Батлан хамгаалах салбарын бараа, бүтээгдэхүүний худалдан авалтыг дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр хангах чиглэлээр хамтран ажиллах зорилго бүхий санамж бичигт өнөөдөр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар гарын үсэг зурлаа.
Энэ хүрээнд Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалт, худалдан авалтыг нэмэгдүүлэхэд талууд бүх талаар хамтран ажиллах, худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээний нийлүүлэлтийг тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр хангах, Батлан хамгаалахын зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх төрийн өмчит үйлдвэрийн газруудын техник, технологийн шинэчлэл, үйл ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлуудыг хамтарч гүйцэтгэх юм.
Гадны зах зээл худалдан авалтыг хийж хэвшсэн байгаа энэ үед дотоодын үйлдвэрээ хөгжүүлэхэд хамтран ажиллах ажил их байна.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу Аж үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яамны дотоод үйл ажиллагааны зорилтод нийцүүлж, энэхүү санамж бичгийг зурлаа. Монгол Улсад үндэсний үйлдвэрлэл хөгжиж, олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.
Үүнээс батлан хамгаалахын салбар үндэсний үйлдвэрийн 60 гаруй үйлдвэрийн 600 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Тиймээс 55 гаруй үйлдвэрийн 500 гаруй нэр төрлийн барааг Батлан хамгаалах яаманд нийлүүлэх бололцоотой гэж үзэж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж бараа бүтээгдэхүүн нийлүүлэх саналыг хүлээн авч хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан Ц.Цолмон сайддаа баярлалаа.
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Аливаа улс орны батлан хамгаалахын салбарыг хөгжүүлэхэд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн чухал байдаг. Бүх улс оронд батлан хамгаалахын аж үйлдвэр гэсэн ойлголт байдаг.
Хувийн хэвшил болон бусад салбарыг оролцуулах ёстой. Аж үйлдвэрийн сайд аж үйлдвэр хөгжүүлэх ажлаа Батлан хамгаалах яам болон хувийн хэвшлийнхээ хоёр талаасаа ажиллаад баталгаажуулж гарын үсэг зурж байна.
Гадны зах зээл худалдан авалтыг хийж хэвшсэн байгаа энэ үед дотоодын үйлдвэрээ хөгжүүлэхэд хамтран ажиллах ажил их байна. Одоогийн үйлдвэрүүдээ өргөтгөх, манай хэрэгцээг судалж шинээр ямар үйлдвэр барьж болохоор байна гэдгийг судлах хэрэгтэй байна. Манай яамдын хамтын ажиллагаа улс орон болоод үндэсний үйлдвэрүүдийн хөгжил дэвшилд ахиц авчирна гэж найдаж байна” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!