ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

О.Магнай ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга О.Магнай өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдлээ.

 О.Магнай: Төрд цэвэрлэгээ хэрэгтэй байна. Тиймээс төрөө цэвэрлэнэ ээ.

Тэрбээр шинээр байгуулагдсан Засгийн газрын дэд сайд нарын томилгоо ёс зүйгүй болсон, хоёрдугаарт Шадар сайд У.Хүрэлсүхтэй хамтран ажиллах боломжгүй гэсэн шалтгаанаар ажлаа өгч байгаа юм байна. 

О.Магнай "Миний бие хоёр жил дөрвөн сарын хугацаанд ШӨХТГ-ын даргын албан тушаалыг хашлаа. Энэ хугацаанд 6000 гаруй иргэнээс ирсэн өргөдөл гомдлын дагуу 1100 гаруй хяналт шалгалт хийжээ. Өдөрт 10 орчим өргөдөл гомдлыг шийдэж байсан гэсэн үг.

Мөн Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газрыг Монгол Улсын иргэн бүрийн мэддэг, шаардлагатай бол ханддаг байгууллага нь болгосон байна" гэлээ.

О.Магнайгийн хийсэн онцлох ДОЛООН ажил.

  1. Архи согтууруулах ундааны хууль бус сурталчилгааг зогсоосон.
     
  2. Орон сууцны метр квадратыг тооцох стандартыг бий болгосон.
     
  3. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нефтийн бүтээгдэхүүний үнийг барьж, нэмэгдүүлээгүй.
     
  4. Гар утасны ярианы төлбөрийг секундийн горимд шилжүүлсэн бөгөөд иргэд маань оператор компани дээрээ очоод ярианы төлбөрөө секундийн горимоор төлж байгаа эсэхийг хянах боломжтой.
     
  5. Томоохон супермаркет, сүлжээ дэлгүүрүүдийн лангуу кассны үнийн зөрүүтэй байдлыг багасгасан.
     
  6. Захуудын хаалгаар ороход төлдөг байсан төлбөрийг байхгүй болгосон.
     
  7. Мөн цаашид шийдвэрлэх олон чухал асуудал байгаа бөгөөд нэн тэргүүнд арилжааны банкууд зээлийн шимтгэл авдгийг зогсоох хэрэгтэй.

Ажлаа өгөөд цаашид юу хийх талаар түүнээс асуухад "Төрд цэвэрлэгээ хэрэгтэй байна. Тиймээс төрөө цэвэрлэнэ дээ" хэмээн хариуллаа.

 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn