Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Болор цом"-ын эзнээр Б.Мягмаржав тодорчээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг яруу найргийн хамгийн нэр хүндтэй “Болор цом-32” наадам өчигдөр Төв аймгийн Зуунмод хотноо болж өнгөрлөө.

Энэ жилийн “Болор цом”-ын эзнээр Баттөрийн Мягмаржав тодорч цом, Янжинлхам бурханаар шагнуулжээ. Харин дэд байранд  “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар орсон байна. Харин гутгаар байранд О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт М.Баттөмөр, тавдугаар байрт өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн яруу найрагч Л.Моломжамц оржээ.

“Болор цом” 2015 наадамд олон яруу найрагч шүлгээ илгээснээс шилдэг 34 найрагч шалгарч шүлгээ тайзнаа уншсан аж. Шилдэг яруу найрагчдад Өвөр Монголоос ирж оролцсон хоёр яруу найрагч багтсан байна.

Энэ жилийн "Болор цом"-ын эзэн яруу найрагч Б.Мягмаржав нь хоёр жилийн өмнө уг наадмын дэд байрт шалгарч байсан билээ.

Б.Мягмаржавын "Болор цом-32" яруу найргийн наадамд уншсан шүлэг

~Тэнгэрийн татах хүч~

Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор
Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм
Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр
Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм

Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ
Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг
Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон
Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би

Эх болсон зургаан зүйлийг энэрэхүйн ухаанаар
Ээтэн гутлын минь хоншоорыг тэнгэр дээш нь татсийм
Өвөг балрын олж ирсэн халуун амь гал голомтыг
Өөрийгөө шатаан байж, тэнгэр дээш нь дүрэлзүүлсэн юм

Эх газрын татах хүчтэй булаалдан байж
Эгц өндөр Алтайн уулсыг тэнгэр татаж босгосон юм
Нүүх үүлсэн зузаан хэвнэгийг сүлбэж гарсан
Нүсэр хотын хээнцэр шилтгээнийг ч тэнгэр татаж босгосон юм

Сарныхаа сүүн гэрлээр хөхүүлэн байж
Нарныхаа халуун алгаар өргөж өсгөсөн тэнгэр минь
Сая живаа оддоо хүний нүдэнд харуулаагүйсэн бол
Сансрын хөлгийг бид яах гэж бүтээх юм бэ?

Хүлэг морь, хийморь хоёроо давхил дундаа юүлсэн
Хүнү эцэгтэй Монголын үрс билээ, бид
Хөрст дэлхийн татах хүчинд
Хөлөө майга болтол татуулсан ч
Зовхиноосоо бол тэнгэр өөдөө татуулсан
Зоригт өвгөдийн үр сад билээ, бид

Газрын зоог хүлгийнхээ нуруу шиг хайрлан
Гангар хун шиг гэртэйгээ нисэн буун жаргасан
Энгэр газраа дэрлэн өвгөдийн бие шингэлээ ч
Тэнгэр таны хэвлийд бурхан сүнс залармой