Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбат: Хөшигийн хөндийн нисэх буудлын барилгын ажил 2016 онд дуусна

Д.Энхтүвшин
2015 оны 2 сарын 13
MorninigNews.mn
Зураг зураг

УИХ-ын Төсвийн Байнгын хорооны  хурлаар Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх уг төслийг дэмжсэнээр санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Үндсэндээ долоо дахь жилийнхээ нүүрийг үзээд явж байгаа Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудлын ажлын явц ямар байгаа талаар Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн захирал Н.Энхбаттай уулзаж дараах тодруулгыг авлаа.

-Улаанбаатараас 40-өөд км-ын зайтай Хөшигийн хөндийд баригдаж байгаа Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийг Монголчууд ихээхэн сонирхож, ажлынх нь явцын талаар шинэ сонирхолтой мэдээлэл хүлээж байгаа. Хоёулаа ярилцлагаа төсөл хэрэгжиж эхэлсэн нөхцөл байдлаас эхлэх үү?

-Дэлхийн стандартад нийцсэн нисэх онгоцны буудал барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн үйл ажиллагаа удааширснаас болоод төсөл маань 1.6 жил хойшилсон юм. Эхний хоёр тендер амжилтгүй болоод гурав дахь тендерт одоо гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Японы “Мицүбиши Чиёода” гэж хоёр компанийн түншлэлийг шалгаруулсан.

Энэ компанитай анх гэрээ хийхдээ гэрээ хийснээс хойшхи хугацааг нэлээн шахаж тооцохоор тохиролцсон.

Үндсэндээ 2013 оны зургадугаар сарын 25-наас эхлээд 1,290 хоног буюу 43 сарыг тоолоод явж байгаа. Энэ хугацаагаараа бол 2017 оны нэгдүгээр сарын 7-нд барилгын ажил дуусах ёстой.

-Яг өнөөдрийн байдлаар Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил хэдэн хувьтай явж байгаа вэ?

-За өнөөдрийн байдлаар төлөвлөгөөт хугацаанаасаа ялимгүй түрүүлж яваа. Энэ эрчээ алдахгүй явбал 2016 онд багтаад барилгын ажлаа дуусгах боломжтой гэж тооцоолж байгаа.

-Монголд анх хийгдэж байгаа дэлхийн хэмжээний нисэх онгоцны буудал учир хөрөнгө оруулалт нь ч том байгаа нь тодорхой. Анх энэ буудлыг хэдэн сая ам. долларт багтаахаар төсөвлөж байсан бэ. Мэдээж зардал нь өссөн нь тодорхой?

-Хамгийн анх 2008 онд 28.8 тэрбум иенийн зээл авсан. Энэ нь тэр үеийн ханшаар 245 сая орчим ам.доллар болж байсан. Одоогоор тэр зээлээрээ санхүүжигдээд явж байгаа.

2013 оны дөрөвдүгээр сард нэмэлт санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж гэрээ байгуулахдаа төсөв хэтэрсэн гэрээ байгуулсан.

Хөшигийн хөндийн нисэх буудлын нийт санхүүгийн 560 сая ам.долларт багтаж байгаа. 

Яагаад төсөв хэтэрсэн гэрээ байгуулсан гэхээр дөрвөөс таван жил дамжихаар барилгын материал, валютын ханш бүгд өсчихөж байгаа юм.

Тэгээд гэрээ байгуулахын өмнө УИХ-ын Төсвийн Байнгын хороогоор оруулж, яг адилхан нөхцөлтэй нэмэлт зээл авья гэдэг асуудал тавьсныг Байнгын хороо дэмжсэн.

Улсууд тэр үед зээл нь бүтээд авчихсан, одоо дахиад зээл авч байна гэж ойлгоод байгаа юм. Бид харин өнөөдөр л нэмэлт зээлийнхээ асуудлыг Төсвийн Байнгын хороогоор дэмжүүлж дараагийн байнгын хороонд оруулах болчихоод гарч ирж байна.

Үүгээр 300 гаруй сая ам.долларыг нэмж тусгахаар болж байна. Ер нь Хөшигийн хөндийн нисэх буудлын нийт санхүүгийн 560 сая ам.долларт багтаж байгаа. Энэ төсөвтөө ч багтаан барина.

-Японы хоёр компанийн түншлэлээс гадна гадна, дотны хэдэн компани Хөшигийн хөндийн нисэх буудлын ажилд оролцож байгаа вэ?

-Бид 2013 оны тавдугаар сард ерөнхий гүйцэтгэгч “Мицүбиши Чиёода”-тай 49.5 тэрбум иенийн гэрээ байгуулсан юм. Тэгэхээр анх зээлсэн мөнгө маань 28.8 тэрбум иен учир зөрүү нь болох 20.7 тэрбум иенийг 2013 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гурван Байнгын хороогоор оруулж шийдүүлж байсан.

Ингээд Японы санхүүжүүжилтээр ажил эхэлж “Мицубиши Чиёода” түншлэлээс гадна ерөнхий туслан гүйцэтгэгчээр Солонгосын " Самсунг Си энд Ти" корпорац оролцож байгаа. Ер нь төслийн бүтээн байгуулалтад 40 гаруй компани ажиллаж байна. Эдгээр компанийн 70 гаруй хувь нь Монголын аж ахуйн нэгж юм. Үлдсэн нь Солонгос, Хятадын компаниуд байгаа. Барилгын талбай дээр 1,500 гаруй хүн ажиллах графиктай. Түүний 90 орчим хувь нь Монгол ажилчид байгаа.

Энэ 2015 он бол төслийн ажлын оргил жил байх юм. Бидний тооцоолж байгаагаар нийт ажлын 65 хувийг энэ онд гүйцэтгэх ёстой. Тэгээд 2016 онд барилгын үндсэн ажлаа дуусгаад дараа нь Олон улсын томоохон нисэх онгоцны шинэ буудалд хийгддэг туршилтын ажлууд хийгдэх ёстой юм.

-Өнөөдөр Төсвийн Байнгын хороогоор дэмжүүлсэн мөнгийг Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалаар шийдсэн үү?

-Өнөөдөр дэмжүүлсэн зээлийн дүн нь 310 орчим сая ам. доллар юм. Сая Ерөнхий сайдын айлчлалын үеэр Японы тал энэ зээлийг өгөхөд бэлэн гэдгээ зарласан. Одоо УИХ-ын Аюулгүй байдлын Байнгын хороо дэмжчихвэл энэ мөнгө Монголд орж ирэхэд бэлэн гэсэн үг.
Хамгийн гол нь урьдын зээлээс нөхцөл нь илүү сайжирсан.

Урьд нь 40 жилийн хугацаатай, эхний 10 жилд зээлийн төлбөргүй, сүүлийн 30 жилд жилийн 0.2 хувийн хүүтэй төлөх нөхцөлтэй байсан бол шинэ зээл мөн л 40 жилийн хугацаатай хэр нь сүүлийн 30 жилд 0.1 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр олгохоор болсон. Үндсэндээ 40 жилд дөрөвхөн хувийн хүүтэй зээл гэсэн үг л дээ.

-Сая Байнгын хорооны гишүүдийн зүгээс 2016 онь намар Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын зочдыг хүлээн авах боломж байгаа эсэхийг асууж байсан. Таны тайлбарлаж байгаагаар энэ асуудалд санаа зовохгүй байж болох нь ээ?

-Яг тэр уулзалт болох үед Хөшигийн хөндийн нисэх буудлын нийт барилгын ажил 70-80 хувь нь бэлэн болчихсон байна. Онгоц хөөрөх, буух зурвасын хувьд угсралтын бүх ажил нь гэрэл суулттайгаа бэлэн болчихсон байна. Навигацын тоног төхөөрөмжүүдийг урьдчилаад худалдаад авчихвал асуудал байхгүй.

Товчхондоо онгоц  хүлээн авах дэд бүтэц нь бэлэн болчихсон байна. Хамгийн гол нь нисэх буудлыг ажиллуулах мэргэжлийн байгууллагууд нь түүнээс өмнө бүх бэлтгэлээ хангаж дууссан байх ёстой юм.

 Энэ дээр ИНЕГ хамгийн их үүрэг хүлээнэ. Барилгын гүйцэтгэлийн хувьд ямар нэг асуудал гарахгүй гэж бодож байна. Гол нь дэлхийн хэмжээний энэ том буудлыг ажиллуулах  инженер техникийн ажилтнууд, үйлчилгээний том баг хэрэгтэй болно. Түүнээс гадна бас нэг том сэтгэл зовоосон асуудал босож ирээд байгаа.

-Таныг ингээд бүх зүйл “ок” гэж хэлэх гэж байгаа юм байх гэсэн чинь бас юун сэтгэл зовоох асуудал гаргаад ирэв ээ? 

-Бидний барьж байгаа нисэх буудал нийт 1,200 га талбайтай бөгөөд “БОИНГ 747”, “АЗЗО” зэрэг тив алгасан нисдэг том ангиллын онгоц хүлээж авах боломжтой.

Зорчигч хүлээн авах танхим нь 37,000 ам.метр талбайтай, жилд 3-5 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтайгаар баригдаж байгааг хэлэх ёстой. Нисэх буудал ашиглалтад ороход 2,000 гаруй хүн ажлын байртай болно.

Мөн энэ нисэх буудлын ойролцоо 100 мянган хүн амтай хот бий болно хэмээн тооцож байгаа.

Нисэх буудал ашиглалтад ороход 2,000 гаруй хүн ажлын байртай болно. 

Жилд 22 мянган онгоц хөөрч буух зурвас, Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, Гал унтраах, авран хамгаалах албаны барилга, цахилгааны үндсэн дэд өртөөнүүд, бие даасан цэвэр, бохир усны хангамжийн байгууламж дулааны зуух болон 1,490 метр урт инженерийн шугам сүлжээний хонгил, үерээс хамгаалах далан зэргийг барьж байгуулна. Товчхондоо урьд өмнө хийгдэж байгаагүй аварга том төсөл гэж ойлгож болно.

Гэтэл Улаанбаатараас Хөшигийн нисэх буудал хүрэх 37 км хурдны замын асуудал өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлгүй явж байна. Одоогийн байдлаар хоёр урсгалтай, дөрвөн эгнээ замын сураг дуулдаад байгаа ч эцсийн эцэст энэ хавар л ажил нь эхлэхгүй бол нисэх буудлын ажил дуусчихаад байхад бид замгүй сууж байх бодит эрсдэл харагдаж эхлээд байгаа юм.

Ядаж энэ хавар газар шорооных нь ажлыг эхлүүлэхгүй бол Яармагийн замыг барьсан жишээнээс харахад энэ 37 км хурдны замын ажил нь Хөшигийн Олон улсын нисэх онгоцны буудлын ажлыг гацааж магадгүй болоод байна.

-Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудлын зөвлөх компаниар хаанахын ямар компани ажиллаж байгаа вэ?

-Товчхондоо энэ нисэх буудлын бүх ажил 100 хувийн Япон стандарт, Япон чанарын удирдлага дор хийгдэж байгаа гэж ойлгож болно. Зөвлөх компани зургаа хийгээд гаргасан, хяналтаа явж баина, хамгийн сүүлд нэг жил ашиглалтынх нь үед хяналт тавих гэрээтэй.

Нөгөөтэйгүүр 2020 он гэхэд манай улсын агаарын хилээр жилдээ гурван сая гаруй хүн үйлчлүүлнэ хэмээн үзэж байгаа. Цаашдаа үйлчлүүлэх зорчигчийн тоо нэмэгдвэл онгоцонд сууж, буух хүзүүвчийн тоог 20 хүргэж болох шийдэлтэйгээр барилгын ажил хийгдэж байгаа. Онгоц хөөрч буух нисэх зурвасын урт нь 3.6 км, өргөн нь 45 метр, зузаан нь 40 см гээд тооцохоор ямархуу далайцтай ажил гэдэг нь ойлгогдох болов уу.

 

Зураг