Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Японы чөлөөт бөхийн холбоо Асашёорюүг шагнахаар болжээ

Б.Зүчи, Өдрийн шуудан
2013 оны 10 сарын 11
Өдрийн шуудан
Зураг зураг
МЧБХ-ны ерөнхийлөгч, мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж

Японы чөлөөт бөхийн холбооноос МЧБХ-ны ерөнхийлөгч, мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадоржийг тусгай шагналаар шагнахаар болжээ. Тус шагналыг арванхоёрдугаар сард Токио хотод болох Бүх Японы чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гардуулах аж.

“Асашёорюү Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч болсноос хойш монгол бөхчүүдийн амжилт эрс өслөө.

Өнгөрсөн сард Унгарт болсон ДАШТ-д Монголын эмэгтэйчүүд багаараа Японы дараа хоёрдугаар байрт орсон нь түүхэн амжилт юм.

Тиймээс Японы чөлөөт бөхийн холбооноос Асашёорюүгийн Азийн чөлөөт бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, тусгай шагналаараа шагнахаар болжээ” гэж тус улсын “Споничи” сонинд бичсэн байна.

Гэхдээ энэхүү шагнал ирэх жил болох FILA-гийн сонгуультай холбоотой. Өдгөө FILA-гийн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа Японы чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Фүкүда Томиаки 2014 онд ажлаа өгөхөөр болсон бөгөөд оронд нь 1984 оны олимпийн аварга Томияма Хидэаки сонгуульд өрсөлдөхөөр болсон.

Ази тивээс дэд ерөнхийлөгчийн суудлыг хадгалан үлдэхийн тулд Томиямаг дэлхий дахинд нэр алдраа цуурайтуулсан Асашёорюүгээр дэмжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа аж.

Түүнчлэн FILA-гийн ерөнхийлөгч Ненад Лалович чөлөөт бөхийн ертөнцөд шинэчлэл хувьсгал хийхээр болж, Ази тивийнхний амжилттай барилддаг бага жингүүд болон эмэгтэйчүүдийн жинг цөөлөх магадлалтай болсон. Тиймээс Азийн чөлөөт бөхийг хамгаалах Д.Дагвадоржийн ирээдүйн гавьяаг үнэлж шагнаж байгаа аж.

Зураг