Д.Цолмон: Тэргэнцэртэй бүжгийн төрлөөр ДЭЛХИЙН ТАВЦАНД гарахыг хүсдэг
Монголын анхны “Тэргэнцэртэй сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн”-ийг хоёр өдрийн өмнө “Бид чадна” нэгдэл, Их Засаг их сургууль, Бриллиант клубээс зохион байгуулсан билээ. Тус тэмцээнд 15 бүсгүй оролцсон бөгөөд тэргүүн миссээр Д.Цолмон тодорсон юм.
Гоо үзэсгэлэн, авъяас билгээрээ ялгарч тус тэмцээнд түрүүлсэн Д.Цолмонг миний бие зорьж уулзлаа. Ярилцлага авах санал тавихад утасны цаанаас л эрч хүчтэй, цоглог хоолойгоор ярьсан бөгөөд уулзаад суухад хоолойных нь өнгөнөөс мэдрэгдсэн эрч хүч, гал цог нүднээс нь ч бас гэрэлтэж байсан юм.
Өөрийн гэсэн зорилго, тэмүүлэлтэй байх юм бол нийгмээс юм хүлээх биш нийгмийг өөрчилж чадна
-Сайн байна уу. Монголын “Тэргэнцэртэй сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн” анх удаагаа зохион байгуулагдлаа. Тэргүүн мисс болсон танд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Баярлалаа. Намайг Д.Цолмон гэдэг “Чингис Соосэ” их сургуулийн хоёрдугаар курсын оюутан. Гэхдээ одоохондоо сургуулиасаа чөлөө авчихсан байгаа. Учир нь саяхан ээж болсон.
-“Тэргэнцэртэй сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн”-д оролцсон сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Өмнө нь “Wheelchair fashion show” гээд тэргэнцэртэй хүмүүсийн загварын шоу болж, тэрэнд оролцсон. Энэ удаад сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн гэдэг утгаараа болсон болохоор үнэхээр үзэсгэлэнтэй, оюунлаг, өөрийгөө ялж чадсан бүсгүйчүүд оролцсон байгаа.
Тайзны ард бүсгүйчүүд маань хувцсаа өмсөөд гарч байхыг харахад үнэхээр үзэсгэлэнтэй, сайхан байсан. Ийм сайхан бүсгүйчүүдтэй өрсөлдөх гэж байгаа гэдэг утгаараа би нэлээн сандарсан л даа.
Бид сар хагасын хугацаанд тэмцээндээ бэлтгэсэн. Их засаг сургуулийн оюутнууд бидний хувцсыг тэргэнцэртэй хүмүүст зохимжтой байх талаас нь оёж өгсөн. Мөн “Бриллиант” клубынхан ивээн тэтгэж, шагналын санг гаргасан. Тус клубээс гаргаж өгсөн зааланд бид нар тэмцээний өмнөх бэлтгэлээ хийсэн.
Хүнд өвчин зовлон хэлж ирдэггүй учраас энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулсан, ивээн тэтгэсэн хүмүүст маш их баярлаж байна. Мөн намайг тайзны ард байхад “Улс төрд шинэ манлайлагч” нэвтрүүлгийн “Хорьт” багийн залуус надад Монгол үйлдвэрлэгдсэн тэргэнцэр бэлэглэсэн байгаа. Маш сайхан гэнэтийн бэлэг байсан. Баярлалаа.
-Энэхүү тэмцээнд орсноор таны амьдралд ямар эерэг өөрчлөлт гарсан бэ?
-Тайзан дээр гарахад үнэхээр гайхалтай байсан л даа. Гэхдээ үүнээс илүү би өөрийгөө бусад хүмүүст, нийгэмд таниулж байгаа гэдэг утгаараа их чухал санагдаж байгаа.
Мөн гэртээ байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн амьдралд оролцохыг уриалж, та ганцаараа хөгжлийн бэрхшээлтэй биш шүү гэдгийг ойлгуулах зорилгоор тайзан дээр гарсан.
Гэртээ байдаг, гадагш гардаггүй хөгжлийн бэрхшээлтэй олон залуучууд Монголд байгаа. Тэдэнд хэлэхэд та нар ч гэсэн бүгдээрээ нийгэм дээр гарч ирэх боломжтой. Өөрийн гэсэн зорилго, тэмүүлэлтэй байх юм бол нийгмээс юм хүлээх биш нийгмийг өөрчилж чадна шүү гэж хэлье.
“Чи ямар муу ёртой юм бэ. Наад тэргэнцэрээсээ босооч ээ” гэж хэлж байсан
-Та сая хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Элч төлөөлөгчөөр сонгогдсон байна лээ. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ямар ажил хийе гэж төлөвлөж байгаа вэ?
-Би 2005 онд нуруу нугасны хавдраас болоод тэргэнцэр дээр суусан байгаа. Урьд нь бүжиглэх маш их хоббитой байж байгаад өвчнөөсөө болоод бүжиглэж чадахгүй боллоо гэсэн ойлголттой байсан.
Гэхдээ тэргэнцэртэй ч гэсэн бүжиглэж болдог юм байна гэснийг ойлгож мэдэрсэн. Тийм болохоор бүжгийн клуб байгуулж, тэргэнцэртэй бүжгийн төрлөөр дэлхийн тавцанд гарахыг хүсдэг.
Мөн саяын тэмцээн дээр хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйчүүд маань бүгдээрээ бүжиглэж , тэргэнцэртэй хүмүүс ч гэсэн бүжиглэх боломжтой шүү гэдгийг харуулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй зарим хүмүүст гадагш гарах хүсэл маш их байвч туслах хүмүүс нь ховор, гэр бүлийнхэн нь завгүй гэх мэт бэрхшээл учирдаг. Үүнээс болоод тэд нийгмээс өөрсдийгөө тусгаарлаж, холдож эхэлдэг.
Би их сургуульд сурч байхдаа хөгжлийн бэрхшээлтэй залуучууд сайн дурын ажилтнуудаар туслуулж гадагш гарах боломжтой гэсэн төсөл бичиж байсан. Энэ төслийг нэгдүгээр курст байх хугацаандаа судалж, туршиж үзээд хэрэгжиж боломжтой гэж дүгнэсэн. Үүнийгээ цааш нь үргэлжлүүлэхийг хүсэж байгаа.
-Таныг бас дуулдаг, спортоор хичээллэдэг гэж сонссон. Өөр ямар авъяастай вэ?
-Сонирхогч маягаар дуулна л даа. Яг мэргэжлийн хичээл заалгаж байгаагүй. Мөн 2013 онд болсон Монголын Паралимпийн XIII Их наадмаас 1500 метрийн марафонд алтан медаль авсан.
2009 оноос л тэмцээн уралдаанд маш идэвхтэй байж эхэлсэн дээ. Хүүхэд гаргах хүртлээ жил бүр л тэргэнцэртэй марафонд оролцож байсан.
Өөр авъяас гэвэл морин хуур тоглодог. Мэргэжлийн түвшинд биш ч гэсэн ямар нэгэн арга хэмжээнд бэлтгэж байгаад орж чадна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд тэмцээн уралдаан хэр их зохиогддог вэ?
-Маш олон арга хэмжээ байдаг. Залуучуудыг нийгэмд гаргаж ирж, нэгтгэж, дуу хоолойг нь хүргэхийн тулд сүүлийн үед нэлээн бий болж байгаа.
-Тэд нийгмийн амьдралд идэвхтэй оролцохын давуу тал юу вэ. Ингэснээр тэдний амьдралд ямар эерэг өөрчлөлт гарч болох вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгэмд гарч ирж өөрсдийгөө танилцуулснаар хүмүүс эерэгээр хүлээн авах болно. Бидний хувьд заавал хэн нэгний тусламжтайгаар автобусанд суух, дэлгүүр хоршоогоор хэсэх зэргээр ямар нэгэн зүйл хийдэг учраас өөрсдийгөө нийгэмд эерэгээр таниулах хэрэгтэй. Ингэж чадвал бидний дуу хоолойг нийгэм сонсох байх гэж боддог.
Тэргэнцэртэй хүнийг гоё сайхан байдаггүй гэдэг утгаар нь хүмүүс их хардаг. Жишээ нь намайг гадуур явж байсан чинь нэг хүн “Чи ямар муу ёртой юм бэ. Наад тэргэнцэрээсээ босооч ээ” гэж хэлж байсан.
Хариуд нь “Ах аа би угаасаа тэргэнцэртэй юм аа” гэсэн чинь “Өө тийм үү. Яасан хөөрхөн охин бэ. Ийм хөөрхөн охин тэргэнцэр дээр суух гэж” гэх мэтээр хэлэх тохиолдол гардаг.
Хүн бүрээс хамгийн сайхан бүсгүй хэн бэ гэвэл ЭЭЖ гэж хариулна байх аа
-Ээж болон гэр бүлээрээ бахархдаг гэсэн байсан. Гэр бүлийнхээ тухай дэлгэрүүлнэ үү?
-Манай ээжийг Бадамцэцэг гэдэг. Надад хамгийн их урам зориг өгдөг хүн. “Миний охин гэртээ суугаад байж болохгүй, юмнаас хоцрогдоно. Өмнөө зорилготой бай. Өнөөдрөөр хэзээ ч амьдрал дуусахгүй” гэж байнга зөвлөдөг.
Намайг өвдсөн цагаас хойш эмнэлэгээр явж, заримдаа уулан дээгүүр үүрээд л явдаг байсан. Хүмүүс харчихаад “Ийм сайхан залуу ээжтэйдээ баярлаж яв охин минь” гээд л урмын үгс хэлдэг байсан. Ээж маань надад сэтгэлийн тэнхээг л хамгийн их өгдөг дөө.
-Саяхан өөрөө ээж болсон шүү дээ. Ээж болоход төрсөн мэдрэмжээсээ хуваалцана уу?
-Би өөрөөрөө төрсөн л дөө. Яг хүүхэд маань гарч ирсний дараа хэвлий дээр маань тавихад их бүлээхэн байсан. Тэгэхэд л жинхэнэ баярын нулимс, хайрыг мэдэрсэн дээ. Дотроос огшоод л үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн.
-Сайхан бүсгүйтэй уулзсаных асуухгүй өнгөрч болохгүй байх. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн юунд оршдог гэж боддог вэ?
-Гаднах төрх гэхээсээ илүү дотоод сэтгэлд эмэгтэй хүний гоо сайхан оршдог гэж бодож байна. Сайхан сэтгэл, оюун ухаан, уян зөөлөн байдлаар эмэгтэй хүний гоо сайхан илэрхийлэгддэг юм болов уу гэж боддог. Мөн хүн бүрээс хамгийн сайхан бүсгүй хэн бэ гэвэл ЭЭЖ гэж хариулна байх аа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
