Дуу хөгжмөөр хэрхэн орлого олох вэ?
Wall Street Journal саяхан мэдээлснээр 2014 онд пянзны борлуулалт өмнөх оноос 52 хувь өссөн нь 1991 оноос хойшх шинэ дээд амжилт болжээ. Гэсэн хэдий ч цомогны нийт борлуулалтанд пянзны эзлэх хувь дөнгөж 6 хувьд хүрч байна.
Төлбөртэй татах (download) үйлчилгээний орлого 2014 онд цомогны хувьд 9 хувь, дан дууны хувьд 12 хувь буурчээ. Харин Spotify зэрэг streaming төрлийн хэрэглээ 2013 оноос 54 хувь өсч нийт сонссон тоо нь 164 саяд хүрсэн байна.
Энэ бол хөгжмийн зах зээлийн хамгийн сүүлийн тоо баримт.
Тэгвэл ерөнхий зах зээлийн хандлага ямар байна вэ?
Дуу хөгжмийн уран бүтээлчдийн орлого олдог нэг гол эх сурвалж нь бичлэг.
Түүхийн туршид бичлэгээ борлуулах арга нь технологийн хөгжлөөс хамааран өөрчлөгдөж иржээ.
Анх пянз хэлбэрээр бичлэгээ гаргадаг байсан бол 1980-аад оноос соронзон хальс буюу хуурцаг нэвтэрч эхэлсэн.
Харин 1980-аад оны сүүлээс 2000-аад оны дунд хүртэл лазер технологи ашигласан CD-ний эрин үе үргэлжилжээ.
Гэвч дижитал формат бий болсноор интернэтээр хөгжим худалдаж авах, хэрэглэх үзэгдэл хүчтэй дэлгэрч CD-ний борлуулалт эрчимтэй унаж эхлэв.
Харамсалтай нь CD-ний үед орлогынхоо оргил үед хүрч байсан хөгжмийн салбар дижитал эринд хөлөө олохгүй нэлээд уналтанд ороод байгаа юм.
Эхэндээ дууг дижитал хэлбэрээр татах (download) арга голлож байсан бол өнөөдөр streaming хэлбэрээр сонсох хэрэглээ зонхилж эхэллээ.
Дэлхийн дуу хөгжмийн салбарын тулгамдаад байгаа асуудлуудыг олон эх сурвалжуудаас нэгтгэн хүргэж байна.
- Дуу, хөгжмийн бичлэгийн орлого сүүлийн 10 гаруй жил тасралтгүй унаж байна. Энэ уналтыг зогсоох арга одоогоор олдохгүй байгаа юм. Үүнээс болоод уран бүтээлчдийн хамгийн найдвартай санхүүжилтийн систем гэгддэг байсан Label system нуран унаж байна.
- Хэдийгээр дижитал форматуудын хэрэглээ тасралтгүй өсч байгаа ч CD-ний хурдтай уналтыг нөхөж чадахгүй байна.
- Хамгийн муу нь өнөөгийн дижитал форматуудын хөгжил нь хөгжмийн бүтээлүүдийн үнэ цэнийг улам бүр унагасаар байна. Өөрөөр хэлбэл download хэлбэр нь CD-ний орлогоос хамаагүй бага, streaming хэлбэр нь download хэлбэрийн олдог орлогоос бүр бага болж байгаа юм. Магадгүй streaming-ын дараачийн хэлбэр нь бүр орлого багатай байх болов уу.
- Энэ уналтыг нөхөх цорын ганц найдвар нь уран бүтээлчдийн аялан тоглолт, концерт зэрэг бичлэгийн бус арга болоод байна.
- Хамгийн сүүлийн байдлаар Streaming хэлбэр нь хөгжмийн хамгийн том хэрэглээ болоод байгаа ч орлогын хувьд бусад бүх хэлбэрээс хамгийн багад тооцогдож байна.
- Эдийн засгийн тогтворгүй байдал хөгжимд мөнгө төлөх дургүй хэрэглэгчдийг улам бүр нэмсээр байна.
- Хөгжимд мөнгө төлж үзээгүй бүтэн нэг үе өнгөрсөн хорь орчим жилд бий болсон. Энэ үеийнхэн цаашид ч үргэлжлэн мөнгө төлөхийг эсэргүүцэх болно.
Streaming-ийн тулгамдсан асуудлууд
- Streaming хэлбэрийн зарчим нь сардаа нэг удаа тогтмол төлбөр төлөөд хязгааргүй хөгжим сонсох загвар. Дуу хөгжмийг нэг мөсөн татаж хадгалдаггүй, зөвхөн сонсох агшинд түр зуур хадгалдаг. Харин өмнөх Download зарчим нь дуу хөгжмийг нэг нэгээр, эсвэл цомгоор нь татаж аваад хадгалж өөрийн дижитал өмч болгодог. Тод жишээ нь iTunes.
- Тэгвэл YouTube, Spotify, Soundcloud зэрэг streaming үйлчилгээний компаниуд нь өнөөдөр уран бүтээлчдийг хамгийн их хохироодог этгээдүүд болоод байна.
- Тэдний зарим нь хэрхэн тооцоог хийдэг аргачлалаа нуудаг, уран бүтээлчдэд дэлгэдэггүй нь гол асуудал болоод байгаа юм.
- Тухайлбал Spotify компани гэхэд үнэ тарифийг тооцохдоо уран бүтээлчдийг ялгаварлан үздэг нь тодорхой болсон. Үүнээс болоод Rihanna, Taylor Swift зэрэг уран бүтээлчид гэрээгээ цуцлаад байгаа.
- Хэдийгээр түүхэн орлоготой харьцуулахад download нь бага ч streaming-ээс илүү өгөөжтэй хэвээр байна. Фэнүүд гэхээр нэг дуучны дууг мянган удаа сонсохгүй учраас streaming бага унацтай арга болж байна. Сонсох бүрт нь маш бага тарифаар тооцдог тул.
- Мөн зам зуур, мобайл төхөөрөмжөөс чихэвчээр хөгжим сонсох нь чихний сонсголд муугаар нөлөөлж байгаа тул аажимдаа хэрэглээ нь хязгаарлагдах дүр зураг харагдаж байна.
Монголын зах зээлийн хувьд:
- 90-ээд оноос хуурцаг, CD хэлбэрээр бичлэг борлуулж эхэлсэн.
- Гэвч интернэт хувьсгалын дүнд эдгээр аргуудаар орлого олох аргагүй болсон.
- Дижитал форматаар орлого олдог цорын ганц зам нь үүрэн холбооны операторуудын хөгжмийн үйлчилгээнээс (Ring tone, Ring Back tone) олох арга байсан ч технологийн хувьслаас болоод эдгээрийн хэрэглээ нь буурч эхлээд байгаа. Хөгжингүй орнуудад ийм үйлчилгээнүүд нь бараг хэрэглээгүй болсон бол Монголын зах зээлд бууралт нь арай хоцорч яваа гэж үзэж болно.
- Тиймээс одоогийн байдлаар Монголын уран бүтээлчдийн орлого олох арга нь амьд тоглолт, сурталчилгааны гэрээ зэрэг болоод байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
