Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Цандэлэг: Ирэх жил бид тариалалт хийх боломжгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд тариаланчид, гурил үйлдвэрлэгчид болон ХХААЯ-ны төлөөллийг оролцуулсан юм. Энэ үеэр тариаланчид болон үйлдвэрлэгчидийн байр суурийг сонирхсон юм. “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбоо”-ны ерөнхийлөгч Л.Цандэлэгийн байр суурийг сонирхлоо.

-Тариаланчдаа төр хэрхэн дэмжих ёстой юм бэ?

-Төр аль аль талын эрх ашгийг жигд хангах ёстой. Гэтэл өнөөдөр гурил үйлдвэрлэгчиддээ гаднаас буудай оруулаад өгчихдөг, бидний илүүдэл буудайг гаргадаггүй. Аль нэг талд нь давуу эрх олгоод байна.

Төрийг хэн дуртай нь зэвсэг болгоод тариаланчдын эсрэг арга хэмжээ явуулдаг зүйл биш. Р.Бурмаа сайд төрийн нэр барьж, муйхарлаж ажил явуулж байна. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Су. Батболд бас л буруу бодолтой байна. Бас л тариаланчид руу дайрсан, гурил үйлдвэрлэгчдийг хамгаалж байна.

Энэ хүн бас өмнө нь бидэнд “Ер нь тариа тарих ямар шаардлагатай юм бэ. Та нар тариа тарихаа болиод, мал малла” гэж хэлсэн.  Дараа нь утасдаад “Би тоглосон шүү. Битгий миний тоглоомыг ард түмэнд хэлчээрэй” гэж байсан

Гэтэл өнөөдөр яг үүнийг давтаад хэлчихлээ. Эднийхээр бол бид гаднаас гурил оруулж ирж идэх ёстой юм байна. Эцэст нь бид дийлэхгүй юм байна. Одоо больё. Том яам ажиллаад нэмэр алга. Ерөнхий сайд зохион байгуулсан ийм ажлын өөдөөс бидний дуу хоолой мөхөсдөх юм байна. Та нар импортоо чөлөөтэй оруулж ир. Харин бид дараа жил тариалалтад гарч чадахгүй. Мөнгө байхгүй юм чинь юугаараа тариагаа тарих юм.

100 мянган төгрөгийн зөрүү өгнө гэж байгаад үүнийг нь доош нь дараад тариагаа тариулсны дараа мөнгө байхгүй гэж байна. Тиймээс бид ирэх жил тариалалт хийх боломжгүй.

-Манайх гурилын цавуулгийн талаар ярьж байна. Гэтэл дэлхий нийтэд манай гурилыг шаардлагатай эрдэс, бодисын хэмжээ байхгүй гээд татгалздаг гэсэн мэдээлэл байна?

-Энэ орж ирж байгаа улаан буудай чанаргүй. Цацрагийн хэмжээ бусад талаараа тэнцдэггүй. Үүнийг холбогдох газрууд нь шалгах хэрэгтэй. Хятадууд гэхэд малын тэжээлээ авахдаа 17 хүн ирж шалгаж авдаг.

Тэгэхэд Монгол Улс ямар ч зөвшөөрөл, шалгалтгүй улаан буудай оруулж ирж байна. Нэг зүйл хэлэхэд “Улаанбаатар”, “Од” группын “Ургац” гурилыг битгий идээрэй. Маш аюултай гурил болсон шүү. Цагаан сараас өмнө иргэдэд шинжилгээнд хамруулаагүй аюултай гурил зарна. 

Энэ ажлыг хийж байгаа хүмүүс том ченжүүд. Орж ирж байгаа буудайны 80 хувийг хоёрхон компани авч байна. Дотоодын буудайны чанар нийтдээ муудсан бол бүх компаниуд адилхан авах ёстой. Тэгсэн хэр нь жилийн дөрвөн хувийн хүүтэй мөнгөний 50 хувийг ганцхан компани авч байна. Үүнийг хээл хахууль, авилга гэж хэлэхгүй бол өөр юуг хэлэхэв.

Хоёрхон компанид Монголын төр үйлчлээд байна. Орж ирж байгаа буудай, гурил, мөнгө бүгд тэднийх болдог. Эдний үгийг бүгд дэмжиж байна. Тэгэхээр энэ хоёр нам нийлчихсэн юм байна. Үнэхээр бие биенийхээ эрх ашгийг хамгаалдаг болсон байна. 

-Буудайн урамшуулал өгдөг болсоноос хойш тариаланчид тарианыхаа чанарт бус хэмжээнд анхаардаг болсон гэсэн шүүмжлэл байна?

-Бидний тариалсан буудайг улсын мэргэжлийн хяналтын байгууллага шалгаад чанартай гэдгийг нь хэлсэн. Тэгэхэд чанаргүй буудай гэж хэлсээр байгаад ийм байдал хүргэлээ. Тиймээс одоо бид чадахгүй ээ.

Та нар тэр чанартай буудайгаа Оросоосоо авч хэрэглээрэй. Бидний тариалсан буудайны чанар сайн гэдэг нь батлагдахад хүрэлцэхгүй гэж хэлж байна. Монгол Улс жилд 250 тонн гурил иддэг. Тэгсэн Ц.Баатарсайхан 450 мянган тонн улаан буудай шаардлагатай гэж ярьж эхэлсэн. 

-Энэ жилийн тариалалтаас хэдий хэмжээний буудайг борлуулаагүй үлдсэн байна вэ?

-Яам нь буудайгаа хаана байгааг мэдэхгүй байна. 40 мянган тонн улаан буудай хаана байна вэ гэсэн реалити шоу хийгээд олох хэрэгтэй.

Ийм байр суурьтай Байнгын хорооны дарга, салбарын сайд, Ерөнхий сайд байгаа цагт бид тариа тарьж чадахгүй юм байна. Энэ хавар Ц.Баатарсайхан, Р.Бурмаа, Ч.Сайханбилэг, Су.Батболд дөрөв компани байгуулж тариагаа тарих юм байгаа биз.

-Тариалангийн салбарт хичнээн хүн ажиллаж байгаа вэ?

-1000 гаруй компани манай салбарт үйл ажиллагаа явуулж байна. Ачаалалтай үед нэг компанид 200-300 хүн ажилдаг. 

-Тариаланч, үйлдвэрлэгч хоёр буудайныхаа үнийг тохирвол шийдэгдэх асуудал биш үү?

-Үгүй ээ. Энэ үнэтэй огт холбоогүй. Цэвэр бодлогын зүйл. Оросоос будаа оруулж ирж байгаа нь үндэсний үйлдвэрлэлийг устгаж байна гэсэн үг. Рублийн ханш унаж байгаа учраас ченжүүд ашиг олох гэж улайрч байна. 

-Төр нэг тонн буудай тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгодог. Одоогоор та нар төрөөс авах авлага бий юу?

-Хүнээр ажил хийлгэчихээд 30 хувийг нь өгөхгүй л гэж байна. Дээр нь бид өнөөдөр зөвхөн валютын ханшнаас 120 тэрбум төгрөгийн алдагдалд орсон.  “Хаан” банкнаас авсан зээл бас бий.