн кино санд тавигдсан гэсэн. Кино театруудаар яагаад нээлтээ хийгээгүй юм бэ?

Г.Жигжидсүрэн: “Аймшигтай нүүдэл” кино маань тус бүр 45 минут үргэлжлэх зургаан ангитай.  Олон ангитай болохоор кино театрт нээлтээ хийх боломжгүй байлаа. 

Сонирхуулж хэлэхэд анги бүр  нэг гол дүрийн нэрээр нэрлэгдсэн. 

-Та бүхний дараагийн уран бүтээл ямар уран бүтээл байх вэ?

Д.Цэцэг: Бид хоёр “Монгол киноны нэвтэрхий толь” номын хоёрдугаар ботийг хийж байна. Мөн Жийгээ Монголд кино урлаг үүсч хөгжсөний 80 жилд зориулсан нэг ном бичиж байгаа.

Үүнийгээ дуусаад нэг сэтгэхүйн драм хийх санаа байгаа.

-“Монгол киноны нэвтэрхий толь” номын хувьд маш их мэдээлэл агуулсан толь байдаг. Судалгаа их хийж байгаа байх?

Д.Цэцэг: Тийм ээ. Их нүсэр ажил. Нэгдүгээр ботийг Монголд кино үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулж хийсэн бөгөөд 2005 хүртэлх 280 орчим киноны танилцуулга, мэдээлэл багтсан.

Хоёрдугаар ботид мөн 300 орчим кино багтаж байна. Хоёрдугаар ботийн мэдээлэл цуглуулахад илүү хүндрэлтэй байна. Учир манай залуучууд их хариуцлагагүй болж. Киноныхоо талаар мэдээлэл явуулаач гэхээр наад зах нь жүжигчид найруулагчийнхаа овгийг л мэдэхгүй байна шүү дээ. Тэгээд тал бүрээс тэр бүхнийг цуглуулахад их цаг алдаж байна.

-2005 оноос хойш 300 гаруй кино хийгдсэн гэлээ. Тийм олон байгаа хэрэг үү?

Д.Цэцэг: Харин тийм ээ. 300 гаруй байгаа хэдий ч мэдээлэл нь байхгүй. Олонд хүрээгүй учир номдоо 270 гаруй киноны танилцуулгыг багтаахаар төлөвлөөд явж байна.

- Та хоёр сүүлийн үед уран сайхны биш баримтат кино түлхүү хийх шиг боллоо?

Г.Жигжидсүрэн: Зах зээл гарж, кино үйлдвэр дампуурч ажилгүй болоод янз бүрийн юм хийх гэж оролдож байлаа. Тухайн үед Үндэсний телевизээс одоогийн Ерөнхий сайдын зөвлөх сэтгүүлч Ц.Мөнхтөр холбогдож телевизэд ажиллах санал тавьсан. 

Ингээд телевизийн салбарт ажиллаж хэд хэдэн баримтат кино хийсэн.

-Д.Цэцэгээ гуайн хувьд бас телевизийн хүн үү. Телевизээс тэтгэвэртээ гарлаа гэж байсан.

Д.Цэцэг: Үгүй ээ. Эгч нь инженер хүн. Зах зээл гараад л бас Жийгээг дагаад  телевизийн салбарт орчихсон юм.

-Танай хүүхдүүд бас аавынхаа кинонуудад тоглосон байдаг. Г.Жигжидсүрэн гуайн мэргэжлийг өвлөсөн хүн байгаа юу?

Д.Цэцэг: Манайх гурван хүүтэй айл. Хүүхдүүд сонирхлоороо ганц нэг кинонд дүр бүтээсэн. Бид аль болох киноноос хол байлгах гэж хичээдэг. Яг киноны чиглэлээр бол сураагүй. Гэхдээ кино сонирхоно шүү.

Том хүү нэг сайхан кино хийнэ ээ л гэж ярьдаг. /инээв/

 

x