Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын анхны малчин бүлгийг шагналаа

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

XVII жарны согтууруулагч хэмээх Модон хонин жилийн босгон дээр Төв аймгийнхан Улсын сайн малчны тоогоо таваар нэмжээ. 
“Улсын сайн малчин” цолоор шагнуулж буй Баян-Өнжүүл сумын гуравдугаар багийн малчин Д.Алтансэлэм, Алтанбулаг сумын гуравдугаар багийн малчин С.Даваасамбуу болон “Тэргүүний малчин бүлэг”-ээр шалгарсан тус сумын “Баян Сонгинот” бүлэгт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга С.Батболд, ХХАА-н дэд сайд Б.Батзориг нар шагналыг нь гардуулж өгсөн байна. 

ХХАА-н дэд сайд Б.Батзориг “Өнгөрсөн жил манай улс 51,9 сая толгой малтай болсон нь том амжилт. Шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллаж буй ХХААЯ-ны удирдлагууд энэ онд хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдийг батлуулна” хэмээсэн. 

Улсдаа анх удаа “Тэргүүний малчин бүлэг”-ээр шалгарсан тус сумын “Баян Сонгинот” бүлэг нь 2004 онд байгуулагдсан, 15 өрхийн 52 гишүүн, 4,520 толгой малтай, хагас эрчимжсэн МАА эрхэлдэг, дундын өмчлөл нь 28 сая, жилийн орлого нь 54 сая төгрөг аж. 

Тус бүлгийнхэн Туул голын нөхөн сэргээлтэд 1,000 ширхэг улиас тарьж, арьс, шир, ноос, хөөвөр, хялгас, сүү, сүүн бүтээгдэхүүн хийж борлуулах, аялал жуулчлал эрхлэх, жуулчин хүлээн авах үйл ажиллагаа эрхэлдэг, дундын мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй юм байна. Түүнчлэн сумынхаа малгүй өрхүүдэд 800 гаруй мал өгсөн тэргүүний малчин бүлэг юм.

ХХААЯ-наас мал аж ахуй, газар тариалангийн салбарт гаргасан ажлын үр дүнг нь харгалзан энэ онд 70 малчныг “Улсын сайн малчин”-аар, таван фермерийг “Улсын тэргүүний фермер”-ээр, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар, 12 аж ахуйн нэгж байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгаруулсан билээ.