Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тамхины ишээ хаясан хүнийг 15 мянган доллараар торгожээ

Б.Ууган, iKon.mn
2015 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Сингапурт гэрийнхээ цонхноос нэг бус удаа тамхины иш шидсэн тамхичныг 20 мянган сингапур доллар буюу 15 мянган ам.доллараар торгосон байна.

Тэрбээр орчны ариун цэврийг бохирдуулсан 34 удаагийн үйлдэлтэй хэмээн буруутгагджээ. Өдгөө 38 настай энэ тамхичныг цонхноосоо тамхины иш хаяж байгаа нь  гудамжинд суурилуулсан  ажиглалтын дүрс бичлэгийн камерт бичигдсэн байна. Түүнчлэн журам зөрчигчөөр нийгмийн засан хүмүүжүүлэх хөдөлмөр эрхлэх шийтгэл түүнийг хүлээж байгаа бөгөөд тавин цагийн турш Сингапурын гудамжийг цэвэрлэх юм байна. 

Энд дуулгахад өнгөрсөн онд цонхоороо тамхины иш хаясан 206 хүн торгуулсан байна. Бүх тохиолдлууд хотын 600 цэгт байрлуулсан ажиглалтын камерт бичигджээ.

Сингапурт олон нийтийн газар тамхи татахыг хориглодгийн дээр гудамжинд хог хаявал өндөр торгууль төлдөг журамтай юм байна.

Дэлхийд хамгийн хатуу торгууль шийтгэлээрээ алдартай Сингапур хүн амд ногдох ДНБ-ийн хэмжээгээр барууны орнуудтай харьцуулахуйц өндөр байдаг юм. Сингапурын иргэд хуулиа ёсчлон мөрдөхийг хичээдгийн дээр хууль журам зөрчсөн хүмүүст янз бүрийн торгууль шийтгэл ноогдуулдаг.

Сингапур руу бохь зөөвөрлөх хориотой.

Жишээлбэл, Сингапур руу бохь зөөвөрлөх хориотой. Энэ бүтээгдэхүүнийг оруулах гэж оролдох нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. Энэ журам 1992 оноос эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм байна. Ийнхүү хориг тавьсан нь метронд зажилсан бохь хаяснаас галт тэрэгний үүд тээглэн гацаж байсан тохиолдол нэг бус удаа гарч байжээ.

2004 онд Америк, Сингапурын хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээрээр бохь худалдаалах хориг хэсэгчлэн цуцлагдсан. Гэхдээ бохийг зөвхөн эмийн санд зарахыг зөвшөөрдөг юм байна. Бохь биедээ авч явахад торгуульгүй ч зажилсан бохио газар хаявал 500 сингапур долларын торгууль төлөх шийтгэл хүлээдэг гэнэ.  

Түүнчлэн газар хог хаях, тэнэмэл амьтан, шувуу хооллох, олон нийтийн газар юм идэх, замын хөдөлгөөн зөрчих зэрэг үйлдлүүдэд торгууль оноодог юм байна.

Харин хар тамхины хууль бус хэрэглээ цаазын ялтай байдаг. Ийнхүү эрүүгийн хууль чанга, хууль сахиулах байгууллагууд нь үр дүнтэй ажилласнаар тус улсын гэмт хэргийн нөхцөл байдлыг хатуу хяналтад байлгаж, гэмт хэргийн гаралтыг маш бага түвшинд хадгалах боломжийг олгодог юм байна.