Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Богино хугацаанд, бага өртгөөр утааг бууруулахаар Эко янданг бүтээсэн"

Г.Номин, iKon.mn
2014 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэ оны эхээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах 4-5 чиглэлийн арга хэмжээнд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байгаагаа мэдэгдсэн.

Энэ хүрээнд:

  • Сайжруулсан зуух тараахад 68 тэрбум төгрөг
  • Гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум төгрөг 
  • Цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум төгрөг
  • Уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Ингээд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнд 2013-2014 онд шилжих хүйтний улиралд агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ 2012 оныхтой харьцуулахад 40 хувиар, агаар дахь азотын давхар исэл 26 хувиар, нарийн ширхэглэгт тоосонцор 28 хувиар, том ширхэглэгт тоосонцор 33 хувиар багассан үзүүлэлттэй байна. 

Гэвч энэ бүхэн нь стандартад заасан  хэмжээнээс 1.6-2.7 дахин их байсаар байгаа бөгөөд агаарын бохирдол бодитоор буурсан, буураагүй гэж маргалдсаар дахин нэг өвөлтэй золгооод буй.

Өмнөх жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдэд иргэд, айл өрхөд үзүүлэх үнийн хөнгөлөлт дээр суурилж байсан.

Харин энэ жилээс иргэд өөрөө өөрсдийгөө агаарын бохирдлоос хамгаалахад зориулсан шийдлүүдийг гаргаж ирж байна.

Үүнд:

  • “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем” буюу гар утсанд зориулсан аппликейшн /иргэд гар утсандаа суулгаж, хаана ямар хэмжээний агаарын бохирдолтой байгаа талаар мэдээлэл авах/ 
     
  • Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтрал ихтэй 10 цэгт LED дэлгэцээр дамжуулан олон нийтэд агаарын чанарыг энгийн ойлгомжтой байдлаар мэдээлдэг болсон.

Улаанбаатар хотын агаарын бохирдол бодитой багассан эсэх нь тодорхойгүй, байгаа энэ үед агаарын бохирдлыг бууруулах шийдлийг эрэлхийлсээр байгаа юм.


Ингээд  Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас агаарын бохирдол бууруулах зөв шийдэл гэж дүгнэсэн “Эко яндан” бүтээлийг танилцуулъя.

Дэлхийн Оюуны өмчийн газар, БНСУ-ын Оюуны өмчийн газартай хамтран Монголын эрдэмтэн,зохион бүтээгчдийн дунд зарласан  “Инновацийн шийдэл бидний амьдралд” буюу тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх тоног төхөөрөмж бүтээх тэмцээнд Эко яндан зохион бүтээж гуравдугаар байранд орсон З.Золжаргалтай ярилцлаа.

- Юуны өмнө танд баяр хүргэе. Тэмцээний талаар ярихгүй юу, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх бүтээлүүд гэхээр өөр зориулалттай бүтээлүүд байсан байх. Таныхтай ижил төстэй бүтээлүүд байв уу?

- Маш олон төрлийн бүтээлүүд байсан л даа. Яг минийхтэй төстэй бүтээл бол байгаагүй.

- Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгаас олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, их ч мөнгө зарж байгаа ч төдийлөн амжилтад хүрэхгүй байна гэж иргэд үзээд байгаа шүү дээ. Таны бүтээлийн хувьд агаарын бохирдлыг яг бодитоор бууруулах боломжтой юу?

- Тийм ээ. Агаарын бохирдол манай хотын нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод олон жил болж байна. Олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа ч үр дүнгээ төдийлөн сайн өгөхгүй л байгаа гэж иргэн хүний хувьд би бодож явдаг.

Богино хугацаанд бага өртгөөр агаарын бохирдлыг бууруулах зүйл хэрэгтэй учраас Эко янданг зохион бүтээсэн

Агаарын бохирдлыг бууруулах аргууд ер нь бол байгаа. Гэр хорооллыг төвлөрсөн шугам сүлжээнд холбох, хийн түлш хэрэглэх гэх мэт. Гэхдээ дээрх аргуудаар агаарын бохирдлыг бууруулахад маш олон жил, их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай болно.

Тиймээс богино хугацаанд бага өртгөөр агаарын бохирдлыг бууруулах зүйл хэрэгтэй учраас Эко янданг зохион бүтээсэн.

- Яндангийнхаа бүтэц, ажиллах зарчим, агаарын бохирдлыг хэр хэмжээгээр бууруулах боломжтой талаар танилцуулахгүй юу?

- “Эко яндан” маань мотор,  богино буюу аюулгүйн яндан, утааны бохирдлыг шүүх шүүлтүүр гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байгаа.

Моторын хэсэгт байрлах сэнс нь зуухан дахь агаарыг сорж бүрэн шаталт явуулахад дэмжлэг үзүүлдэг бол аюулгүйн яндан цахилгаан тасарсан сэнс мотор ажиллах боломжгүй болсон үед агаарыг сорох үйлдлийг хийдэг.

Мөн аюулгүйн яндан нь сүүлийн үед их гарах болсон зуух дэлбэрэх аюулаас сэргийлж байгаа.

Харин хамгийн чухал хэсэг болох шүүлтүүрийн хэсэг нь зуухнаас ирж буй утаанаас тоосонцор, хүхрийн хий, угаар зэргийг шүүж агаарт галалгааны эхний 5-15 минутад цагаан утаа гаргаад цаашаа шаталт явагдаж дуустал утаа гаргахгүй байгаа.

Ямар зууханд галлаж байгаагаас хамаараад утаа гарах хугацаа нь өөр байгаа юм.

Жишээлбэл, уламжлалт зууханд шаталт дутуу явагддаг учраас 15 минут орчим утаа гарч байхад бүрэн шаталттай сайжруулсан зуухыг зөв галласан тохиолдолд таван минут л утаа гарч байгаа.

- Сэнсээр зуухан доторх утааг хүчээр сорж байгаа гэлээ. Тэгэхээр шаталт хурдан явагдаж түлш их хэрэглэх үү?

- Тийм ээ. Мэдээж гадаа салхитай үед гал хурдан дуусдаг шүү дээ. Энэ талаар судалсан жирийн үеэс түлшийг таван хувиар илүү хэрэглэнэ. 

Гэхдээ үүнийг сойлтоор нь хааж багасгах боломжтой. Хамгийн ихдээ л таван хувь.

- Мотор сэнс цахилгаанаар ажиллах байх. Хэдэн ваттаар ажиллах вэ?

- 45 ваттын цахилгаан хэрэглэдэг. “Эко яндан”-г суурьлуулснаар сард 2-3 мянган төгрөг цахилгааны  мөнгөн дээр нэмэгдэнэ гэсэн үг. 

- Хэр удаан хэрэглэх вэ, зах зээлд ямар үнээр борлуулах боломжтой вэ?

- Яндангийн хувьд 2-3 жилийн баталгаа өгөх боломжтой гэж бодож байна. Харин шүүлтүүр нарийн ширхэгтэй тоосонцор, тортогийг шүүн авч байгаа учир 45 хоногт нэг удаа сольж байхаар төлөвлөж байгаа. 

Бохирдож бөглөрсөн шүүлтүүрийг тоос сорогчоор соруулж цэвэрлээд дахин ашиглах боломжтой. Мөн худалдаанд гаргахаар болвол 4-5 ширхэг шүүлтүүр дагалдуулж өгөх бодолтой байна.

Үнэ өртгийн хувьд одоогийн байдлаар би дөрвөн ширхгийг хийгээд байгаа л даа. Олон тоогоор үйлдвэрлэвэл нэг “Эко яндан” 300-350 мянган төгрөгт худалдаанд гарах болов уу гэж тооцож байгаа.

- 300-350 мянган төгрөгөөр яндан авах нь иргэдэд хүнд тусах байх л даа. Тэгэхлээр агаарын бохирдлыг буруулахаар хэрэгжүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж хөнгөлөлттэй үнээр зах зээлд борлуулах боломжийг судалсан уу?

- Үгүй ээ. Одоохондоо дөрөвхөн ширхгийг хийгээд туршаад явж байна. 

Одоо лабораторийн шинжилгээнүүд хийлгэж агаарын бохирдлыг хэрхэн бууруулж болохыг баталгаажуулсны дараа зах зээлд гаргах талаар ярих хэрэгтэй байх.

Энэ технологио ашиглаад зөвхөн гэрийн яндан биш байшин, машин, уурын зуухны яндан дээр хүртэл байрлуулж утааг шүүх боломжтой.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.