Олон улсын Эпилепсийн өдөр болж байгаатай холбогдуулан өнөөдөр “Эмч-Өвчтөн-Гэр бүл”-д зориулсан уулзалт боллоо.
Энэхүү уулзалтанд эпилепсийн эсрэг эмчилгээ, судалгаа хийдэг эмнэлгийн байгууллагын эмч, ажилтан, оюутнууд болон Монголын Неврологийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ж.Сарангэрэл, Ардын эмч Ж.Хайрулла, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сое Нюнт-Ю, ЭМЯ-ны мэргэжилтнүүд, өвчтөнүүдийн гэр бүлийнхэн ирсэн юм.
Эпилепси өвчин нь тархины эсүүдийн хэт цэнэгжилтийн улмаас уналтын голомт үүсч, улмаар ухаан алдах татах хэлбэрээр илэрдэг.
Тархины эд эсийн гэмтэл нь энэ өвчнийг үүсгэх гол шалтгаан болж байдаг. Энэ гэмтэлд ахуйн гэмтлээс гадна төрөлтийн үеийн гэмтэл, тархины бүтцийн хэвийн бус хөгжил, бодисын солилцооны удмын гажиг, ургийн ба нярайн бүтэлт, хүчил төрөгчийн хомсдол зонхилно.
Энэ өвчин нь аль ч насанд илэрч болдог. Ялангуяа 1-10 насны хүүхдүүд таталт өгөх магадлал өндөр байдаг.
Эпилентологч-мэдрэлийн их эмч Д.Баярмаатай энэ өвчний талаар товч ярилцлаа. Тэрбээр ОХУ, АНУ болон Япон улсад эпилепсийн чиглэлээр боловсрол эзэмшсэн, Анагаах ухааны докторын зэрэгтэй.
-Эпилепсийг Монголд бүрэн гүйцэд оношилж байгаа юу. Технологийн хувьд ямар байдаг вэ?
-Чадна. Бүрэн боломжтой. Гадаадад энэ өвчнөөр өвчилсөн хүмүүс арав, хорин жил группд байдаггүй. Зургаан сар групптэй байж байгаад таталт нь идэвхжээд ирэхээр ажлаасаа чөлөө авч биеэ эмчлээд буцаад ажилдаа ордог.
Манай нөхцөлд арав хорин жил унадаг, татдаг өвчтэй гээд улсаас мөнгө аваад, ажил хийхгүй байх явдал газар авсан.
-Танай эмнэлгээс энэ өвчний эсрэг ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Би Эпилепси судлалыг Монголдоо хөгжүүлэх зорилгоор "Альфа Долгион" эмнэлгийг байгуулсан. Манай эмнэлэг унадаг, татдаг өвчтэй хүмүүсийг оношлох, тэднийг хяналтанд идэвхтэй хамруулах, эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой үйл ажиллагаагаа явуулж байгаа.
-Өнөөдрийн уулзалтын зорилго, үр дүнгийн тухайд?
-Унадаг, татдаг өвчтэй хүмүүсийг нийгэмд их ташаа ойлгоод байдаг. Ташаа ойлголтыг төрүүлэхгүйн тулд энэ өвчний талаар нийгэмд таниулах, мэдээлэх, мэдлэг өгөх зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулж байгаа.
Унадаг, татдаг өвчтэй хүн харахад хөгжлийн бэрхшээлтэй юм шиг харагддаггүй, энгийн эрүүл хүн шиг харагддаг. Зарим нь удаан он жилээр өвчилсөн тохиолдолд зан төрхийг өөрчлөлтөнд орсон байдаг. Эхэн үедээ ямар ч хүн энгийн эрүүл мэт харагдаж, тэр хэмжээгээрээ нийгэмдээ идэвхтэй оролцдог.
Ажил, сургуульдаа орчихоод олон нийтийн өмнө унаж, татаад эхлэхээрээ нийгмээсээ амархан гадуурхагдаж, сэтгэл зүйн цочролд ордог. Мөн өөрийгөө нийгмээс хязгаарлаж эхэлдэг.
Тиймээс бид өвчтөнийгөө "сүүдрээс гэрэл рүү гаргах" зорилготой ажиллах цаг болсон байна гэж үзэж байгаа.
-Монголчууд хүүхдээ унаж татахад лам бөө дээр очих хандлага ажиглагддаг шүү дээ. Ингэх нь өвчинд сөрөг нөлөөтэй юу?
-Унадаг татдаг өвчтэй хүмүүсийн гэр бүл их цочролд орсон байдаг. Тайван бус байдалтай байгаа үедээ эмчээс гадна өөр арга зам хайх нь их.
Манай нийгэмд нийгмийн ажилтан дутмаг байдаг учраас сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тал дээрээ муу. Дээрээс нь ташаа ойлголт өгснөөс болж өвчтөн болон түүний ар гэрийнхэн бөө, лам дээр очдог.
Тэрнээсээ болж төөрөгдөж, өвчнөө их архагшуулах нь бий. Мөн маш их мөнгө төгрөгөө алдчихаад ирдэг. Дахин хэлэхэд унадаг татдаг өвчин гэдэг бол мэдрэлийн архаг өвчин болохоос биш сэтгэлзүйн өвчин биш учраас бөөгөөр яваад байх шаардлагагүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!