Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

500 сурагчийг хамруулсан ХУУЛЬ БУС шинэ жилийн баяр зохион байгуулжээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Шинэ он гарах дөхөж иргэд найз нөхөд, хамт олноороо шинэ жилийн баяр тэмдэглэж нэг хүн 3-5 шинэ жилийн баярт оролцож байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн шинэ жилийн баяр олон болохоос гадна ЕБС-ийн олон тооны сурагчдыг хамруулсан хууль бус шинэ жилийн баяр тэмдэглэх арга хэмжээнүүд томоохон баар, цэнгээний газруудад болох болжээ.

Үүний нэг жишээ нь: 

Өнгөрсөн амралтын өдөр 500 орчим хүүхэд III хороололд байрлах Mass барны гадаа цугларсан байна. Тэдэнд энд шинэ жилийн үдэшлэг зохион байгуулж байгаа гээд 10 мянган төгрөгийн тасалбар худалдсан байжээ.

Гэтэл  уг газарт болохоо больсон гэж хоёрч газар руу явуулжээ. Ингээд оройн 22.00 цаг хүртэл 500 орчим хүүхэд III хороолол орчмоор гадуур холхисон байна.

Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ “Бидэнд эцэг эхчүүд, хүүхдүүдээс гомдол ирсэн учир III хороололд байрлах Mass клубын гадаа очсон. 

Гэтэл дандаа насанд хүрээгүй ЕБС-ийн хүүхдүүд оройн 22.00 цаг хүртэл үргэлжлэх үдэшлэгийн 10 мянган төгрөгийн үнэтэй тасалбар бариад хаашаа очихоо мэдэхгүй, холхилдож байсан.

Хүүхдүүд тасалбараа фэйсбүүкийн зар дээр тавьсан утсаар холбогдож авсан бөгөөд төвлөрсөн нэг цэгээр худалдаагүй юм билээ” хэмээн ярилаа.

 

Иймэрхүү хууль бус шинэ жилийн баяртай холбоотой гомдол Сүхбаатар, Баянгол дүүргийн цагдаагийн газруудад ирсэн бөгөөд гомдлын дагуу хяналт шалгалт явуулж эхэлсэн байна.

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Н.Хөхөө “Шинэ жилийн баярыг жилээс жилд өргөн дэлгэр тэмдэглэх болж, эцэг эхчүүд баярлан хүүхэддээ тавих анхаарал буурах энэ үеийг далимдуулан иймэрхүү хууль бус арга хэмжээг зохион байгуулж байна.

Тиймээс эцэг эхчүүддээ шинэ жилийн баярыг гэр бүлийн баяр болгон тэмдэглэж, насанд хүрээгүй хүүхдүүддээ тавих анхаарал халамжээ нэмэгдүүлээчээ гэж хүсмээр байна” гэлээ.

 

Шинэ жилийн баярыг зөв зохистой тэмдэглэж өнгөрүүлцгээе


“Шинэ жил”-ийн баяр болж буйтай холбогдуулан эцэг эх, аж ахуйн нэгж, байгууллагууд хүүхдүүдэд хандаж уриалах нь:

1.    Аж ахуйн нэгж байгууллагууд:

  • Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх
     
  • Хүүхдүүдийн хэсэг бүлгээрээ зохион байгуулж буй арга хэмжээг насанд хүрэгчдийн хараа хяналттай хийгдэж буй эсэхэд хяналт тавих
     
  • Хараа хяналтгүй, гуйлга гуйх, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн талаарх мэдээллийг 102, 108, 107 утсуудад мэдэгдэх
     
  • Зам хөндлөн гарч буй хүүхдүүдэд туслан зам гаргаж өгөх тухай ажилтнуудаа идэвхжүүлэх
     
  • Шинэ жилийн баярыг тохиолдуулан гэр бүлээрээ үйлчлүүлэхэд зориулсан гэр бүлийн меню гарган сурталчилж, хүүхдийн насны онцлог, эрүүл мэндэд тохирсон хоол ундаагаар үйлчлэх
     
  • Ажилтнаа гэр бүлийнхэнтэй нь баярлуулах, хөгжлийн болон чөлөөт цагийн ажлуудыг төлөвлөх, хэрэгжүүлэх

2.    Сургуулиудад:

  • Сурагчдын хичээлийн амралт эхэлж буйтай холбогдуулан эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийг хараа хяналттай байлгах талаар сургалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулах
     
  • Анги хамт олон, сургуулийн шинэ жилийн арга хэмжээг эцэг эхээс мөнгө татахгүй, хүүхдийн оролцоотой, энгийн байлгах тал дээр анхаарал хандуулах /санхүүгийн хүндрэлээс үүдэн хүүхэд эвгүй байдалд орох, гэр бүлд үл ойлголцол үүсэх, энэ нь даамжран гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийлэл үүсэх нөхцөл шалтгаан болдог тохиолдол олон байна/
     
  • Сургуулийн нөхцөл боломжид тулгуурлан сурагчдын амралтын өдрүүдээр дугуйлан, секц, уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулах
     
  • Хүүхдүүдэд амралтын үеэрээ гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаарх зөвлөгөөг, анхааруулга, санамж өгөх


3.    Эцэг эх, иргэд олон нийтэд:

  • Хүүхдээ хараа хяналттай байлган, хаана, хэнтэй юу хийж яваа талаар харилцан мэдээлэлтэй байх
     
  • Оройн цагаар аль болох гадуур гаргахгүй байхад анхаарах
     
  • Зориулалт, шалтгааныг нь тодруулалгуйгээр бэлэн мөнгө хүүхэддээ өгөхгүй байх
     
  • Хараа хяналтгүй, гуйлга гуйх, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн талаарх мэдээллийг 102,108,107 утсаар мэдээлэх
     
  • Гэр бүлдээ цаг зав гарган баяраа гэр бүлтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх
     
  • ХҮҮХДИЙН ДЭРГЭД, гэртээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
     
  • Асуудлыг хүчирхийллийн бус эерэг аргаар шийдвэрлэхийг та бүхэндээ УРИАЛЖ байна.

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР