Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

47 рониний үнэн түүх

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

47 Рониний домог бол Японы түүхэн дэхь хамгийн алдартай, бас бодит түүх юм.

 

Ерөнхий ойлголт

 

Японы түүхийн нэг хэсэг болох Токугавагийн эрин үед улс орныг Шогун хэмээх цэргийн хамгийн дээд цолтон, хааны нэрийн өмнөөс удирддаг байв. Түүний захиргаан дор бүс нутаг бүрт Даймё нэртэй захирагч нар тодорхой тооны самурай дайчдыг удирдан оршдог байжээ.

Эдгээр бүх удирдагч нар Бушидо (дайчны замнал) хэмээх дурмийг хатуу сахих ёстой.

Бушидогийн гол цөм нь эзэндээ үнэнч байх, үхлээс айхгүй байх тухай ойлголт байлаа.

 

47 Ронин буюу үнэнч албатууд

 

1701 онд эзэн хаан Хигашияма нийслэл Киотогоос Эдо хот дахь Шогуны шүүх рүү элч илгээжээ.

Уг элч нарыг хүлээж авах гол хүн нь Кира Ёшинака  гэгч дээд албаны хүн байлаа.  Энэ үед нийслэлд ээлжит албаа хашиж байсан хоёр залуу Даймё болох Акогийн Асано Наганори, Цуманогийн Камей Сама нарт элч нарыг хамгаалах үүрэг өгчээ.

Эдод ирсэн хоёр Даймёд Кира шүүхийн ёс зүйн хичээл заах үүрэг мөн хүлээсэн байв.

Багшдаа залуу Даймё нар бэлэг барьж гэнэ. Гэвч Кира тэдний бэлгийг бага хэмээн голж нэлээд уурласан байна.

Үүнээс болоод хоёр залуутай Кира тун тааруу харьцах болжээ.

Тэдний нэг Камей энэ байдалд ихэд уурлаж Кираг алах тухай бодож эхэлсэн ч Асано түүнд тэвчээртэй байхыг зөвлөдөг байв. Гэвч эзнийхээ уур хилэнгээс айсан Камейгийн албатууд нууцаар Кирад их хэмжээний мөнгө өгсөн тул Кира Камейд илүү сайн хандах болжээ.

Харин Кира Асаногийн тэвчээрийг барж байлаа. Нэг удаа Кира Асаног “эв дүйгүй хөдөөний амьтан” хэмээн доромжилсон тул Асано илдээ сугалан түүн рүү довтолжээ.

Хэдийгээр Кирагийн толгойд хөнгөхөн шарх үүссэн ч Шогуны хуулиар Эдогийн ордонд хэн нэгэн илд сугалах хатуу хориотой байж.

Иймээс 34 настай Асанод сэппүкү (нэр төртэйгээр амиа хорлох) үйлдэх зарлиг буулгажээ.

Асаног үхсний дараа Шогун түүний эзэмшил газрыг хураан авч, гэр бүлийг нь хоосруулжээ. Түүний самурай нарын зэргийг бууруулж Ронин болгов.

Нийтлэг ёс журмаар бол самурай нар эзэнгүй, нэр төргүй нэгэн болсноос эзнийгээ дагаж үхэхийг эрхэмлэдэг байжээ.

 Гэвч Асаногийн 320 дайчдаас 47 нь амьд үлдэж эзнийхээ өшөөг авахаар шийдэв.

Ойши Ёшио тэргүүтэй 47 самурай ямар ч үнээр хамаагүй Кираг алах нууц тангараг өргөжээ. Үүнээс айсан Кира гэр орныхоо хамгаалалтыг ихээр нэмэгдүүлэв. Гэвч ронин нар Кирагийн сонор сэрэмж алдахыг тэвчээртэй хүлээсээр байлаа.

Кирагийн хамгаалалтыг сулруулахын тулд ронин нар өөр өөр мужуудад тархан хар бор ажил хийж амь зуух болжээ. Тэдний нэг нь Кирагийн ордныг барьсан хүнтэй худ ураг болж гэр бүл хүртэл зохиож амжив. Тэгснээр тэр ордны зураг, бүтцийг мэдэх боломжтой болжээ.

Ойши харин өөрөө ихээр архи ууж, янхны газраар цагийг үрж, замаа алдсан нэгний дүрийг бүтээж байлаа.

Бүр гудамжинд согтуу хэвтэж байхад нь Сацумагаас ирсэн нэгэн самурай түүнийг таниад үзэн ядсандаа доромжилж зодож байсан гэдэг.

Ойши эхнэрээсээ салж түүнийг бага хүүхдийнхээ хамт өөрөөсөө холдуулсан нь тэднийгээ хамгаалсан хэрэг байлаа. Харин том хүү нь түүнтэй үлдсэн гэдэг.

 

Ронинуудын өшөө авалт

 

1702 оны 12 дугаар сарын 14-ний цас бударсан үдэш, Эдогийн ойролцоох Хонжод 47 ронин довтлохоор цугларжээ.

Нэг залуу ронинг тэд төрөлх нутагтаа очин болсон явдлыг мэдээлүүлэхээр томилов.

Ингээд 46 ронин Кирагийн хөршүүдэд зорилгоо зарлан хэлж, Кирагийн ордныг бүслэжээ. Тэд илд болон шат, хана эвдлэх зэвсэгтэй байлаа.

Хэсэг ронин хана руу авирч харуулуудыг эзлэв. Үүний дараа бөмбөрийн дохиогоор ордны урд ба хойд талаас довтолгоо эхэлжээ.

Кирагийн нойрмог самурай нар сандралдан, цасан дээр хөл нүцгэн гүйлдэж байлаа.

Кира дотуур хувцастайгаа зугтан зооринд нуугджээ. Ронин нар цаг гаруй хайсны эцэст зооринд нүүрсэн дунд суух Кираг олжээ.

Асаногийн толгойд нь үлдээсэн сорвиор Кираг таньсан Ойши түүнийг сөхрүүлж эзнийхээ сэппүкү үйлдсэн вакизаши хэмээх богино илдийг өглөө.

Үнэндээ Кирад нэр төртэй үхэх зориг байсангүй, илдийг авах чадалгүй болсон тэр айсандаа салгалж байлаа.

Тиймээс Ойши Кирагийн толгойг цавчив.

Кирагийн ордон руу довтолсон нь

Ронин нар ордны хашаанд цугларлаа. 46 ронин бүгд амьд байлаа. Тэд Кирагийн дөч орчим самурайг бүгдийг алж харин дөрөвхөн ронин шархадсан байжээ.

Өдөр болоход ронинууд хотын дундуур алхаж эзнийг нь оршуулсан Сенгакужи сүмд ирлээ.

Өшөө авалтын сураг хотоор түргэн тархсан тул тэднийг дэмжсэн олон хүн зам дагуу цугларсан байлаа.

Ойши Кирагийн толгойноос юүлсэн цусыг Асаногийн булшинд өргөв. Ингээд 46 ронин газар сууж баривчлагдахаа хүлээжээ.

 

Үхэл ба Алдар нэр

 

Тэдний хувь заяаг шийдэх Бакуфугийн мэдээг хүлээж байх зуур ронин нарыг дөрвөн бүлэгт хуваан Хосакава, Мари, Мизуно, Мацудайра даймё нараар халамжлуулж байлаа.

Ронин нар бушидог чанд дагасан, эзэндээ үнэнч байсан үлгэр жишээ нь тэднийг үндэсний баатрууд болгож, хүмүүс тэднийг өршөөгдөнө гэж найдаж байлаа.

Шогун өөрөө тэднийг өршөөх тухай бодож байсан ч зөвлөхүүд нь хууль зөрчиж болохгүйг ятгаж байв. Ингээд 1703 оны хоёрдугаар сарын дөрвөнд ронин нарт сэппүкү үйлдэх ял тулгажээ.

Энэ нь цаазлуулснаас хамаагүй илүү нэр төртэй үхэл байлаа.

Ронин нарыг халамжилж байсан дөрвөн Даймё эцсийн мөчийг хүртэл найдлага тасарсангүй өршөөл хүлээж байв.

Гэвч өршөөгдсөнгүй. 46 ронин, үүн дотор Ойши, түүний 16 настай хүү нар сэппүкү гүйцэтгэжээ.

Ронин нарыг эзнийх нь булшны дэргэд Токиогийн Сенгакужи сүмд оршуулсан гэдэг.

Тэдний булш тэр дороо Япончуудын мөргөлийн газар болж хувирчээ.

Тэнд хамгийн түрүүнд ирсэн хүмүүсийн нэг бол өмнө нь Ойшиг гудамжинд өшиглөж байсан Сацумагийн самурай байлаа. Тэр Ойшигоос уучлал гуйгаад булшных нь дэргэд өөрийгөө мөн хөнөөсөн гэдэг.

47 дахь рониний хувь заяа хэрхсэн нь тодорхой биш. Олон эх сурвалжууд түүнийг төрөлх Ако нутагтаа очин энэ түүхийг хүмүүст ярьж өгсний дараа Шогун түүнийг өршөөсөн гэдэг.

Тэр өндөр наслаж жамаараа нас барсны дараа бусдынхаа хамт оршуулагдсан гэнэ.

Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан Шогун шийдвэрээсээ буцаж Асаногийн хэргэм зэргийг, эзэмшил газрынх нь аравны нэгийн хамт том хүүд нь өгчээ.

 

47 Рониний түүх урлагт

 

Токугавагийн эрин үед Япон орон маш тайван, дайн дажингүй байлаа. Самурай нар дайн тулаангүй суух болсон нь Япончуудыг тэдний алдар нэр, үзэл суртал нь устах вий хэмээн айлгаж байв. Гэвч 47 ронины түүх хүмүүст жинхэнэ самурай нар байгаа гэсэн итгэл үнэмшил өгч байжээ.

Энэ түүх маш олон кабуки театрын үзэгдэл, бунраку үзүүлбэр, модон барын ном судар, сүүлд кино телевизийн бүтээлд үлдсэн юм. Түүхээр хийсэн зохиол болох Чушингура нь өнөөдрийг хүртэл алдартай хэвээр байна.

Токиогийн Сенгакужи сүмд зочлон Асано болон түүний 47 рониний шарилыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирдэг. Тэд мөн Кирагийн найз нараас сүмд ирүүлсэн түүний толгойг авч оршуулах хүсэлтийн эх хувийг үзэж болдог гэнэ.

 

Эх сурвалж: asianhistory.about.com