Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлээд нэг сарын хугацаа өнгөрчээ. "Өглөө бүр сануулж байх ёстой" тус хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж буйг судаллаа.
Мэдээж төсөвт байгууллагуудын дансыг бид шилний цаанаас харахгүй ч гэлээ комьпютерийн цаанаас харах бүрэн боломжтой бөгөөд энэ эрх ч хуулиараа хангагдаж байгаа.
Иргэд төсөвт байгууллагуудын санхүүгийн тайланг www.shilendans.gov.mn нэгдсэн вэб сайтаас харна. Гэхдээ энэхүү сайтад мэдээлэл бүрэн ороогүй байгаа бөгөөд бүртгэлийг хариуцаж байгаа "Үндэсний дата төв"-өөс тодруулахад “Нийт 10 мянга гаруй байгууллага бүртгүүлэх ёстойгоос долоон мянга нь бүртгүүлээд байна. Бүртгүүлсэн байгууллагууд өөрсдөө мэдээллээ сайтдаа оруулах ёстой” гэв.
Шилэн дансны тухай хуулийн 5.3-т зааснаар “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шилэн дансны нэгдсэн цахим хуудастай байна. Шилэн дансны нэгдсэн цахим хуудас ажиллуулж эхлэх хугацааг энэ хуулийн хэрэгжилтийн байдлыг харгалзан Засгийн газар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө байхаар тогтоох бөгөөд уг нэгдсэн цахим хуудсыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн хөтөлнө” гэжээ.
Үүнтэй холбоотой Сангийн яамнаас тодруулахад "Одоохондоо нэгдсэн цахим хуудсыг манайх хүлээж аваагүй байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Тиймээс шилэн дансны нэгдсэн цахим хуудас албан ёсоор, бүрэн утгаараа ажиллаж эхлээгүй гэж ойлгож болох нь. Харин иргэд байгууллагуудын мэдээллийг тухайн байгууллагын албан ёсны цахим хуудаснаас харах боломжтой.
Энэ асуултанд хариулахын тулд Шилэн дансны тухай хуулийг сайтар унших хэрэгтэй болно. Тус хуулийн 6 дугаар зүйлд зааснаар байгууллагууд нэгдүгээр сарын 10-ны дотор Тухайн жилийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хоёрдугаар сарын 8-ны дотор өмнөх сарын төсвийн гүйцэтгэл буюу нэгдүгээр сарын төсвийн гүйцэтгэл зэрэг хэд хэдэн тайлан оруулсан байх ёстой юм байна.
Үүнтэй холбоотой хуулийн хэрэгжилтийг манлайлан хангаж буй зарим байгууллага дээр жишээ авъя.
Доор харагдаж буй зураг дээр Нийслэлийн 2015 оны төсөв байна. Үүнийг хэвлэж авах боломжтой бөгөөд уншихад ойлгомжтой, заасан форматын дагуу байлаа. Зургаас харахад Нийслэлийн 2015 оны төсвийн орлого 424 тэрбум гаруй төгрөг байна.
Хуульд заасны дагуу “Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ”-г шилэн дансны цэсэнд гүйлгээ хийснээс хойш долоо хоногийн дотор байрлуулах ёстой.
Доор харагдаж буй хүснэгтээс харахад ЭМСЯ 2015 оны нэгдүгээр сарын 10-нд ХӨСҮТ-ийн гуравдугаар шатлалын лабораторийн барилгын ажлыг санхүүжүүлэхээр 4 тэрбум 244 сая гаруй төгрөгийн гүйлгээ хийжээ.
Эх хувилбар болон дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэдэг утгаараа Сангийн яам өөрийн цахим хуудас дээрх Шилэн данс цэсийг үлгэр жишээ ажиллуулж байгаа харагдлаа.
Жишээ болгож нэгдүгээр сарын 10-ны дотор оруулсан байх ёстой Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг харуулъя.
Хүснэгтэд тусгаснаар Гаалийн боомтуудын холбоожуулалтад Сангийн яамнаас энэ онд 300 сая төгрөгийн санхүүжилт хийх юм байна.
Эх хувилбар болон дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү
Энэ мэтээр иргэд, ААН-үүд төсөвт байгууллагын дансыг “шилний” цаанаас ил тод, дэлгэрэнгүй, ойлгомжтой байдлаар харж, хянах боломж бүрдсэн байна.
Одоогийн байдлаар ихэнх томоохон байгууллагын 2015 оны төсөв, гүйцэтгэл нэгдсэн цахим хуудаст орчихсон байгаа тул хүссэн хүн бүр орж үзэх боломжтой.
Жишээ нь УИХ-ын Тамгын газрын 2015 оны УРСГАЛ ЗАРДАЛ 27 тэрбум төгрөг байна.
Энэхүү зурагт УИХ-ын Тамгын Газрын 2015 оны төсвийн мэдээлэл графикаар харагдаж байна. /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ХАРАХ БОЛОМЖТОЙ/
Эх хувилбар болон дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү
Мэдээж мэдээллээ оруулаагүй албан газрууд ч байгаа. Санхүүгийн мэдээллээ хэн оруулав, хэн оруулахгүй хойрго хандаж буйг хараад дүгнэх боломж ч иргэн ТАНД байгаа.
Мөн хуульд заасны дагуу төсвийн мөнгийг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтны нэр, санхүүгийн тайланг гаргасан албан тушаалтны нэр, утас зэрэг бүхий л мэдээлэл олон нийтэд ИЛ гэдгийг бүү мартаарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!