Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр” батлах тухай асуудлыг оруулсны дагуу хэлэлцэн шийдвэрлэжээ.
Үүнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтын төвшинг сайжруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, гэрэлтүүлгийн сүлжээг шинээр бий болгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хөтөлбөр баталлаа.
Хөтөлбөрийн хүрээнд 2015-2016 онд 14450 ширхэг гэрэлтүүлэгч шинээр суурилуулахаар болсон.
Мөн “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд шилэн кабель, утасгүй WiFi, WiMax, үүрэн телефоны сүлжээг ашиглан хотын гэрэлтүүлгийн удирдлага, хяналтын автомат системийн сүлжээг бий болгохоор зорьж байна.
Ингэснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийсэн гэрэлтүүлгийн сүлжээ анх удаа бий болох бөгөөд нэгж гэрэлтүүлэгчийн ашиглалт засвар үйлчилгээний зардал буурна.
Мөн дэлхийн хөгжингүй хотуудын жишигт хүрсэн гэрэлтүүлэгтэй болж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжрах боломжтой болно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!