Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Сэдванчиг: Азийн хөрөнгө оруулагчдын хараа Мьянмарт чиглэсэн, Монголоос “Бридж” ч бас хоцрохгүй

ikon.mn
2015 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Бридж” группийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигтай ярилцлаа.  

- Та улс төрөөс ер нь нэлээд хөндийрөөд байна уу даа. Саяхан Мьянмар улсад очоод иржээ. Сүүлийн үед энэ улсыг хөрөнгө оруулагчид нэлээд сонирхох болсон. Та яг ямар зорилгоор Мьянмарт саатаад ирэв?

-Мьянмар улсыг Бирм нэрээр манайхан илүү мэддэг байх. 1989 он хүртэл Бирм нэртэй байсан шүү дээ. 1962 онд ардчилсан засаглалаа түлхэн унагаснаас хойш цэргийн засаглал ноёрхсон орон. Энэ ноёрхол нь эцэстээ тус улсыг ядууралд гүнзгий түлхэн оруулсан гэж үздэг. Буддын шашин маш өргөн тархсан энэ улс өнгөрсөн хагас зууны турш цэргийн эрхтэн дархтануудын дарангуйлал дор амьдарсан гэсэн үг.

Өнөөдөр энэ оронд шинэчлэл өөрчлөлтийн давалгаа ид явагдаж байна. Гаднын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл, боломж олгож эхэлснээр дэлхий дахины анхаарлыг татсан орны нэгд яах аргагүй тооцогдох боллоо.

 Азийн хөрөнгө оруулагчдын хараа Мьянмарт чиглэсэн. 

Байрлалын хувьд ч тун аятайхан. Энэтхэг-Хятадын хойгтоо хамгийн том нутагтай, Зүүн өмнөд Азийн орон. Хятад, Лаос, Тайланд, Бангладеш, Энэтхэг улсуудтай хиллэдэг. 51 сая хүн амтай. Ажиллах хүчний зардал маш бага.

Би бизнесийн ажлаар очоод ирлээ. Манай “Бридж” групп Япон, Сингапурын түншүүдтэйгээ хамтран тэнд жилийн өмнөөс шинэ төсөлд хөрөнгө оруулж, ажлаа эхлүүлээд байна. Азийн хөрөнгө оруулагчдын хараа Мьянмарт чиглэсэн. Монголоос “Бридж” ч бас хоцрохгүй гэж бид шийдсэн хэрэг. Сая төслийн Удирдах зөвлөлийн хурлаа хийлээ.    

-Аль салбарт, ямар төсөл хэрэгжүүлж байгаа юм бэ?

-Төсөл эхлээд удаагүй байгаа болохоор дэлгэрэнгүй танилцуулахад арай л эрт байна.

Ерөнхийдөө үйлдвэрлэлийн салбарт хэрэгжих төсөл. Бид энэ төслөө нэлээд амжилтад хүрэх болов уу гэж найдаж байгаа.

-Монголын өрсөлдөгч Мьянмар болж байна гэж гадны хэвлэлүүдэд хүртэл бичсэн байдаг. Гадаадын хөрөнгө оруулагчид тус улсын аль салбарыг илүү сонирхож байна вэ?

- Уг нь Бирм 80 жилийн өмнө Азидаа тэргүүлэх хөгжилтэй орон байжээ. Харамсалтай нь, алдаатай бодлогоос болж уруудсан. Харин өнөөдөр Азидаа тэргүүлэх хөгжилтэй орон болохын төлөө эргэлт буцалтгүй зүтгэж эхэлсэн байна. Дэд бүтцээс эхлээд цахилгаан, холбоо, зам харилцаа, цаашлаад хөдөө аж ахуй, уул уурхай, үйлдвэрлэлийн асар том бизнесийн орон зай байна гэж харсан дэлхийн улс орнууд анхаарлаа хандуулж байна.

Тухайн улсаас явуулж байгаа бодлого нь ч эерэг. Бид хоол идэхдээ таваг бэлтгэдэг шиг, тэд гаднын хөрөнгө тавих таваг, сууриа нэлээд сайн бэлтгэж байгаа юм байна. Хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдийг татах хэд хэдэн бүс нутгаа тодорхойлоод, тэндээ шаардлагатай дэд бүтэц, зам, харилцаа холбоог бий болгосон байна. 

Гаднын хөрөнгө оруулагчдад тогтвортой үйл ажиллагаа явуулахад банк санхүүгийн үйлчилгээ маш чухал. Тиймээс гадаадын есөн ч банкинд ажиллах эрхийг нь олгочихсон байна. 

 Бирм 80 жилийн өмнө Азидаа тэргүүлэх хөгжилтэй орон байжээ. 

Хятад улс Мьянмарын баруун эргийн боомтоос 2500 орчим км байгалийн хийн хоолой татчихаж. Энэтхэг, Тайландтай олон улсын автозамын сүлжээ, Японтой эрчим хүч, мэдээлэл технологийн салбарт хамтарч ажиллах гэрээ хэлцлүүд хийгдээд эхэлжээ. Харин цахилгааны хүрэлцээ нэлээд тааруу. Үе үе тасарна, хот нь гэрэлтүүлэг муутай юм.

Энэ асуудлаа шийдэхийн тулд Японы компаниудтай хамтарч 2000 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих бэлтгэл ажилдаа орсон байна. Их хэмжээний зээл авч нийслэлээ нүүлгээд, хотоо шинээр барьж, аялал жуулчлалыг тэндээ хөгжүүлэх зорилго тавьжээ.

Энэ мэт агуулгаараа бизнесийн боломжтой бүс нутаг гэж үзэхээс аргагүй нөхцөл бүрдэж байна. Цаг агаарын хувьд хөдөө аж ахуйд нэн тааламжтай. Уг нь нэг хэсэг цагаан будааны тариалалт, экспортоор дэлхийд тэргүүлж байсан юм билээ. Харин одоо эргээд сэргэж, Энэтхэг рүү цагаан будаа экспортлоод эхэлчихэж.

Гаднын хөрөнгө оруулагчид “гар тоормосоо” татсан

-Монгол Улс гаднын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор багагүй ажил хийсэн. Үүний дүнд хөрөнгө оруулалт өссөн, нэмэгдсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд тасралтгүй буурсаар байна. Өнөөдөр нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал бизнесийн салбарт хэр хүнд тусаж байна вэ?

-Монгол Улсын санхүү, эдийн засаг, бизнесийн макро нөхцөл байдал нэлээд хүндэрсэн. Энэ бодитой зүйл. Манай улсын хувьд гаднын хөрөнгө оруулагчдыг, тэр дундаа уул уурхайн салбарт сайн татсан.

Харамсалтай нь, бодлогын тогтворгүй байдалтай холбоотойгоор нэлээд буцаж байх шиг байна. Нэг үгээр хэлбэл, хөрөнгө оруулагчид “гар тоормосоо” татжээ. Харин тэдний нэг хэсэг нь өнөөдөр Мьянмарыг сонирхож, тэнд бизнесээ эхлүүлэхээр явж байхыг үгүйсгэх аргагүй.

Тус улсад ирэх арваннэгдүгээр сард томоохон сонгууль болох юм билээ. Дээд, доод танхим нь 670-аад гишүүнтэй. Үндсэн хуулиараа хуульчилсан цэргийн 25 хувийн суудлаас бусад суудал буюу 75 хувийг шинээр сонгоно. Сонгуулийн үр дүн хөрөнгө оруулагчдын анхаарлыг нэлээд татаж буй.

Гэхдээ чөлөөт зах зээлийг сонгосон, төрөөс баримтлах бодлого чиглэл нь өөрчлөгдөхгүй, тодорхой, ойлгомжтой гэдэгт хөрөнгө оруулагчид итгэлтэй байгаа бололтой юм.

Ялангуяа байрлал нь таатай болохоор Хятад, Энэтхэг, Зүүн өмнөд Ази-ASEAN-ы хөрөнгө оруулагчид (эдгээр улс оронд дэлхийн хүн амын тэн хагас буюу гурван тэрбум хүн амьдардаг) Европ, Америкаас илүү сонирхож байна.

Манай улсын хувьд төрийн бодлого нь байн байн өөрчлөгддөг, тогтворгүй муу засаглалтай, зах зээл нь багтаамжгүй, хөрш хоёр орноос хэт хамааралтай  гэсэн тодорхойлолт авчихаад байна.

Байсхийгээд л сонгууль болдог, нэг Засгийн газар нь гарч ирээд өмнөх Засгийнхаа бодлогыг үгүйсгэдэг. Удирдагчдаасаа эхлээд хэлсэн ярьсан нь өөрчлөгддөг, барьцгүй, тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдын итгэл алдрахад нөлөөлжээ. Мөн манай зарим бизнесмэнүүдийн хөрөнгө оруулагчдыг хулхиддаг, гомдоодог үйл ажиллагаатай ч холбоотой. “Монголд бизнесийн орчин таагүй учраас Мьянмарт...” гэсэн байдлаар хандах болж. Цаг хугацааны тохироо бүрдсэнийг ч үгүйсгэх аргагүй.

-”Чингис” бонд, өрийн асуудал өнөөдөр бас нэг ярианы сэдэв болоод байна. Ер нь энэ бонд манайханд, тэр дундаа хувийн хэвшлийнхэнд өгөөжтэй байж чадсан уу?

-Олон улсын туршлага, жишгээс харахад бондын эх үүсвэр богино хугацаатай байдаг. Тиймээс маш богино хугацаанд ашгаа өгөх төсөлд зарцуулдаг. Гэтэл манайхан бондын эх үүсвэрийг өгөөж багатай, дэд бүтцийн чанартай төслүүдэд ихэнхийг нь өгчихсөн. Өгөөж багатай, эргээд ашгаа өгөх, эсэх нь эргэлзээтэй хөрөнгө оруулалтыг урт хугацаатай, 20, 30, 40 жилийн өртөг багатай зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг.

Өмнөх Засгийн хувьд нэгдүгээрт мөнгөгүйн зовлон байсан байх. Хоёрдугаарт, Засгаа байгуулаад ажлыг шуурхай хурдан явуулах шаардлага ч бас байсан нь мэдээж. Ядахад манай улсын эдийн засаг нуугдмал, далд.

Олон улсын туршлага, жишгээс харахад бондын эх үүсвэр богино хугацаатай байдаг. 

ДНБ-ий бараг 30-40 хувь нь далд гэж үздэг. Далдлаад нуугаад байхаар эдийн засаг маань өөрөө жижиг харагддаг. ДНБ бүрэн тооцогдохгүй болохоор энэ тоондоо хязгаарлагдаад, баригдчихаад байна. Баглуулсан маягтай л байгаад байна шүү дээ. Тэгэхээр эхний ээлжинд далд эдийн засгийг яаралтай ил болгох хэрэгтэй.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хууль өргөн баригдчихаад байгаа. Эдгээр хууль батлагдаж, хэрэгжвэл Таны хэлээд байгаа хямралаас гарах нэг гарц болж чадах уу?

-Шинэ Засгийн газрын гарцаагүй хийх шаардлагатай ажлын нэг энэ мөн. Хямралаас гарахад дэм болох нь тодорхой. Уг нь өмнөх Засгийн газар цаг алдалгүй шийдэх ёстой байсан. Тэгээд өрийн хэмжээ буюу өрийн дээд хязгаараа нэмэгдүүлээд явсан бол өнөөдөр ДНБ-ий 60-д хүрчихсэн тухай сенсаац дэгдээд, маргалдаад байх шаардлагагүй ч байсан юм бил үү.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг би хэд хэдэн ач холбогдолтой гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, итгэл нь алдарсан татвар төлөгчид, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх нэг хөшүүрэг болно.

Валютын ханшийн өсөлт, төгрөгийн уналтаас болоод хувь хүн, компани, хөрөнгө оруулагч бизнесийнхэн хадгаламжаа, өөрт хуримтлуулсан мөнгөө, эргэлтийн хөрөнгөнийхөө бараг тал хувийг алдчихлаа шүү дээ. Үндсэндээ зүгээр л алга болсон, ямар ч үнэ цэнэгүй болчихсон. Тэгэхээр яаж итгэлтэй байхав. Өмнөх жилүүдэд том үнийн дүнтэй валютын зээлтэй байсан аж ахуйн нэгжүүд энэ ханшийн хайчинд хяргуулчихлаа.

Хоёрдугаарт, далд эдийн засаг ил болно гэдэг тун чухал. Өнөөдөр манай компаниудын олонхи нь хоёр тайлан баланс хөтөлдөг. Хэрвээ хууль батлагдвал нуугдмал хөрөнгө ил гарч одоогийн ДНБ-ий хэмжээ өсөх хэрээр улсын эдийн засаг томорно. Ингэснээр компанийн хувьд зээлжих чадвар нь нэмэгдээд явчихна. Жижиг, бага хөрөнгөтэй компани байсан бол том харагдана биз дээ. Яг үүнтэй адил улс оронд том эх үүсвэр татах, эдийн засгаа тэлэх боломж гарч ирэх учиртай. Үүнийг бүр том дүр зургаар харвал улсын өр хэмжээнээс хэтэрчихлээ гэж яриад байгаа асуудалд бас эергээр нөлөөлнө.

Гуравдугаарт, “гар тоормосоо” татчихаад байгаа хөрөнгө оруулагчдад, ерөнхийдөө дотоод, гадаад зах зээлд маш эерэг дохио болно. Мэдээж Татвар, хуулийн байгууллагын дарамтад орсон бизнесийнхнийг зовлонгоос нь салгаж өгөх ач холбогдолтой. 

2014 оны эхэнд ДНБ-ий хэмжээ 17.6 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох хэмжээ 6.5 сая төгрөг болсон мэдээ бий. Өнгөрсөн оны эцэс гэхэд ДНБ-ий хэмжээ долоон хувиар өссөн гэж гарсан. Ойролцоогоор 20 их наяд төгрөг гэж бодъё. Тэгвэл үүн дээр нөгөөх далд эдийн засгийн 30, 40 хувийг нэмбэл 26, 28 их наяд төгрөг болох нь ээ дээ. Энэ хэмжээнээс өрийн хязгаарыг тооцвол зээлжих эрх нэмэгдэнэ, хямралаас гарах нэг хөшүүрэг болох учиртай.

Нэгэнт өршөөх юм бол иргэний хариуцлагаас ч бас чөлөөлөх ёстой

-УИХ-ын зарим гишүүн нууж далдалсан орлогыг ил болгох сайн талтай ч татварын өршөөлийг ойр ойрхон үзүүлж болохгүй гэсэн байр суурьтай байна. Байсхийгээд өршөөл үзүүлээд байвал татвар төлөгчид дараагийн өршөөлийг хүлээдэг болчих сөрөг талтай гэж үзээд байна?

-Хамгийн гол нь ийм нөхцөл рүү манай татварын тогтолцоо өөрөө залаад явчихсан шүү дээ. Дээр би хэлсэн. Аж ахуйн нэгж, компаниуд хоёр тайлан баланс хөтөлж байна гэж. Өнөөдөр татварын дарамт бага биш байна, хөгжиж байгаа орон гэхэд. Төрийн хяналтын албан хаагчид нь энэ дарамтыг хувьдаа ашиглах сонирхолтой. Бизнесийн орчин сайн биш. Эдийн засаг нь жижиг, зах зээл нь бага. Бизнесийн татвар, хууль эрх зүйн орчин ийм байдалд оруулжээ.

Энэ гажуудлыг засах ёстой. Хэрвээ хуримтлагдаад байвал далд эдийн засгийн хувь хэмжээ улам өсөж, тэр хэмжээгээр авлига нэмэгддэг. Байсхийгээд өршөөгөөд байж болохгүй гэж ярьж байгаа ч өнөөдрийн тулгамдсан, бугшсан асуудлыг засаж залруулж, зөв голдиролд нь оруулахаас өөр аргагүй. Хугацаа алдсанаас хямрал улам гүнзгийрч байна.

-Одоо өргөн бариад байгаа хоёр хуулийн төсөлд анхаармаар зүйл заалт, өөрчилмөөр, засаж залруулмаар асуудал байна уу?

-Хуулийн төслүүдийг сонирхсон. Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг харахад зөвхөн эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээхээс чөлөөлнө гээд заачихсан нь нэг талаар өрөөсгөл, явцуу харагдсан.

Төр нэгэнт өршөөх гэж байгаа бол бүгдийг тооцох ёстой. Тодорхой хэлбэл, татварын торгуулийн асуудлаар иргэний журмаар маргаан үүсчихсэн тохиолдол Монголд маш олон бий. Ер нь татварын асуудалгүй, ямар нэг байдлаар холбогдоогүй аж ахуйн нэгж гэж бараг байхгүй байх. Тэр нь ихэнх тохиолдолд иргэний шүүхээр явдаг, хэдэн жил үргэлжилдэг жишээ ч олон.

Гэтэл иргэний хариуцлагаас чөлөөлөхгүй, эрүүгийн, захиргааны хариуцлагаас өршөөнө гээд заачихаж. Энэ нь эцэстээ хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, тооцож таамагласан үр дүндээ хүрэхгүй, зорилгоо биелүүлэхгүй байх вий гэсэн болгоомжлол төрүүлж байгаа юм. Иймд иргэний хариуцлагаас ч гэсэн чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлгийн үеэр анхаараасай. 

-Хууль хэрэгжих хугацаа нь зургаан сар байсан уу. Энэ хэр боломжийн хугацаа вэ?

-Тийм. Төслөөр бол зургаан сар гэж байсан. Компаниудын хувьд энэ бол бага хугацаа. Бүх тайлан балансаа цэгцэлж, хянахад ер нь амжих уу, үгүй юү. Дэлхийн бусад орны жишиг, туршлагаас харахад татвартай, бизнестэй холбоотой иймэрхүү хуулийг удаадаггүй. Маш хурдан хэлэлцэж батлаад, хэрэгжүүлэх боломж олгодог.

Үүнтэйгээ зэрэгцээд Татварын тухай хууль, НӨАТ зэрэгт өөрчлөлт оруулж, боловсронгуй болгох шаардлага бий. НӨАТ-ын тухай хууль гэхэд 10 сая төгрөгөөс дээш орлоготой бол төлнө гэх мэтээр босго тавьчихсан. Тэгвэл хөгжсөн улс оронд иргэн бүхэн НӨАТ төлдөг. Гадаадын аль ч оронд очоод, юу ч худалдаж авсан хүмүүс НӨАТ төлдөг. Жишээ нь, Японд саяхнаас найман хувь болчихсон байна лээ. Ундаа, ус, юу ч авсан энэ найман хувийн НӨАТ-ыг төлнө гэсэн үг. Тэгэхээр Монгол ч ялгаагүй ийм л болох ёстой.

Гэтэл Монголд цөөхөн хэдхэн аж ахуйн нэгж татвараа төлдөг, татварын орлогыг бүрдүүлдэг системээр өнөөдрийг хүрч байна. Үүнийг өөрчлөх ёстой.

Татварын тухай хууль, НӨАТ зэрэгт өөрчлөлт оруулж, боловсронгуй болгох шаардлага бий.

Манайхны зарим нь үнэнчээр төлсөн нь хохирч, нуусан нь хожлоо гэх утгатай юм ярьж байгаа нь үнэний хувьтай ч ийм жижиг агуулгаар биш, шударга байх, нэг гараанаас хөдлөх боломжийг олгох агуулгаараа энэ хуулийн ач холбогдол өндөр юм. УИХ нь уу, Засгийн газар нь уу, эсвэл Ерөнхийлөгч нь үү гээд хариуцлага хүлээх эзэн алга

-”Шийдлийн” гэж нэрлээд байгаа Засгийн газар гарч ирснээр нийт иргэдийн дунд “Ер нь өмнөх бүх Засгийн газрын алдаа, буруугаас болж өнөөдөр ийм байдалд хүрсэн юм байна” гэсэн ойлголттой болж байна. Та улстөрчийн хувьд ямар дүгнэлт өгмөөр байна вэ?

-Ер нь сүүлийн хэдэн жилийн эрх баригчдын ухаангүй бодлого өнөөдрийн хямралын ул суурийг бүрдүүлчихсэн юм. Гаднаас зээл авсан, төсөвт орох ёстой орлогоо урьдчилж аваад иргэддээ бэлэн мөнгө хэлбэрээр тараасан. Ер нь янз бүрийн халамж хавтгайрсан. Одоо энэ алдаагаа засах гээд чадахгүй л байна шүү дээ. Эдгээр нь сонгуулиас сонгуулийн хооронд өрнөсөн улс төрийн намуудын амлалтаас үүдэлтэй. Намууд амлалтаа биелүүлэх гэж улс орныхоо хэтэвчийг хайр найргүй сэгсэрдэг. Ийм явуургүй аргаар олон жил явсныхаа лай ланчгийг бид өнөөдөр үүрч байна.  

Энэ бүхэн улсыг, эдийн засгийг баллана шүү гэдгийг би УИХ-д сууж байхдаа ярьдаг л байсан. 2008 оны сонгуулийн дараа хамтарсан засаг байлаа шүү дээ. Тэр үед би УИХ-ын чуулган дээр ч, Бүлгийн хурал дээр ч “Хэдүүлээ хамтарсан дээрээ энэ 1.0 сая, 1.5 сая төгрөгийн амлалтаасаа татгалзъя. Хэрвээ ингэж тараавал улс орныг сүйрүүлнэ, болохгүй” гэж хэлдэг л байсан.  Энэ яриа архивт үлдсэн л байх ёстой. Харамсалтай нь, энэ бол улс төрийн амлалт болохоор ямар ч аргагүй гэсэн тайлбар өгдөг байсан.

-Хямрал ингэтлээ гүнгийрсэнд хариуцлага тооцох тогтолцоо ингэхэд байна уу?   

-Манай одоогийн төрийн тогтолцоогоор бол улс орныг сүйрүүлчихээд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй шүү дээ. УИХ нь уу, Засгийн газар нь уу, эсвэл Ерөнхийлөгч нь үү гээд хариуцлага хүлээх эзэн алга. Нэг л том дарга нар, хаана ч хамаагүй, юу ч ярьж, хийж болох мэтээр аашилдаг. Яг үнэндээ гаднын хөрөнгө оруулагчдын итгэл алдарч буйн бас нэг үндсэн шалтгаан нь хоосон яриа, хариуцлага тооцох эзэнгүйтэй холбоотой юм.  

-Засаг солигдох тоолонд аль нэг яам, тамгын газар тухайн намын, сайдын хувийн компани шиг болдог явдал сүүлийн үед, ялангуяа шинэ Засгийн газарт бүр ил цагаандаа гарч байна. Төрийн ажлыг ингэж төрлийнх болгож боломгүй санагдах юм?

-Төрийн ажлыг хувийн бизнес шигээ ойлгодог, хувийн эрх ашигтаа үйлчлүүлдэг тогтолцоо хэдийнэ тогтчихсон, Монголд. Төрийн зөв бодлого тасралтгүй явж байж улс орон хөгждөг.

Гэтэл нэг Засаг нь гарч ирээд л баахан бужигнуулдаг, нэг сайд ирээд багаа бүрдүүлж эхэлдэг. Энэ юутай холбоотой вэ гэдгийг нэлээд сайн бодох л ёстой. Эцэстээ, улс орны өмнө хариуцлага хүлээх эзэнгүй. Шүүх, прокурор, АТГ-ын толгойг томилох эрх мэдлийг Ерөнхийлөгч нь барьж байна. УИХ бол хэн нэгний хөтөлж оруулж ирсэн хүнийг кноп дарж томилж явуулах л үүрэг хүлээдэг юм билээ.

Засаг нь нам, бүлэглэлүүдэд албан тушаал хуваарилж томилгоо хийдэг болсон. Зарим нь Цэц, шүүх дээр очоод хүчингүй болчихно. Засаг нь хэрэгтэй ажил хийе, шийдвэр гаргая гэхээр улстөрчид нь хаачихдаг.

Засаг нь нам, бүлэглэлүүдэд албан тушаал хуваарилж томилгоо хийдэг болсон.

Бид нэг иймэрхүү л маягаар цөөнгүй жил явлаа. Би түрүүн Бирмийн жишээг ярьсан даа. 80 жилийн өмнө хамгийн хөгжилтэй орон байсан бол 80 жилийн дараа хамгийн хоцорсон, ядуу буурай орон болчихсон гэж. Улс төрийн тогтолцоо нь буруу замд орж, цэргийн удирдагчдын бодлого нь улс орноо сүйрүүлсэн. Сайн бод гэдэг шиг санаа авмаар л түүх.

-Уул уурхайн яамыг “Бридж” группийн мэдэлд очсон, бараг хувийн компани нь болсон гэж яригдаад удлаа. Та ямар тайлбар өгөх вэ?

-Төрийн нэг яам хувийн компанийн мэдэлд очсон гэсэн яриа байгаа бол үнэхээр ойлгомжгүй. Үнэн хэрэгтээ энэ нь улс төрийн зорилготой цуурхал уу, эсвэл хэн нэгний эрх ашиг хөндөгдөөд зориуд гаргасан яриа юу гэдгийг сайн судалж үзэх ёстой байх. Миний хувьд бизнесийн ажил хариуцаад үнэндээ өөр зүйл бодох завгүй явна. Компаниа дампууруулчихгүйгээр яаж энэ хямралаас хохирол багатай яаж гарах вэ, хүмүүсээ яаж ажилтай, цалинтай байлгах вэ гэдэгт л толгойгоо гашилгаж байна. Ер нь энэ хэцүү үед 500 гаруй хүнийг ажилтай, цалинтай байлгах тийм амар ажил биш болчихоод байна.

Тэр яаманд хэн томилогдсон, орсон, гарсан гээд төрийн ажил надад огтхон ч хамаагүй. Манай компанийн хувьцаа эзэмшигч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нэг удаа сайдаар томилогдож ажилласан. Энэ утгаар нь холбодог юм болов уу. Ер нь холбогдох хууль журмаар төрийн өндөр албан тушаалтан бизнесийн үйл ажиллагаанд оролцож болохгүйг зохицуулаад өгчихсөн байдаг. Тиймээс гишүүний бие төлөөлөгч групп компанийн нэг салбараа хариуцаад, ТУЗ-ийн гишүүний үүрэг гүйцэтгээд явж байгаа. Бид ТУЗ дээрээ асуудлаа яриад шийдээд явдаг, гишүүнтэй тэр бүр уулзах цаг зав ч байдаггүй.

Өөрөөр хэлбэл, төрийн ажилтай нь төрийн ажлаа, компанийн ажил  хариуцсан нь компанийн ажлаа хариуцаад явж байна. Бид албаны ажлыг бизнестээ хутгасан зүйл огт байхгүй гэдгийг би итгэлтэй хэлж чадна. Тэгээд ч бидэнд ёс суртахуун, хүмүүжил гэж байна, бас учраа мэдэх хүмүүс шүү дээ.

Одоо болохоор сайд Р.Жигжид, сайдын зөвлөх бас нэг хүнтэй холбоод байх шиг байгаа юм. Үнэндээ 1980-аад онд Японд сургууль төгссөн 10-аад хүн байдгийн хамгийн ахмад нь Р.Жигжид сайд. Тэр утгаар япон ёс заншлын дагуу сэнпай, коохайн (Японы сургуульд дээр, дор төгссөн хүмүүс биенээ хүндэтгэн дууддаг хэллэг) холбоотой, олон жил биенээ сайн мэдэх л хүмүүс.
Баялаг нь гараад байгаа ч мөнгө нь улсад ордоггүй. Энэ бол боловсон хулгай

-УИХ-ын зарим нэг гишүүн, тухайлбал С.Ганбаатар, Х.Уянга нар Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэсэн байр сууриа байнга илэрхийлдэг. Энэ ер нь хэр бодитой санал гэж Та үзэж байна вэ?

-”Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлын ажлыг өгөөд би бараг хоёр жил болчихлоо. Энэ хугацаанд “Оюутолгой” төслийн ажилд ямар нэг дэвшил гарсангүй гэж хардаг. Харин нэр дурдсан гишүүдийн хувьд Оюутолгойг явуулж  болохгүй гээд тэмцээд байна гэж би ойлгодоггүй. Популизм хийж байна гэж хүмүүс яриад байдаг юм билээ. Би бол популизм гэж арай өөр зүйлийг хэлдэг гэж боддог. Тэд байгалийн баялгийг илүү үр дүнтэй ашиглая, илүү өгөөж авахын оронд ийм зүйл дээр алдаад байна, энэ нь болохгүй байна, тэрийг нь ингэмээр байна гэдгийг л хөндлөнгөөс харж, саналаа хэлдэг гэж ойлгодог.

“Оюутолгой” төслийн ажил хэвийн явж байна гэж хардаг. Би ажил хариуцаж байх үедээ олон бэрхшээл туулж, хөрөнгө оруулагчдын аргыг нь олох үедээ олж, буулт хийх үедээ хийж явсан. Баяжуулах үйлдвэр нь ашиглалтад ороод, бүтээгдэхүүнээ гаргаад, төсөл өөрийн гэсэн орлоготой болсон. Гол нь тэндээс гарсан баялаг, баяжмалын орлого хаашаа яваад байна вэ гэдэг л сонин. Монголд орж ирэхгүй байна гэдэг яриа байнга сонсогдох болсон.

Тэр баяжмалын орлого өнөөдөр Монголд дутагдаад байгаа валютын нөөцийг нөхөж, ханшийн уналтыг тодорхой хэмжээгээр барихад нөлөөлж чадаж байна уу, үгүй юү гэдэг том асуултын тэмдэг. Оюутолгойн гэрээтэй холбоотой олон асуудал ярьж болно, ажлаа өгсний дараа ч хангалттай ярьсан.

Ер нь яаж ч бодсон тэр баяжмалын орлогыг улсын банк санхүүгийн судсаар дамжуулж энэ хомсдоод байгаа валютын үүсвэрт ашиглах нь зүйтэй биз дээ. Өнөөдөр энэ чухал асуудлыг ярьж байгаа ажил хариуцсан хүн байна уу? Ганц хоёрхон гишүүн л дуугарч байна. Биднийг хооронд нь зодолдуулж, хугацаа авч байгаад, араар нь хөрөнгө оруулагчид өнөөг хүртэл оруулсан мөнгөө гаргаад авчихаж байх шиг байна даа. Харин далд уурхайн ажил түр зогссон нь хөрөнгө оруулагч “Рио”-гийн санаачилга, дээр нь манай ухаангүй бодлоготой ч холбоотой.

-Тэгвэл баяжмалын орлого яг хаашаа ороод байгаа юм бэ?

-Офшор дансаар дамжаад хаашаа ороод байгааг би хэлж мэдэхгүй. Ер нь “Оюутолгой” төсөлтэй холбоотой зүйлийг иймэрхүү бодитой асуудлаас эхэлж шийдмээр байгаа юм. Баялаг нь гараад байдаг. Гэтэл мөнгө нь улсад орж ирдэггүй, бас дамждаггүй. Өөрөөр хэлбэл, энэ бол боловсон хулгай гэж Н.Батбаяр сайд байхдаа нэг удаа хэлж байсан нь санаанд орж байна.

-Таны амьдралын тодорхой нэг үе “Говь” компанитай холбоотой. Тиймээс энэ компанитай холбоотой асуудлыг асуухгүй өнгөрч болохгүй нь. Таны бодлоор “Говь”-ийг хувьчилсан гол зорилго биелсэн үү?

-Миний амьдрал ”Говь”-той үндсэндээ 20-иод жил холбогдсон юм. Залуу нас, эрч хүчтэй үеэ тэнд өнгөрүүлсэн. Хоёр ч удаа захирлаар нь ажиллалаа. 2007 онд хувьчлагдсанаас хойш найман жил өнгөрчихөж. Хувьчлагдсаны дараа хувьцаагаа зараад бодитой мэдээллээс тасарсан. Хэрэглэгчийн нүдээр харахад дэвшил байна. Лав бүтээгдэхүүний загвар хийц сайжирсан.

Миний үед энэ үйлдвэр “Эрдэнэт”-ийн дараа ордог байлаа. Зарим үед урд нь орж байсан үе ч бий. Улсын валютын нөөц бүрдүүлэхэд гол нөлөө үзүүлдэг байлаа шүү дээ. Энэ үйлдвэрийг би тараачихаагүй, эзэнтэй болгоод, хувьчлалынх нь орлогыг оруулаад, иргэний үүргээ биелүүлж чадсан гэж одоо бахархаж явдаг.

1990-ээд он, 2000 оны эхээр бас л хэцүү байсан даа. Олон ч үйлдвэр хаалгаа барьсан. Харин бид тэр хүнд хэцүү үеийг даван туулж чадсан. Хэрвээ тэр үед дампууруулчихсан бол “Говь” гэх том үйлдвэрийг идсэн, тараасан гэх нэр зүүгээстэй байх байсан биз ээ. АН-д өөрчлөлтийн салхи салхилаад эхэлж байх шиг байна

-Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш АН-ыг гишүүддээ хэт хатуу хандаж байна гэх яриа гарах боллоо. Ер нь Та намынхаа үйл ажиллагаанд хэр оролцоотой байгаа вэ?

-Засаг намын тууштай гишүүндээ хатуу хандсан жишээ надад тохиолдсон юм шүү дээ. (инээв) Шинэ Засгийн газар эрх мэдэл хуваарилсны дагуу халаа сэлгээ хийгдэж байгаа биз дээ. Манай төрийн ажил ийм хэлбэрт шилжээд удаж байгаа. Дээр ч бас ярьсан. Төрийн залгамж чанар, тогтвортой байдал байхгүй.

Энэ нь эцэстээ төрийн албан хаагчийн нэр хүндийг дэндүү унагаж, иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулсан. Төрийн тогоонд байсан хүний хувьд намын үйл ажиллагаа, шинэчлэлтэй холбоотой өөрчлөлтийг ажиглаж байна. Намын дарга, генсек өөрчлөгдлөө. Тун боломжийн хүмүүс томилогдсон гэж бодож байгаа.

Ер нь энэ намын үйл ажиллагаа, бодлого, чиглэл, арга барилд өөрчлөлт оруулах, сайжруулах зүйл их бий. Өөрчлөлтийг шинэ удирдлагууд хийж чадна гэж найдаж байна. Хийхэд нь миний зүгээс сэтгэл гаргаж оролцоно гэж бодож байгаа. Удахгүй болох Намын Их хурлыг зохион байгуулах комисст би орсон.

Улс төрийн намын тухай хууль батлагдвал намын дүрмээ боловсронгуй болгохоос эхлэх ёстой болов уу. ҮЗХ бол тогтмол сэлгээ хийгээд, өөрчлөгдөөд явдаг бүтэц. Удаан хугацаанд хөдөлгөөн ороогүй тул тэнд суудаг хүмүүс ердөө л кноп дарах, фракцын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй болчихсон юм билээ.

ҮЗХ-ны гишүүний татвараа хүртэл фракцаараа төлүүлдэг. Ийм хүмүүсээр бүрдчихсэн. Энэ бүхнийг өөрчлөх салхи салхилаад эхэлж байх шиг байна. Тэнд  бодлого боловсруулдаг, амьдрал мэддэг хүн байх ёстой байлгүй дээ. ҮЗХ-ны гишүүнд УИХ-д байг гэхэд, сум, аймгийн ИТХ-д сонгогдоод, ажиллаад үзчихсэн хүн байх ёстой санагддаг.

-Хэдийгээр АН шинэчлэл хийхээр зорьж, бүр хэрэгжүүлж эхэлсэн нь харагдаж байгаа ч энэ нь танай намын зарим гишүүнд огтоос таалагдахгүй байгаа юм биш үү?

-Та бид хоёр улс төр лүү нэг их орохгүй гэж тохирсон байх аа. Гэтэл “өвчин сэдрээд” зөндөө ярьчихлаа. Энэ удаад яриагаа ингээд өндөрлөе өө.

-Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

Ц.Цэвээнхэрлэн