Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

ШӨХТГ салбарын яамтай хамтран барилгын компаниудад хяналт тавина

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөөх Газар, Барилга хот байгуулалтын яамны удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Ингэснээр барилгын салбар дахь хэрэглэгчдийн эрх ашгийг хохироодог зарим зөрчлийг бууруулах, цаашлаад зөрчилгүй болгоход хоёр байгууллагын хамтын үйл ажиллагаа чиглэх аж. Энэ тухай Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар "Барилгын салбарт хэрэглэгч бол чухал хэсэг нь байдаг. Бид үүнийг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байгаа. Өнөөдрийн арга хэмжээ бодитой алхам болж байна.

Энэ санамж бичиг байгуулснаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндсэн зорилго бүхий ШӨХТГ-ын төлөөлөл манай яамны үндсэн шийдвэр гаргах механизмуудад гишүүнчилж орж ирнэ гэсэн үг. Хамгийн түрүүнд яригддаг барилга хүлээн авах комисст, барилгуудаар хийх шалгалтуудад ялангуяа сайдын үзлэгийн багт оролцож явах боломж бүрдэж байгаа юм.

Бид механизмын хөдөлмөрийн аюулгүй байдал, чанар стандартыг хангуулах талаас сайдын үзлэг гэдгийг бий болгож байгаа. Ингэхээр барилгын эхний шатнаас эхлээд л хэрэглэгчийг төлөөлдөг байгууллага үгээ хэлээд, хэрэглэгчийн эрх бодитойгоор тусаад явах юм" гэж ярилаа. 

Мөн барилга баригдаж, хэрэглэгч орон сууцанд орсны дараа хэчнээн гомдол гаргаад хохирлоо эргүүлэн төлүүлэх боломж хязгаарлагдмал байдаг зэрэг асуудлыг хянахаар болж байгаа аж. 

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханы хэлж буйгаар барилгын компаниуд хууль тогтоомж, дүрэм журам, норм стандартыг мөрддөггүйн улмаас барилгын зураг төсөв, архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан гадна тохижилтын ажил, ногоон байгууламжийг зургийн дагуу хийдэггүй.

Барилгын метр квадратын хэмжээ үл хөдлөх  хөрөнгийн гэрчилгээ, худалдах, худалдан авах гэрээнд зааснаас дутах зөрчил түгээмэл гардаг байна. Тиймээс эдгээрийг таслан зогсоох, цаашид давтахгүй байх үүднээс дээрх санамж бичгийг байгуулсан байна. 

Өнөөдрийн байдлаар барилгын метр квадраттай холбоотой  900 орчим иргэнээс 70 орчим барилгын компанид холбогдох 3.7 орчим тэрбум төгрөгийн хохирлын хэмжээтэй гомдол ирээд байгаа аж. Үүнээс улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлэх зэргээр асуудлыг шийдэж, 1.5 орчим тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулжээ. 

Гэвч зөрчил гаргасан компаниуд бүгд ШӨХТГ-ын дүгнэлтийг хүлээн аваагүй байна. Улсын байцаагчийн шийдвэрийг үл зөвшөөрч зарим компани шүүхэд хүртэл ханджээ.