Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яам, Индонезийн Сурабаяа хот дахь Өргөмжит консулын газартай хамтран Монголын соёлын өдрүүд, Монгол Улсын ЭСЯ-ны албан ёсны нээлтийн арга хэмжээг 2015 оны хоёрдугаар сарын 25-нд Сурабаяа, 28-нд Жакарта хотуудад тус тус амжилттай зохион байгууллаа.
Сурабаяа хотноо болсон арга хэмжээг тус хотын Орлогч захирагч Вишну Сакти Буана, Элчин Сайд Ш. Батцэцэг нар нээж үг хэлсэн бөгөөд уг арга хэмжээнд Сурабаяа хотын иргэд болон тус хот дахь гадаадын Консулын, Өргөмжит консулын газруудын төлөөлөл оролцож, Монголын түүх, соёлтой танилцжээ.

Жакарта хотноо болсон арга хэмжээнд БНИУ-ын Засгийн газрыг төлөөлөн Эмэгтэйчүүдийн эрхийг бэхжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах сайд хатагтай Й.Йамбисэ, Үндэсний хөгжил төлөвлөлтийн сайд А.Чаниаго, Гадаад хэргийн дэд сайд А.М.Фахир нар хүрэлцэн ирж, Индонезийн яам, агентлаг, бизнесийн болон Индонезид суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчид, мөн тус улсад суугаа Монгол Улсын иргэд идэвхтэй оролцсон байна.
Нээлтийн ажиллагааны үеэр Элчин сайд Ш.Батцэцэг, БНИУ-ын Гадаад хэргийн дэд сайд А.М.Фахир, Өргөмжит консул Ч.Гозали нар үг хэлж, Монгол, Индонезийн хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоохоос өмнө хоёр орны харилцаа Монголын Эзэнт гүрний үеэс эхлэлтэй байсныг тэмдэглэв.
БНИУ-ын нийслэл Жакарта хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны албан ёсны нээлтийн соёлын арга хэмжээ нь тус улсад Монгол Улсын түүх, соёлыг таниулахад чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!