-Орхон гол дээр усан сан байгуулах төсөл үр ашигтай бас боломжтой-
Өмнийн говийг усаар хангах үүрэгтэй “Орхон говь” төсөл буюу Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан барьж байгуулах төслийн байгаль орчны болон техникийн урьдчилсан судалгааг хийж дуусгаад байгаа билээ. Одоо 2016 онд багтаан эцсийн шатны судалгааг боловсруулж дуусах ажил үлдээд байна.
Судалгааг боловсруулах компанийг сонгон шалгаруулаад, Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон Техник, эдийн засгийн үнэлгээг нэгэн зэрэг гүйцэтгэж дуусгахаар төлөвлөжээ. Үүний өмнө эдгээр судалгааг хэрхэн хийх тухайд зааварчилгаа болохуйц тийм түвшний ажлын даалгаврыг Дэлхийн банкны стандартын дагуу хийж байгаа юм.
Энэхүү ажлын даалгаврыг Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн (MINIS) хүрээнд боловсруулж буй юм. Төслийн Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлын даалгаварт олон нийт, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч эхэллээ.
Өнөөдөр “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан барьж байгуулах төслийн Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ” хэлэлцүүлэг болж төслийн талаар танилцуулж, зарим саналыг мэргэжилтнүүдээс сонслоо.
Говийн газрын гүний ус нь 15-45 мянган жилийн үеийн тэжээлтэй учир маш бага хэмжээгээр ашиглах нь зохимжтой.
Хуралд төслийн баг болон БОНХАЖ-ын яамны төлөөлөл, аймаг, сумын төлөөлөл, судалгааг гүйцэтгэгч “Престиж” компанийнхан, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Хуралд оролцогчид ерөнхийдөө төслийн урьдчилсан судалгааг үндэстэй сайн болсныг сайшаахын хамтаар өөрсдийн саналаа илэрхийлж, асуулт тавьж байв.
Хэлэлцүүлэгт төслийн байгаль орчин, нийгэм, санхүү, эдийн засгийн анхан шатны судалгааг гүйцэтгэгч байгууллага болох “Престиж” компанийн Дэд захирал Ш.Ганзориг, ахлах менежер М.Далайцэрэн нар гол илтгэлийг тавилаа.
Уг төслийн байгаль орчин, эдийн засгийн урьдчилсан судалгааг 2013 оны аравдугаар сард гүйцэтгэж дуусгажээ. Харин өнгөрсөн онд Дэлхийн банкны дүрмийн дагуу уг төслийн Байгаль орчны үнэлгээ боловсруулах ажлын даалгаврыг боловсруулж танилцуулжээ.
Одоо харин олон нийт, иргэд, төрийн бус байгууллагуудаас ажлын даалгаварт оруулах саналыг өнөөдрөөс эхлэн гурван долоо хоногийн турш “MINIS” бичгээр авах юм байна. Дараа нь бүх саналыг нэгтгэн ажлын даалгаварт харгалзан оруулснаар байгаль орчин болон техникийн судалгааг хэрхэн хийх удирдамж тодорхой болж, улмаар Дэлхийн банкны стандартын дагуу эдгээр судалгааг ирэх жилийн дотор боловсруулахаар төлөвлөжээ.
Уг төслийн хүрээнд Орхон гол дээр 70 метр өндөр, 300 метр урттай томоохон боомт байгуулан урсацын илүүдэл хэсгийг 700 гаруй км үргэлжлэх хоолойгоор Өмнийн говь руу татах юм. Ус дамжуулах хэмжээ дээд тал нь 2500 л/с хүчин чадалтай байх бөгөөд усан санд 800 сая м3 ус хуримтлуулах боломжтой.
Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 530 сая доллар байх урьдчилсан тооцоо гарчээ. Хэрэв 2016 он хүртэл банкны зээл авахад шаардлага хангахуйц түвшинд нарийн боловсруулсан БОННҮ болон ТЭЗҮ судалгаагаа хийж гүйцэтгэж чадвал хөрөнгөө босгоод бүтээн байгуулалтын ажилдаа орох юм.
Орхон гол дээр барих боомт нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт баригдах бөгөөд ус дамжуулах хоолой нь Булган, Төв, Дундговь аймгийн 11 сумын нутаг дэвсгэрийг дайрах юм.
Хоолой дамжин өнгөрч буй газруудад ус нийлүүлснээр газар тариалан, мал аж ахуй хөгжих суурь нөхцөл бүрдэх ажээ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам энэхүү төслийг урагшлуулах талд тууштай байр суурийг баримталж байна.
Хэрэгжиж байгаа болон удахгүй ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагаанаас хамааран говийн бүсэд нэмэлт усны эх үүсвэртэй болгохгүй бол нөхцөл байдал жилээс жилд хүндрэх нь тодорхой байгааг Өмнөговь аймгийн төлөөлөл сануулж байсан юм.
Нөгөөтэйгүүр газрын гүний ус ашиглалтад түшиглэн ажиллаж буй өмнийн говийн уул уурхайн төслүүд нь Монголын байгаль орчинд дэндүү үнэтэй тусч буйг хуралд оролцсон судлаачид тэмдэглэж байсан юм. “Престиж” компанийн Дэд захирал Ш.Ганзоригийн тайлбарлаж буйгаар Говийн газрын гүний ус нь 15-45 мянган жилийн үеийн тэжээлтэй учир маш бага хэмжээгээр ашиглах нь зохимжтой гэсэн юм.
Санхүүжилтийн хувьд “Орхон говь” төсөл эдийн засгийн үр ашигтай гэж урьдчилсан дүгнэлт гарсан тул хөрөнгө босгох үйл явц хавьгүй боломжтой болж буй ажээ.
Мөн усаа үнэтэй борлуулах хууль эрх зүйн орчин манайд нэгэнт сайн бүрдсэн тул томоохон хөрөнгө оруулагч компаниуд уг төсөлд санхүүжилт олгох сонирхлоо илэрхийлэх үүдийг нээлттэй болгожээ.
Дунджаар 49 м3/сек урсацтай Орхон голын урсацын хэмжээ буурч буй гэсэн судалгаа байдаг ч уг төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл болохгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байгаа билээ. Монгол улс нь 1940-өөд оноос эхлэн голуудын усны урсацын дундаж хэмжээг хянаж тогтоосон дата мэдээллийн баялаг бааз суурийг бүрдүүлж иржээ.
Судалгааны тоон мэдээллээс үзэхэд Монголын гол мөрнүүдийн усны урсацын ихэсч багасах мөчлөг 12 жилийн давтамжтайгаар явагддаг байна. Одоогоор манай улсын гол мөрний урсацын хэмжээ нэмэгдэх мөчлөг нь дөнгөж эхлээд байгаа ажээ. Өнгөрсөн оны байдлаар гадаргын усны хэмжээ өмнөх оныхоосоо 4.3%-иар нэмэгдсэн дүнтэй гарчээ.
Уг төслийг хэрэгжүүлэхэд Орхон голын хөндийн эко систем, нөлөөллийн талбай, газар ашиглалт, археологи, түүх соёлын дурсгал, газар ашиглалт, нүүлгэн шилжүүлэлт, уугуул иргэд, хилийн усны асуудлыг судалж шийдэх зэрэг олон чухал ажлыг нарийвчлан шинжилж боловсруулах шаардлагатай байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!