Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ариунболд: Тариаланчдын урамшууллыг цагаан сараас өмнө шилжүүлж дуусгана

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас нийт тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор улсаас 24 тэрбум 727 сая төгрөгийн санхүүжилт өгч буйтай холбоотой мэдээлэл хийлээ.

Нийт 14 аймгийн 67 сумын 908 ААН, иргэнд энэ мөнгийг олгож эхэлжээ. Одоогийн байдлаар 400 гаруй иргэн, ААН-ийн дансанд зохих мөнгийг нь шилжүүлээд байгаа юм байна.

ХХАА-н сайдын 2015 оны нэгдүгээр сарын 29-нд гарсан тушаалын дагуу өчигдөр “Тариалан эрлэлтийг дэмжих сан”-гийн дансанд Сангийн яамнаас мөнгө шилжүүлсний дагуу ийнхүү санжүүжилтийг олгож эхэлжээ.

Нийт 14 аймгийн 67 сумын 908 ААН, иргэнд энэ мөнгийг олгож эхэлжээ. 

“Энэ мөнгө гурван долоо хоногийн өмнө шилжих боломжтой байсан боловч тариалан эрхлэгчдийн зарим холбооныхны хүсэлтээр ингэж хойшилсон. Учир нь тэд энэ мөнгийг бага байна гэж үзсэн” гэж “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-ийн гүйцэтгэх захирал Н.Ариунболд мэдэгдсэн юм.

Мөн тариаланчдын мөнгийг болж өгвөл энэ долоо хоногтоо, удлаа гэхэд цагаан сараас өмнө шилжүүлнэ. Ямар нэг хүнд сурталгүй, чирэгдэлгүй зохион байгуулах болно гэв.


 

“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-ийн гүйцэтгэх захирал Н.Ариунболд

-Урамшууллын мөнгийг зарим холбооныхны хүсэлтээр хойшлуулсан гэлээ. Энэ ямар холбоо, ямар хүмүүс юм бол?

-Яаман дээр “Тариалан эрхлэгчдийн холбоо” болон өөр хэд хэдэн холбоод ирж уулзалт хийсэн юм. Энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг хайсан. Гэсэн хэдий ч энэ мөнгийг бага байна гэсэн санал гарсан учир тодорхой хугацаанд шийдэхгүй хойшлогдсон.

Нэгэнт төсөвт тусгагдсан мөнгө учраас яаралтай өгөх нь зүйтэй гэж Засгийн газрын зүгээс үзсэн.

-Холбооныхны зүгээс 100 мянган төгрөгний урамшууллыг 70 мянга болгож буурууллаа гэсэн гомдолтой байх шиг байна?

-Улсын төсөвт 25 орчим тэрбум төгрөг суусан байдаг. Энэ тооцооллыг өнгөрсөн жил хийхдээ 250 мянган тонн улаан буудай хураана гэж тооцож хийсэн.

Гэсэн хэдий ч энэ жил тооцоолсон хэмжээнээс даруй 100 мянган тонноор илүү буюу 350 мянган тонн улаан буудай хураасан.

Тиймээс төсөвт суусан мөнгийг улаан буудайндаа хувааж тооцоход 70 орчим мянган төгрөг гарч байгаа юм. Мөнгийг Засгийн газрын зүгээс ямар нэг байдлаар багасгасан зүйл байхгүй.