Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Уул уурхайн бус салбарын экспорт 30.1 хувиар өсөв

Б.Ану
2015 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

2014 онд манай улсын гадаад худалдаа +540 орчим сая ам.долларын ашигтай гарсан билээ. 

Энэ бол 2000 оноос хойш  15 жилийн хугацаанд гадаад худалдаа ашигтай болсон хоёр дахь тохиолдол. 2006 онд экспорт импортоос +57 сая ам.доллараар давж байсан бол өнгөрсөн онд энэ тоо 9.4 дахин нугарч өссөн билээ.

Гаалийн статистик мэдээгээр 2013 онд экспорт -2.6 хувиар, импорт -5.6 хувиар тус тус буурч, гадаад худалдааны нийт эргэлт -4.5 хувиар агшиж байв. 

Харин өнгөрсөн онд экспорт +35.3 хувиар өсч, импорт -17.6 хувиар буурснаар гадаад худалдааны эргэлт +3.6 хувиар тэлж, худалдааны тэнцэл +540 орчим сая ам.долларын ашигтай болсон юм. 

Ийнхүү 2011-2013 онд нийт дүнгээр -6.2 тэрбум ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 51 орчим хувьтай тэнцэх хэмжээний, жил бүр дунджаар -2.1 тэрбум ам.долларын алдагдалтай гадаад худалдаа хийдэг байсан бид өнөөдөр худалдаагаа тэнцвэржүүлж, цаашид бүтцийг нь эрүүлжүүлэх ажлыг хийх үлдээд байна. 

Өрх гэрүүд маань зайлшгүй чухал шаардлагатай бус, үрэлгэн хэрэглээнээс татгалзаж, хуримтлалыг эрхэмлэдэг болсоор байна. 

Нөгөө талаас импортын барааны өртөг нэмэгдсэн тул өрхийн хэрэглээ ч зохистой гольдролдоо орж эхлээд байна. Энэ онд, мөн цаашлаад экспорт өсөх учраас гадаад худалдааны ашиг нэмэгдэхээр хүлээгдэж байна. Энэ нь Монголчууд бид дотоодод үйлдвэрлээд түүгээрээ өөрсдийн хэрэгцээгээ хангах буюу үйлдвэрлэснээ гадагш нь гаргаж валютын орлого олж чадаж л байвал тэр нь урт хугацаанд ашигтай, тогтвортой, өрсөлдөх чадвартай байх нөхцөл бололцоо бүрдэж эхэлжээ гэсэн дохио юм.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэр “Монголын хувьд уул уурхайгаас бусад хөрөнгө оруулалт шаардах, эдийн засгийн өсөлтөд нэмэр болох салбар бол хөдөө аж ахуй юм. Тиймд хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл рүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй” гэдгийг онцолжээ. 

Уул уурхайн салбараас гадна бусад салбараа, ялангуяа хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлэх, улмаар экспортын орлогыг өсгөх тухай хэлсэн уг бодлого нь биднийг “Голланд өвчин”-өөс салгах гол арга зам болох билээ.

2014 онд манай улсын уул уурхайн бус салбарын экспорт +646 сая ам.долларт хүрч, +30.1 хувиар өсөөд байна.

Түүнчлэн өнгөрсөн онд уул уурхайгаас бусад салбарт хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал +132 сая ам.доллар буюу +30 хувиар өссөн гэсэн эерэг үзүүлэлт гарчээ.