УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Хөгжлийн бодлогын ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Сезин Синаноглу, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Томас Эриксон нарыг хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын зүгээс Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох асуудлаар 2012 оноос техникийн туслалцаа үзүүлж, олон улсын Т-21 загварыг нэвтрүүлэх, хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлаар ихээхэн дэмжлэг үзүүлэн амжилттай хамтран ажиллаж байгаа юм.
Манай улсад УИХ, Засгийн газрын баталсан 400 гаруй бодлого, хөтөлбөр байдаг ч хөгжлийн асуудал нь сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн намуудын амлалт, мөрийн хөтөлбөрөөр хязгаарлагдаж, салбар хоорондын болон төв, орон нутгийн түвшний уялдаа холбоо сул байдгаас тэдгээрийн хэрэгжилт туйлын хангалтгүй гэсэн дүгнэлт гарчээ.
Жил гаруйн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын санаачилгаар УИХ-аас “Хөгжлийн урт хугацааны бодлого, стратеги боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ дахь гурван бүлгийн дарга ахлан ажиллаж байна. Дэд ажлын хэсэгт бүх яамны төрийн нарийн бичгийн дарга нар болон холбогдох байгууллагуудын төлөөлөл, салбар салбарын мэргэжилтнүүд багтаж байгаа аж. Харин баримт бичгийн төсөл боловсруулах ажлыг Үндэсний хөгжлийн хүрээлэн хариуцаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!