МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж МҮОНРТ-ийн захирлаар Ц.Оюундарийг томилсон.
Энэ тухай болон өнөөдрийн хурлаар ямар ямар асуудлууд хэлэлцсэн талаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржоос тодрууллаа.
- МҮОНРТ-ийн захирлын албан тушаалд хэдэн хүн нэр дэвшиж, Ц.Оюундарь хэдэн хүний саналаар захирлаар томилогдов?
- МҮОНРТ-ийн захиралд нэр дэвших хүсэлтэй хэд хэдэн хүн надтай ярьж, ирж уулзаж байсан. Ингээд гурван хүн нэр дэвшсэн. Гэхдээ өчигдөр орой над руу хоёр нэр дэвшигч утсаар ярьж нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн.
Өчигдөр орой над руу хоёр нэр дэвшигч утсаар ярьж нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн.
Тиймээс өнөөдрийн Үндэсний зөвлөлийн хурлаар Ц.Оюундарийг МҮОНРТ-ийн захирлаар томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.
Үндэсний зөвлөл 15 гишүүнтэй өнөөдрийн хуралд 12 гишүүн оролцсон. Гурав нь гадаадад ажилтай яваа.
Захирал томилох санал хураалт нууцаар явагдсан бөгөөд нийт гишүүдийн олонхын саналаар захирлыг томилдог журамтай.
Журмын дагуу Ц.Оюундарь нийт гишүүдийн олонхын саналыг авсан учир гурван жилийн хугацаатай МҮОНРТ-ийн захирлаар томиллоо.
- МҮОНРТ-ийн төсөв энэ жил 50 буурсан. Үүнтэй холбоотойгоор цомхотгол хийнэ гэсэн яриа гараад байгаа. Энэ тухайд?
- Одоогийн байдлаар МҮОНРТ үндсэн болон гэрээт ажилтан нийлээд 791 ажилтантай.
Нэгдүгээр сарын 02-нд болсон Үндэсний зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэн орон тооны дээд хязгаарыг тогтоож 99 орон тоог хассан. Ингэхдээ,
Стратегийн газрыг татан буулгаж Санхүүгийн хэлтэс болгоод Орлого бүрдүүлэлтийн албыг тус хэлтэст нэгтгэсэн.
Мөн Тамгын газар, Олон нийттэй харилцах судалгааны алба гэж байсныг татан буулгах шийдвэр гаргаад байна.
Уг шийдвэр хөдөлмөрийн хуулийн дагуу гуравдугаар сарын 01-нээс хэрэгжинэ.
-Тэгэхээр яг уран бүтээлчид, сэтгүүлчид цомхотголд хамрагдахгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. МҮОНРТ бол радио, телевизийн өргөн нэвтрүүлэг л хийдэг байгууллага.
Тэр өргөн нэвтрүүлгийг радио, телевиз, ММ агентлагийн уран бүтээлчид хийдэг. Дарга нар хийдэггүй. Би ч хийдэггүй.
Тийм учраас Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн үндсэн үүргийг биелүүлдэг уран бүтээлчдээс нэг ч орон тоо хасаагүй. Харин ч бүр нэмж өгсөн.
Зөвхөн дарга нараас л цомхотгосон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!