Саяхан Японы засгийн газар мэдэгдэл хийж тус улсын нэг иргэний амийг хөнөөсөн Исламын улс бүлэглэлийг шүүмжилж, үлдсэн нэг иргэнээ даруй суллахыг шаардлаа.
Исламын улсынхан хоёр барьцааны хүний нэг Харуна Юкаваг алснаа видео мэдэгдлээр зарлажээ.
Видеонд үлдсэн Кенжи Гото нь алагдсан Юкавагийн толгойг барьсан гарч байгаа гэнэ.
Гото нь хэлэхдээ “тэдэнд одоо мөнгө хэрэггүй. Тэд шоронд хоригдсон эгч Сажида аль-Ришавиг суллахыг шаардаж байна” гэжээ.
Сажида аль-Ришави нь 2005 онд Иорданы Амманд бөмбөг дэлбэлэхэд оролцсон хэргээр цаазын ял аваад байгаа нэгэн гэнэ.
Японы иргэн Гото нь чөлөөт сэтгүүлч бөгөөд алагдсан Юкаваг суллуулахаар араас нь Сирид ирээд байсан юм. Тэгээд өнгөрсөн 10 дугаар сард Исламын улсынханд олзлогдсон гэнэ.
Харин армид гэрээгээр бараа нийлүүлэлт хийдэг гэгдээд байгаа Юкава нь өнгөрсөн наймдугаар сараас хойш хоригдож байжээ.
Өмнө нь Исламын улс бүлэглэл Японы засгийн газарт хоёр иргэний амийг 200 сая доллараар солилцох санал тавиад байсан билээ. Энэ шаардлагын 72 цагийн хугацаа өчигдөр дууссан юм.
Эх сурвалж: NPR.org
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!