Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бямбахишиг: Элэгний өвчинг эмчилгээний хоолоор анагааж болно

Э.Бэрцэцэг
2013 оны 10 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг
Яарч идэх хэрэггүй, хоолыг амарч, таашаал авч идэх хэрэгтэй. Ус, ундаа, жүүс, цайг хангалттай хэмжээгээр уу

Орчин үед хоолны дэглэм барих уу эсвэл хүссэнээрээ идэх үү гэсэн хоёр асуултад хүмүүс янз бүрээр хариулсан байдаг. Гэтэл өвчин эмгэгийн ихэнх нь буруу хооллолт, идэвхигүй байдлаас шалтгаалж үүсдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Тиймээс бид энэ удаа эрүүл зөв хооллолт болон эмчилгээний хоолны талаар Орхон аймгийн Уулын баяжуулах “Эрдэнэт ” сувиллын их эмч Ц. Бямбахишигтэй ярилцлаа. Тэрээр энэ чиглэлээр олон жил дагнан ажиллаж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагатай юм.

-Бидний дунд хоол, ходоод хоёроо хайхардаггүй, юу тааралдсанаа идчихдэг хэнэггүй зантай хүн олон байдаг. Тиймээс эрүүл зөв хооллолтын талаар яриагаа эхэлье?

- “Зөв хооллолт гэдэг бол урт удаан наслахын үндэс” гэдгийг өрнө, дорнын уламжлалт анагаах ухаанд эртнээс номлож ирсэн байдаг. Тиймээс хүн өөрийнхөө хоол тэжээлд анхаарал тавьж, эрүүл тайван сайхан амьдрах хэрэгтэй юм. Аливаа өвчин гэдэг буруу хооллолт, идэвхигүй байдлаас шалтгаалж үүсдэг гэдгийг эмч нар байнга хэлдэг. Энэ нь ч бас учиртай юм.

Орчин үед хүмүүс зохисгүй хооллолт, тохирохгүй хүнс тэжээлээс болж, амьдралын хэвийн бус дэглэцээр амьдарч байна. Үүний үр дүнд бухимдал бий болж, дотор эрхтэнүүд хямарч өвчин эмгэгт амархан өртдөг, эмзэг биетэн болж хувирдаг. Тиймээс бид “Таны эрүүл мэнд таны мэдэлд бий. Бид өөрсдийн эрүүл мэндийг өөрсдөө хариуцна” гэж их хэлдэг. Бусад хүн санал зөвлөгөө өгч болох ч бидний идэж уух ёстойг бид өөрсдөө зохицуулна.

Тиймээс та идээ ундааныхаа дэглэм, амьдралын хэв маягаа өөрийнхөө бие мах бодийн онцлогт тохируулж чадах юм бол бусдаас илүү эрүүл энх амьдарч, урт наслах болно. Энэ бол ямар ч эмчилгээнээс ил үү шалгарсан арга гэдгийг хэлэх байна.

-Сүүлийн үед хүмүүс эрүүл хооллолт, эмгүй эмчилгээг эрхэмлэх болсон. Эрүүл зөв хооллолтыг ч өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Тэгвэл бидний анзаардаггүй эрүүл бус хооллолт гэж юуг хэлээд байна вэ?

-Энд ямар нэгэн онол, элдэв янзын тодорхойлолт дурьдах хэрэггүй. Энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлах юм бол энэ нь нэг төрлийн хоол, хүнсийг хэт их хэрэглэх, нэг дор хэтэрхий их идэхийг эрүүл бус хооллолт гэж ойлгож болно. Манайхан дунд хоол идсэнийхээ дараа хөдөлгөон хийх хэрэгтэй гээд хэт их ажиллалаг, янз бүрийн дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс байдаг.

Энэ бас зохистой хооллолт болж чадахгүй. Ялангуяа чихрийн шижин өвчтэй хүний цусан дахь сахарын хэмжээ энэ үед ихэсдэг. Мөн өглөө өлөн үедээ, ямар ч шингэн зүйл уухгүйгээр хичээл сургуульдаа, ажилдаа явдаг хүмүүс байдаг. Энэ бол хүний эрүүл мэндийг эрсдэлд хүргэх бас нэг хүчин зүйл. Ямар ч насны хүн өглөө өлөн үедээ элдэв дасгал хөдөлгөөн хийхийг хориглодог.

Тиймээс өглөө босоод заавал шингэн юм ууж байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, өөрт тохирох хоол, хүнсийг зөв бэлтгэж, боловсруулсан ч гэсэн хооллохдоо яарч сандрах, телевизийи мэдээ, кино үзээд бухимдах, чимээ шуугиантай орчинд хэрүүл уруултай хооллох нь хоол биш хор болдог. Хоолыг аль болох тайван сууж байгаад идэх хэрэгтэй. Зөв хооллоно гэдэг бас л нэг шинжлэх ухаан. Тиймээс үр хүүхэддээ хүртэл хоолыг идэхдээ яаж суух вэ, яаж зөв идэх вэ гэдгийг багаас нь зааж сургах хэрэгтэй юм.

-Турна гэдэг зарим бүсгүйчүүдийн толгойн өвчин болсон гэхэд хилсдэхгүй байх. Тиймээс та ходоодоо сойж, хоолоо багасгадаг хүмүүст хандаж зөвлөгөө өгөөч. Ер нь жин барих эрүүл хооллох хоёр юугаараа ялгаатай юм бэ?

-Тийм их ялгаатай зүйл гэж бодохгүй байна. Жин барьж байгаа хүн ч гэсэн зөв, эрүүл хоол хүнсээр хооллох хэрэгтэй. Тухайлбал, сахарын өвчтэй хүмүүс ихэнх нь жингийн илүүдэлтэй байдаг. Энэ хүмүүсийн хувьд жингээ нэмэгдүүлэхгүй, хэвийн хэмжээнд барихыг чухалчилдаг. Тиймээс хоол хүнсэндээ илүү их анхаарал хандуулдаг. Зайлшгүй жин нэмэх шаардлагатай туранхай хүмүүс ч бас өөрт тохирох хоол хүнсийг сонгож хэрэглэдэг. Тэгэхээр аль аль нь хоол хүнснийхээ илчлэг, тэжээллэг чанарыг зөв сонгох нь чухал.

- Охид, бүсгүйчүүд дунд мацаг их барьдаг хүн цөөнгүй. Ер нь үргэлж цагаан хоол идэх, олон хоногоор мацаг барих нь хүний биед сайн уу, муу юу?

-Цагаан хоолтой хүмүүс авах ёстой уураг тэжээлээ заавал амьтныхаас гэлгүй, ургамлын гаралтай хоол, хүнсний бүгээгдэхүүнээс авч болдог. Долоо хоногийн хоёр өдөрт мацаг барих бол байх ёстой үзэгдэл. Харин олон хоногоор мацаг барьдаг бол тэр хүн алдсан энергиэ дараа нь нөхөж авах хэрэгтэй.

Миний бодлоор бол цагаан хоол идэх, мацаг барих энэ зарчмыг насанд хүрсэн хэрнээ жирэмсэн, хөхүүл эхчүүдээс бусад нь баримтлах ёстой гэж боддог. Бага насныханд энэ тохиромжгүй. Хүүхэд шим тэжээлтэй хоол хүнс идэхийн хэрээр ухаан санаа нь хөгжиж байдаг. Биеийнхээ хэр хэмжээг мэдэхгүй хүний ам дагаж туйлширч гүйх нь тухайн хүн эрүүл мэндээрээ хохирно.

-Энэ чиглэлээр олон жил дагнан ажиллаж байгаа эмч хүнээс нэг зүйлийг онцолж асуумаар байна. Хоол тэжээл нь жилийн дөрвөн улирлаас ихээхэн хамааралтай байдаг гэдэг. Энэ тухай та юу гэж боддог вэ?

- Хоол тэжээл нь улиралаас ихээхэн хамааралтай байдаг гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Зуны улирал халуун байдаг тул сэрүүн чанарын хоол их хэрэглэдэг бол өвлийн улирал хүйтэн байдаг тул халуун чанарын хоол унд хэрэглэнэ. Энэ мэтчилэн хоолны дэглэмийг зөв баримталж чадвал өвчтэй үед ч амьдрах эрч хүч нэмэгдэн сэтгэл санаа сэргэн бие тэсвэр хатуужилтай болдог шүү дээ. Тиймээс бидний эрүүл мэнд, биднийг зовоодог өвчин эмгэг бүгд бидний амьдралын хэв маягаас шалтгаалдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Өвчин эмгэгийн ихэнх нь буруу хооллолттой холбоотой гэдэг. Та түрүүнд ч яриандаа дурьдсан. Ер нь ямар өвчинд, ямар хоол тустай вэ?

-Өнөөдөр манай хүмүүс дунд элэг, цөс, хоол боловсруулах замын эрхтний өвчлөл өндөр байна. Үүний нэг гол шалтгаан нь буруу хооллолт юм. Манайхан маш буруу хооллодог муу зуршилтай хүмүүс. Ихэнх нь өглөө унд цайгаа уулгүй өлөн чигээрээ гэрээсээ гардаг.

Тэгээд өдөр нь юм уу, үдээс хойш болохоор гэнэт маш их иддэг. Ингэж идэхдээ өөх тостой хоол, хайрсан, хуурсан, элдэв амтлагчаар амталсан хоол хүнс хэрэглэдэг. Үүнээс болж хоол боловсруулах замын эрхтнүүд хямарч өвчилдөг. Ялангуяа элэгний өвчтэй хүмүүсийн хувьд үндсэн эмчилгээ нь хоолны эмчилгээ байдаг. Яагаад гэвэл хоол боловсруулах замын эрхтэн хамгийн түрүүнд хоолноос эмчилгээ авдаг. Тийм болохоор элэгний өвчтэй хүмүүс насан туршдаа хоолны гам барих хэрэгтэй. Иймээс эмчилгээний хоолыг хэрэглэж байгаа нөхцөлд ямар ч архаг өвчин сэдрэхгүй.

Сэдэрсэн ч маш ховор тохиолддог. Иймээс та бүхэн эмийн бус эмчилгээг хэрэглэх нь зүйтэй. Хамгийн гол нь зохистой зөв хооллох нь маш чухал. Эмчилгээний хоол дотроо олон янз. Тухайн хүний биеийн онцлог, өвчлөлийн байдлаас шалтгаалаад хэдэн ч хэсэгт хуваагдаж болдог. Тиймээс яг одоо тэр энэ гэж тоочих боломжгүй. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоогоо хамгаалахад баталгаатай газраас нийлүүлсэн өөх тос багатай эсдэг ихтэй хоол хүнс хэрэглэж байх нь чухал. Өдөрт тодорхой цаг хугацаанд тогтмол хооллож занших хэрэгтэй. Хоол идэхдээ хангалттай цаг гарга.

Яарч идэх хэрэггүй, хоолыг амарч, таашаал авч идэх хэрэгтэй. Ус, ундаа, жүүс, цайг хангалттай хэмжээгээр уу. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо нь өөрийн үйл ажиллагаагаа гүйцэтгэхийн тулд их хэмжээний ус шаарддаг. Нийт хэрэглэх хоолны ихэнх хэсгийг өглөө, өдөр идэж заншаарай. Зохистой хооллож, согтууруулах ундаанаас татгалзаж, халдвараас сэргийлж, сайн амарч, сэтгэл санаа өөдрөг, өөртэй итгэлтэй байж чадвал элэгний гэмтсэн эсүүд бүрэн нөхөн сэргэж чадна.

Зураг