Аливаа улсын хэл нь тухайн үндэстний оршин тогтнох дархлааг хадгалдаг гол үнэт зүйл. Тиймээс улс үндэстэн хэлээ хуулиар баталгаажуулан эзэмших, хэрэглэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх шаардлагатай. Хэлний хэм хэмжээ, дүрэм, журмыг хуульчлан тогтоож байж л зөв хэрэглээ үүсдэг жишиг олон оронд бий.
Тиймээс М.Батчимэг тэргүүтэй УИХ-ын зургаан гишүүн Монгол хэлний тухай хуулийн төслийг санаачилсан. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болон Байнгын хорооны хуралдаанаар гишүүд олон янзын байр суурь илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Хууль зүйн Байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нар уйгаржин бичгийг дэмжихгүй гэсэн бол хуулийн төсөл санаачлагчид болон зарим гишүүд Монголчууд хос бичигтэй байх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байв.
Аливаа улсын хэл нь тухайн үндэстний оршин тогтнох дархлааг хадгалдаг гол үнэт зүйл.
Дэлхийн хүн ам 6,000 хэлээр ярилцдаг ч мэдээллийн орон зайд 100 хүрэхгүй хэлийг ашигладаг байна. Гэвч ойрын 50 жилд 6,000 хэлний 50 хувь нь устах аюул тулгараад байгаа гэх баримтыг ЮНЕСКО гаргажээ.
Орчин цагийн Монгол хэлний хэм хэмжээ, нэр томьёо, зөв бичих дүрмийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, баталж мөрдүүлэх, хэвшүүлэх, их, дээд сургууль, дунд сургуулийн хичээлийн программд Монгол хэл, Монгол бичгийн хичээлийг англи хэлний хичээлээс дутуугүй цагаар оруулдаг болгох зэрэг тодорхой асуудлуудыг Монгол хэлний эрдэмтэн, мэргэжилтнүүд санал болгожээ.
Тиймээс ч Монгол хэлний тухай хуулийг яаравчлан гаргах шаардлагатай гэж үзсэн.Хэдийгээр энэ хуулийг хэрэгтэй, хэрэггүй гэж талцаж байгаа ч босоо монгол бичгийг ямар ч нөхцөлд орхиж болохгүй гэдэг дээр хүн бүрийн санал нийлж байгаа юм.
Босоо бичгийг уйгараас ч, арабаас ч авсан бай хамаагүй Монголын олон зууны оюуны соёлыг хадгалж ирсэн түүхтэйг бүгд хүлээн зөвшөөрнө.
Даяаршлын өнөө үед мессежний, цахим орчны англи хэл, латин үсгийн довтолгоонд Монголчууд өв соёлоо бүтнээр нь хадгалж, үр хойчдоо үлдэхийн тулд ядахнаа босоо Монгол бичгээ сэргээх дахин нэг давалгаа үүсгэхэд буруудахгүй.
Энэ давалгааг 1940-1950 он, 1990-ээд оны үед хийсэн шиг зүтгүүлж болохгүйг бид мэдэх туршлагатай болсон.
Үүний тулд үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж Монгол хэлний тухай хуулийн төсөлд заасан. Ингэснээр 2025 он хүртэл бүх нийтээрээ Монгол бичиг, кирил бичгээ сайтар эзэмших 10 жилийн хугацаа байгаа юм.
Төрийн өмнө тангараг өргөн үүрэг хариуцлага хүлээж буй төрийн албаныхан энэ үүргээ ухамсарлаж одооноос ирээдүйн ажилдаа бэлдэн, босоо Монгол бичигт суралцах шаардлага гарлаа.
Монгол хэлний тухай хууль энэ оны долдугаар сараас хэрэгжиж эхэлнэ.
Мөн дунд сургуулийн сурагчид зургадугаар ангиасаа эхлэн төгстөлөө Монгол бичгээ заалгана. Монгол бичгийн галигт Монгол сэтгэлгээ шингэсэн байдгаараа онцлогтой. Тиймээс орчин үеийн хүүхдүүд босоо Монгол бичгээрээ дамжуулан Монгол соёл, уламжлалаа хадгалж үлдэх юм. Энэ хуулинд Монгол бичиг сурах нь Монгол хүн бүрийн үүрэг гэдгийг тусгаж, сурах хугацааг нь зааж өгснөөр үр дүнд хүрнэ гэж байв.
Бидний одоогийн хэрэглэж буй Төрийн хэлний хуулиас ялгарах онцлог нь хаяг, газар усны нэртэй хамаатай заалтууд, хэлний хэм хэмжээг нэг “гараар” хийх зэргийг цэгцэлж өгсөнд байгаа юм. Хэдий өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хямралаас гарах нь эн тэргүүний асуудал ч эртнээс хөтөлгөө морьтой явж ирсэн Монголчууд ирээдүйд хос хэлтэй болоход энэ хуулийн ач холбогдол оршиж байна.
Монгол хэлний тухай хууль батлагдсанаар төр, төрийн албан хаагчид уйгаржин бичгээ түлхүү хэрэглэхээр болж байна. Харин иргэд аль бичгээ сонгох эрх нь нээлттэй.
Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын онцолсноор 2016 оны ерөнхий шалгалтаас эхэлж Монгол хэлний шалгалтад багтсан тестүүдийн 25 хувь нь уйгаржин монгол бичгийнх байхаар боллоо. Монгол хэлний тухай хууль энэ оны долдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Ийнхүү Монголчууд хос бичигтэн боллоо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!