Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Цолчин засуул Ш.Баяраа: Би 4000 зургийн цуглуулгатай л хүн дээ

Д.Цэрэннадмид
2014 оны 12 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг

Үндэсний бөхийн ахлах засуул Ш.Баяраатай уулзая гэж нэлээд эртнээс бодсон. Тэгээд сая оны босгонд уулзав. Тэр 40-60 см-ийн харьцаатай аварга гэхээр бөхийн зургийн альбом, тэвэр дүүрэн номтойгоо намайг угтсан юм.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу. Тэр дотор бөхтэй холбогдсон түүх гол нь байх юм шүү?

-Би Архангай аймгийн Хашаат сумын хүн. 1974 онд цэрэгт ирж 107 дугаар ангид хуваарь авсан. Тэндээ жолооч болж Ардын цэргийн 080 дугаар ангид очсон. Ийм богинохон намтар хэлье. Энэ үеэсээ бөх их үзнэ. Ёстой л бөхийн хорхойтой болсон гэж болно. Би ахлагч цолтой жолооч.

Паркийн жижүүр, ангийн жижүүрийн туслахад хааяа гарна. Тэр үед бөхийн барилдаан байвал албаа орхиод явчихна. Ангийн даргын банга хүртсэн удаа ч цөөнгүй. Сүүлдээ халах малах ч тухай ярьж байсан үе бий. Гэвч “халбал хар халзандаа” гэгчээрангийн даргад учраа хэлж бөхгүй үед жижүүрт гардаг болж санаа амарсан. Нэг удаа “Алдар” нийгэмлэгийн бөхчүүд наадмын бэлтгэлд гарахад үйлчилж олон сайхан бөхчүүдийг ойроос харах аз завшаан тохиолдсон юм даа.

-Үйлчилж гэнээ. Үүнийгээ жаахан тодруулчихна уу?

-Нэг өдөр анги дээр машинаа арчаад зогсож байтал Ч.Өвгөнхүү начин өөрийг чинь сураад явж байна гэлээ. Бөх хүн намайг сурлаа гэдэг сайхан ч юм шиг. Начин дүрээрээ дүнхийгээд хүрч ирлээ. Тэр хэзээний танил юм шигээр:

-За юу байна даа. Танай дарга намайг чамтай яв гэлээ гэв.

-Хаашаа юм бэ гэвэл

Баянчандмань. Бөхчүүд автобусаар явчихсан. Бид гэр мэрээ аваад очно гэдэг юм. Тэгээд гэр юмс, хэдэн хонь ачаад явлаа даа. “Алдар”-ын бөхчүүд бэлтгэлд гарч байгаа нь тэр. Хамгийн том цолтой нь улсын арслан Б.Ганбаатар, заан Ц.Цэнд-Аюуш, Ч.Гочоосүрэн, улсын начин Д.Баяраа, Бор, Ж.Чулуун гээд л нөгөө алсаас барилдахыг нь харж байсан сайхан “амьтад” тэнд байв.

Манай ангид одоогийн начин Б.Цэнгэлсүрэн, С.Дэлгэрбат, аймгийн арслан З.Мэндсайхан нарын бөх байсан юм. Мөн цэргийн начин А.Тэгшээ агсантай танилцсан. Түүний бөхийн зураг цуглуулдаг нь их таашаалтай санагдсан. Ингээд л бөхийн зураг цуглуулах “хобби” бий болсон. Өмнө нь би марк бас шагай цуглуулдаг байв даа. 1985 оноос л эхлэлтэй юм.

Одоо миний цуглуулгад 4000 орчим зураг бий. Бас бөхийн холбогдолтой 80-аад номтой болсон гээд том альбомоо дэлгээд үз гэлээ. (Үзлээ. Зураг бүрт тайлбартай ч зургийн үүх түүхийг Баяраа тайлбарлаад л. Ардын засгийн эхний жилүүдийн мундаг бөхчүүдээс өнөөгийн шинэ залуучуудын зураг хүртэл. Бөхийн бөөн түүх тэр альбомд нь багтаж. Уг альбомоо цэргийн начин А.Тэгшээгээр хийлгэсэн түүхч ярив).

-Бөхийн хорхойтон Баяраа хэзээ засуул Баяраа болсон билээ дээ?

-Өвөрхангайн харьяат бөхийн засуул Цоодол гэж хүн байлаа. Бид танил л даа. Нэг өдөр Цоодол гуай хэлдэг юм.

-Чи ер нь бөхийн засуул хийвэл таарах хүн байна гэлээ. Дуу дуулдаг уу гэж байна. “Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага” гэсэн хоёр дуу дуулуулав надаар. Тэгээд

-Чи ер нь боломжтой хүүхэд юм гэв. Тэгээд анх 1988 онд Цоодол гуай намайг дагуулж Спортын төв ордонд очоод анх засуулд гаргасан юм. Лүгдэв, Пүрэвсүрэн, Халтмаа гуай гээд хашир засуулууд байнга бөх засдаг үе л дээ. Дараа нь 1990 онд Монголын үндэсний бөхийн холбоо үүсэн байгуулагдаад засуул, гарын даа, хаяавч, засуулын дамжаа нээхэд тэнд орж суралцаад жинхэнэ засуул болсон доо.

-Хожимдоогүй нэг асуулт асуухад багаасаа бөхийн хорхойтой болоход чинь юу нөлөөлсөн юм бэ?

-Манай аав Шаравжамц сумын нарийн бичгийн дарга. Бөх их сонирхоно оо. Аавын төрсөн ах нь “нуман” Сэрээнэн гэж сайхан барилддаг хүн байлаа. Ер нь манай Хашаат сум улс аймгийн алдар цолтой олон бөхтэй нутаг. Энэ бүхний нөлөө байх.

-Бөхийн зураг цуглуулдаг хүн ер нь олон байдаг уу?

-Миний мэдэхээр хэд хэд бий. А.Тэгшээг олон түмэн мэддэг биз. Сэлэнгийн Нарангэрэл, Завханы Баасанжав гээд надтай цэргийн нэг ангид байсан хүн гээд л бий дээ.

-Бас олон номтой юмаа. Та...?

-Засуул гэдэг бөхийн зүтгэлтэн хүн шүү дээ. Тэгэхээр бөхийн талаар тодорхой мэдлэгтэй байх ёстой гэж боддог.

Хэн нэгэн бөхийг аль нутгийнх, хэдэн онд ямар цол хүртсэн бэ гэдгийг засуул хүн мэддэг байх ёстой.

Засуул гэдэг бөхийн зүтгэлтэн хүн шүү дээ.

Даангүй цолчин засуул хүн тэр бүхнийг мэдэхгүй бол яаж цол дуудахав. Иймийн учир бөхийн холбогдолтой ном цуглуулж чөлөө цагаараа уншина даа.

Хамгийн эртний ном гэвэл 1940-өөд онд гарсан ном бий. Дараа нь партизан, улсын нэрт анчин Дамдингийн “Монгол бөх” ном мөн ч гоё ном. Энэ хүн өөрөө даншгийн наадамд зодоглож үзсэн хүн байсан учир маш сайн бичсэн юм билээ.

Уг нь 1966 онд анх хэвлэгдсэн бол 1972 онд хоёр дахиа гарсан юм. 1000 гаруй бөх барилдахад хоёр давж байснаа тэр мянган бөхийн тоонд орж мяндсан зодогны мөр дээрээс атгаж үзлээ гэж дурссан бий.

-Бөхийн цол дуудахыг заасан хүн чинь хэн бэ?

-Янсанжав гэж бөх сайхан цоллодог хүн. Албан бусаар сонирхолтой залуусыг цуглуулж цол дуудах тухай заадаг байсан.

Түүнийг багшаа гэдэг. Дундговийн Жанчивдорж бид түүнийг дагалдаж цол дууддаг болсон.

-Засуул Баяраагийн мөр дээрээс гараад улсын цол хүртсэн бөх олон уу?

-Улсын начин цолыг Р.Жамъянпүрэв, Нямжав, Баянмөнх нар над дээрээс гарч хүртсэн дээ.

-Одоо өөрөө том цолтой бөхчүүдийг засдаг болж цол дуудаж харагддаг?

-Тийм ээ. Одоо ахлах бөгөөд цолчин засуул гэж явдаг. Зүүний магнай бөхийг цоллох эрхтэй гэсэн үг.

Улсын аварга, арслангуудыг засдаг, цоллодог болсоон. Ямартай ч бөхийн тоосонд бужигнаж явна гэдэг сонирхлоо дагаад надад их хувь заяа мэт санагддаглаа.

-Монголын үндэсний бөхийн холбооны ажлын талаар шүүмжлэл их өрнөх юм. Энэ тухайд өөрийн чинь бодол гэвэл...?

-Ажил хийсэн хүнд, олон түмэнд үйлчилж байгаа байгууллагад алдаа гардаг л байлгүй.

Харин энд нэг бодлоо хэлэхэд анх Монгол бөхийн холбоог энэ Р.Нямдорж, Д.Данзан нар гардаж аваагүй байсан бол Монгол үндэсний бөхийн замнал өнөөгийнх шиг байж чадаа ч үү, үгүйч үү гэсэн санаа байдаг юм.

-Бөхийн унаа, давааны маргаан их гардаг. Энэ нь засуул, хөлийн цэц та нарын ажлын нэг үзүүлэлт байх. Үүнийг арилгах ямар арга байна вэ?

-Монгол бөх онцлогтой нь нэгэн зэрэг олон учраа барилддаг. Тиймээс хэн давав гэдгийг гүйцэж харахгүй удаа олон. Бас хараа гүйцэлгүй хурдтай барилдаан ч гарна. Дэвжээн дээр сүмо шиг хоёрхон хүн барилддаг бол өөр хэрэг. Иймээс техникийн дэвшлийг ашиглах хэрэгтэй байх л даа.

Бөхийн өргөөнд том дэлгэц байрлуулж хэд хэдэн камер зоосон байхад маргаан гарах үндэсгүй болно. Энд нэг дурсамж ярья. 1940 онд гэдэг байхаа улсын наадмын үзүүр, түрүүнд үлдсэн Ш.Ванчинхүү, У.Дамчаа нар ойролцоо унаад “би давсан” гэхийн оронд хоёр биенээ “Та давсан” гэж маргаж байсан гэдэг. Тэгвэл өнөөгийн бөхчүүд би давсан гэдгээ л урьтал болгодог болж.

-Уяа бөх байдаг. Одоо тийм бөх бүр олон болсон шиг. Тэгж барилддаг бөхийг засахад засуул хүний уур ундуу хүрэх үе байх уу?

-Залхуутай л даа. Гэхдээ өөрөө бөхдөө хайртай, дуртай юм болохоор удсныг төдийлэн анзаардаггүй л дээ.

 

Зураг