АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус улсын Холбооны нөөцийн сан буюу Төв банкны Ерөнхийлөгчөөр хатагтай Жанэт Иэллэнийг томилохоор шийдвэрлэсэн талаар Америкийн хэвлэлүүд Цагаан ордон дахь нэрээ хэлээгүй эх сурвалжид түшиглэн мэдээллээ.
Төв банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй Ж.Иэллэний нэрийг мөн Конгрессын доод танхим батлах ёстой юм.
Ж.Иэллэн энэ албан тушаалд очвол бодлогын хүүг өсгөхөөс аргагүйд хүрч мэдэх эрс шийдэмгий алхам хийхгүй хэмээн шинжээчид үзэж байна.
Тэрбээр мөн Холбооны нөөцийн санг толгойлсон анхны эмэгтэй хүн болох юм.
АНУ-ын Төв банкны одоогийн Ерөнхийлөгч Бэн Бэрнанкэгийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 31-нд дуусах бөгөөд тэрбээр өөрийгөө дахин нэр дэвшүүлэхгүй аж. 2006 оны хоёрдугаар сараас энэ албан тушаалд ажилласан түүний “баруун гар” нь Ж.Иэллэн байжээ.
Б.Бэрнанкэгийн халааг авна хэмээн яригдаж байсан АНУ-ын Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоурэнс Саммер есдүгээр сарын 15-нд Б.Обамад хандаж, нэрийг нь дэвшүүлэхгүй байхыг хүссэн билээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар Л.Саммерсийн нэрийг сөрөг Бүгд найрамдах намынхан төдийгүй Ардчилсан намынхан ч дэмжээгүй гэнэ. Үүнээс гадна түүний Сангийн сайд байхдаа авсан санхүүгийн зохицуулалтын хэд хэдэн арга хэмжээ нь 2008 оны хямралд хүргэсэн гэж олон хүн үздэг байна.
Холбооны нөөцийн сангийн тэргүүн нь Америкийн эдийн засаг дахь хамгийн хүчирхэг бие хүн байдаг бөгөөд энэ албан тушаалд нэр дэвшигчийг Ерөнхийлөгч сонгож, Сенат дөрвөн жилийн хугацаагаар томилдог байна.
Төв банкны тэргүүний шийдвэрээс банкуудын зээлийн хүүгийн хэмжээ зэрэг олон чухал асуудал шалтгаалахаас гадна долларыг нөөцийн валютаа болгосон энэ улсын хувьд бүхэлдээ асар чухал юм. Америкийн Төв банкны Ерөнхийлөгч хэн болохыг дэлхийн зах зээлийн шинжээчид бүгд туйлын нухацтай анхааран хүлээдэг билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!