Монгол Улсын хувьд олон улсын түвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл
Засгийн газрын өр нь ирээдүйд татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх, төсөвт нэмэлт ачаалал үүсгэх эх үүсвэр тул Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ, өрийн зохимжит түвшинг тогтоох, өрийн дарамт болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулалгүйгээр хэрэгцээтэй санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг байх шаардлагатай.
Гадаад өр үүсгэх замаар хөгжлийн бодлогыг дэмжихийн зэрэгцээ, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эдгээрийн зохимжит түвшин, харьцааг хадгалах замаар улс орноо хөгжүүлэх нь зүйтэй.
Эдгээр шаардлагууд, түүнчлэн хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хууль зүйн үндэслэл, практик шаардлагад тулгуурлан Өрийн удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулаад байна.
Нийтлэг үндэслэлийг тогтоох нэгдүгээр бүлэгт, хуулийн зорилт, өрийн удирдлагын тухай хууль тогтоомж, хуулийн хамрах хүрээ, өрийн удирдлагын хүрээнд баримтлах зарчим, хэрэгжүүлэх арга замууд, хуулийн нэр томъёоны тодорхойлолтыг, тодруулбал “улсын нийт гадаад өр”, “Засгийн газрын өр” зэргийг шинээр тодорхойлж, тусгасан болно.
Төрийн байгууллагуудын бүрэн эрхийн талаарх хоёрдугаар бүлэгт, Улсын Их Хурал, Засгийн газар, санхүү, төсвийн болон эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх, өрийн удирдлагын харилцаанд оролцох төрийн бусад байгууллагуудын эрх хэмжээ, чиг үүргийн талаарх зохицуулалтыг орууллаа.
Улсын төсвөөс ирээдүйд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр үүсгэж буй бүх өр, зээллэг нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянагдаж, Улсын Их Хурлаар батлагддаг байхаар тусгав.
Өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын тухай гуравдугаар бүлэгт, төсөв, мөнгөний бодлогын хүрээнд Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийг тодорхойлж, өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг боловсруулах, батлахтай холбоотой зохицуулалтыг тусгалаа.
Улсын төсөвт эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өр үүсгэх зориулалтыг тусгайлан зааж, Засгийн газрын өрийн болон өрийн баталгааны хязгаарыг тогтоож, уг хязгаарыг нэрлэсэн дүнгээр тооцдог байх, мөн Засгийн газрын зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээг хуульд заасан хязгаарт нийцүүлэн жил бүр төсвийн хуулиар батлах тухай зохицуулалтыг оруулав.
Түүнчлэн, Засгийн газрын өрийн удирдлага, орон нутгийн өрийн удирдлага, Засгийн газар, аймаг, нийслэлийн зээллэгт болон зээллэгээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлагыг хуульчлан тусгасан болно.
Өр үүсгэх болон өрийн удирдлагын хэрэгжилтийн талаарх дөрөвдүгээр бүлэгт, Засгийн газрын болон орон нутгийн төсөвт өр үүсгэж буй өрийн хэрэгслүүд, тэдгээрт тавигдах шалгуур үзүүлэлтүүд, холбогдох зохицуулалтыг нэгдсэн байдлаар 3 дэд бүлэгт тодорхойлон авч үзлээ.
Нэгдүгээр дэд бүлэгт Засгийн газрын гадаад зээлийг хөнгөлөлтийн түвшинд хувааж, тухай бүрт тавигдах шаардлага, зээлийн хөрөнгийн ашиглалт болон зээлийн гэрээ, хэлэлцээр хийхтэй холбоотой зохицуулалтуудыг тусгав.
Хоёрдугаар дэд бүлэгт Засгийн газар болон аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах зориулалт, үнэт цаасны төрөл, тэдгээрт тавигдах шаардлага, үнэт цаасыг арилжаалах журмын тухай зохицуулалтыг орууллаа.
Гуравдугаар дэд бүлэгт Засгийн газрын гадаад зээл болон үнэт цаас гаргах зэрэг өр үүсгэх замаар бий болгосон хөрөнгийн эх үүсвэрийг дамжуулан зээлдүүлэхэд тавигдах шаардлага, дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулах болон уг гэрээний төлбөрийн үүрэг гүйцэтгүүлэхтэй холбогдсон харилцааг тусгав.
Засгийн газрын өрийн баталгааны тухай тавдугаар бүлэгт, Засгийн газрын өрийн баталгаа гаргахад болон баталгаа гаргуулагч этгээдэд тавигдах шаардлага, өрийн баталгаа гаргах журам, Засгийн газрын өрийн баталгааны санг бүрдүүлэх, өрийн баталгаанаас бий болох өр төлбөрийг баталгааны сангаас төлж барагдуулахтай холбоотой зохицуулалтыг хуульчлан оруулав.
Өрийн удирдлагын ил тод байдал ба хяналтын тухай зургадугаар бүлэгт, өрийн удирдлагын ил тод байдлын зарчмыг хангах үүднээс өрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн талаарх бүртгэл, мэдээлэл, тайлагналтыг хэрэгжүүлэх, Улсын Их Хуралд тайлагнах, олон нийтэд мэдээлэх тухай эрх зүйн үндсийг тодорхойлж, өрийн бүртгэлийг хэрхэн хийх, өрийн удирдлагын хэрэгжилтэд хяналт тавих тухай зохицуулалтыг тусган оруулав.
Бусад зүйлийн талаарх долдугаар бүлэгт, хариуцлага хүлээлгэх үндэслэл, өрийн удирдлагын тухай хууль, тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээ, хуулийг дагаж мөрдөх журмын тухай асуудлыг авч үзсэн болно.
Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл
1) Өрийн удирдлагын асуудлыг зохицуулсан хууль, эрх зүйн орчны талаарх тойм судалгаа;
2) Гадаад орнуудын өрийн удирдлагын тухай хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтын талаарх харьцуулсан судалгаа;
3) Засгийн газрын баталгааны талаар гадны орны хуулиудын харьцуулсан судалгаа;
4) Хөгжингүй ба хөгжиж буй орнуудад өрийн хязгаарыг тогтоосон байдлын талаар харьцуулсан судалгаа;
5) Болзошгүй өр төлбөрийн талаар гадны орны хуулиудад тусгагдсан байдал /харьцуулсан судалгаа/;
6) Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг 1970, 1980-аад оны Латин Америк, Зүүн Азийн орнуудын эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулсан судалгаа;
7) ОУВС-гаас өрийн хязгаарын талаар баримталж буй шинэчилсэн бодлого.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!