Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мянганы сорилтын сангийн хоёр дахь хөтөлбөр үргэлжлэн хэрэгжинэ

БОНХАЖЯ
2015 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд  Пайпэр Энн Уинд Кэмбэллтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл хоёр улс байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарт  хамтран ажиллаж ирсэн арвин баялаг туршлагатайг хэллээ. АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй Монголд хэрэгждэг Мянганы сорилтын сангийн хоёр дахь хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих гэж байгаа. Тус сангаас хэрэгжих төслийн хүрээнд усны асуудалд анхаарахаар төлөвлөж байгааг Элчин сайд дуулгалаа.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол,  Засгийн газар богино хугацаанд тодорхой бодит ажлууд хийхээр төлөвлөж байгаа гэв. Ялангуяа өөрийнх нь хариуцдаг БОНХАЖ-ын салбарт тулгамдсан, шийдвэрлэвэл зохих олон асуудал байгаа гэв.

Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулах, тарьсан модыг   ургуулах, үржүүлэх, Улаанбаатар  хотын агаар, хөрсний бохирдол  гэхчлэн олон тулгамдсан асуудал байгааг өгүүллээ.

Мөн байгаль орчноо хамгаалахаар сайн дураараа нэгдэн нийлсэн иргэдийн нөхөрлөлүүдийг бодлогоор дэмжиж, мэдлэг олгож чадавхжуулах, санхүүжүүлэх шаардлагатай байгааг БОНХАЖ-ын сайд хэлэв.

Байгаль орчныг хамгаалах асуудал  иргэдийн оролцоотой, төрийн дэмжлэгтэй хийгдэнэ.  Тиймээс  байгаль хамгааллын үр дүнтэй тогтолцоог бий болгохын төлөө ажиллана гэдгээ хэллээ. Үүний үр дүнд хөдөө орон нутгийн иргэдийн ажилгүйдлийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэх  боломжтой гэж үзэж буй ажээ. 

Уул уурхайн нөхөн сэргээлтийн бодлогод ч эргэлт гаргах шаардлагатай

Уул уурхайн нөхөн сэргээлтийн бодлогод ч эргэлт гаргах шаардлагатайг сайд Д.Оюунхорол хэллээ. Хэдийгээр уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийх үүрэгтэй ч тэр бүр үр дүнтэй байж чадахгүй байгааг хэлсэн юм.

Мөн ирэх гуравдугаар сард ХБНГУ-ын Берлин хотод болох олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцох гэж буй тухай мэдээллээ.

Аялал жуулчлалын салбарт тусгай хамгаалалттай, дархан цаазат газар нутгийн үзэсгэлэнт байгалийг дагуулсан аялал жуулчлал хөгжүүлэх  бодлогыг түлхүү барьж байна гэв. 

Эдгээр асуудлаар АНУ-ын  талтай хамтран   ажиллах боломжтойг БОНХАЖ-ын сайд хэллээ. 

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл харин Д.Оюунхорол сайдын ярьсан асуудлуудыг судалж, хамтын ажиллагааны боломжуудыг дахин ярилцах хэрэгтэйг онцоллоо.  Мөн аялал жуулчлалын маршрут дахь соёлын өвийг сэргээх, хамгаалах чиглэлээр ЭСЯ-наас анхаарч, төсөл хэрэгжүүлж ажиллаж байгааг хэлсэн юм. 

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл нар дахин уулзаж, цаашдын хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдээр ярилцахаар боллоо.