Олимпийн анхны аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээ гардуулав.
Н.Түвшинбаяр өнөө өглөө Дюселдорфын цомын аваргын тэмцээнд оролцохоор мордож буй юм. Тэрбээр үргэлжлүүлээд Берлинд болох “ИТБ-Берлин-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож эх орноо сурталчилна.
Олон улсын харилцааны зөөлөн хүчний бодлогын тулгуур болсон соёлын сурталчилгааг дипломат алба цаашид улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэж Гадаад хэргийн сайд хэлэв.
Н.Түвшинбаярт 002 дугаартай Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаанд Эрүүл Мэнд, Спортын дэд сайд Т.Болдбаатар, Жүдогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Жүдо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч О.Балжинням, ГХЯ-ны албаны хүмүүс байлцав.
Мэргэжлийн Сумо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхий сайд 0001 дугаартай Соёлын элчийн гэрчилгээг Токио хотноо гардуулсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!