Оросын валют доллартай харьцах ханш нь эрс унасан “хар” Даваа гарагийн орой Оросын Банкны захирлуудын зөвлөл ОХУ-ын Засгийн газар болон Ерөнхийлөгчөөс үл хамааран бодлогын хүүгээ 10,5 байсныг 17% болгон өсгөх шийдвэр гаргажээ. Ийнхүү шуурхай арга хэмжээ авснаар рублийн ханш уналтыг сааруулна гэж тооцоолж байсан ч энэ арга тусыг эс олов.
Төв банкнаас авсан арга хэмжээ нь зөв байсан ч валютын зах зээл дээрх сүйрлээс урьдчилан сэргийлэхэд хэтэрхий оройтсон гэж шинжээчид үзжээ.
Харин банкны хямрал тун удахгүй нүүрлэх нь тодорхой болж, хүн ам болон бизнесийн хүрээллийнхэн газрын тосны үнэ үргэлжлэн унасаар байгаа энэ үед рублийн ханш чангарахгүй гэдгийг хэдийнэ ухаарч, хадгаламж болон орлогоо доллар, евро хэлбэрээр байлгахыг илүүд үзэх болжээ.
Рублийн ханш маш хурдацтай унаснаар зах зээлийн шинжээчид хүртэл тайлбарлаж амжихгүй байсны дээр биржийн мэдээллүүд яг л дайны үеийн шуурхай мэдээллүүд шиг урсан ирсээр байв.
Түүний зэрэгцээ дэлхийн хөрөнгө оруулагчид АНУ-ын эдийн засгийн өсөлтийг харгалзан /2014 оны дүнгээр энэ улсын ДНБ 2,5% өссөн/ хөрөнгөө долларт шилжүүлэн, хөгжиж буй орнуудын зах зээлээс хөрөнгөө татаж, тиймдээ ч эдгээр орнуудын үндэсний мөнгөний нэгжүүд нь суларсаар байгаа юм.
1998, 2008, 2014 онд Оросын валютын түүхэнд хараар тэмдэглэгдэх он жилүүд гэхэд болно. Ерээд оны сүүлээр гарсан хямрал нь “тойрч өнгөрч болохооргүй” шилжилтийн хямрал , 2008-2009 оных дэлхийн хямрал байсан бол өнөөдрийн туулж байгаа хямрал нь заавал туулах албагүй хямрал байлаа гэж Оросын Стратегийн шинжилгээний хүрээлэнгийн захирал Игорь Николаев тайлбарлажээ. Түүний үзэж байгаагаар Оросууд ийм нөхцөл байдалд орохгүй байж болох байсан гэнэ.
Ямартай ч энэ гурван тохиолдолд нэг л ижил зүйл байсан нь газрын тосны үнэ унаснаас үүдэлтэй гэнэ. Гэхдээ тухай бүрт нь Оросын Төв банк ханшийн бодлогын янз бүрийн загварыг ашиглаж байжээ.
1998 онд ханш бараг л тогтсон байжээ. Гэхдээ газрын тосны үнэ унаж байгаа нөхцөлд хөрөнгө оруулагчид доллар өснө гэсэн хүлээлттэй байв. Эдгээр хүлээлт нь төсвийн санхүүжилтийн гол хэрэглүүр болох улсын богино хугацаат облигацийн орлогод нөлөөлжээ. Засгийн газар өндөр хүүтэйгээр зээл авах боломжгүй болж бүх зүйл дефолтоор дуусч байв.
2008 онд газрын тосны үнэ буурсан ч Төв банк рублийн ханшийг удаан тогтоож чаджээ. Гэхдээ тухайн үед ч доллар өснө гэсэн таамаглал их байв. Харин Төв банк рублийн ханшийг тогтоон барихын тулд ганцхан улирлын дотор нөөцийн сангаасаа 130 тэрбум ам.доллар зарцуулсан байдаг. Гэлээ ч хүү өсдөгөөрөө өсч, үүний дүнд үйлдвэрлэл ихээр нуран унаж байлаа.
Өнөөгийн Төв Банкны авч хэрэгжүүлж байгаа алхмыг харин шинжээчид хэтэрхий оройтсон гэж үзэж байгаа ч одоогоор үнэлж дүгнэх цаг хараахан болоогүй байгаа юм.
Оросын рублийн хямралын гурван үед ялгаатай өөр хүчин зүйлүүд ч байгаа тухай шинжээчид дурдсан байна. 1998 онд эдийн засаг өсөлттөй байж, оросууд ганцаардаагүй олон туслалцаа авсан учраас бүх зүйл амархан дууссан гэж Стратегийн анализын хүрээлэнгийн захирал Николаев онцолжээ.
2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр бүхий л улс орнууд “нэг завинд” сууж явсан. Энэ хоёр тохиолдолд хоёуланд нь газрын тосны үнэ сэргэснээр эдийн засаг дагаж сэргэсэн гэнэ.
Харин одоо шинэчлэлтэй холбоотой асуудлууд байгаа, Оросууд эдийн засгаа шинэчлээгүй, хамгийн гол нь бид одоо ганцаардсан байна гэж Николаев онцолсон байна. “Бид одоо бараг л ганцаардмал улс болчихоод байна. Энэ удаад бүх зүйл тийм ч амар дуусахгүй. Бид энэ байдлаараа дор хаяж 2-3 жил хямралтай тэмцэхээс аргагүй болно” гэж шинжээч таамаглал дэвшүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!