Засгийн Газрын бүтэц тодорхой болж, албан тушаалын хуваарилалт ид явж байна. Намууд яамдыг хувааж сайд нараа нэрлэж эхэлсэн. Мөн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын нэрс ч дуулдаж эхэллээ. АН-ын хувьд хэд хэдэн яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг тодруулж тэдэн дээрээ тогтсон гэх мэдээлэл байна.
Ч.Сайханбилэгийн Засгийн Газрын Эрчим хүчний дэд сайдаар Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр очих гэнэ. Түүний хариуцаж байсан агентлагийг ашигт малтмалын газартай нэгтгэхээр болсон юм.
Мөн энэ албан тушаал дээр өмнө нь ажиллаж байсан Д.Доржпүрэв “улирах” магадлал өндөр байгаа гэнэ. Тэрээр дэд сайдаар муугүй ажиллаж байсан гэх үнэлгээг салбарынхан нь өгдөг ажээ.
Намууд яамдыг хувааж сайд нараа нэрлэж эхэлсэн.
Батлан хамгаалахын дэд сайдаар Н.Алтанхуяг Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан М.Хүдэрбаатар томилогдох мэдээлэл байна. Тэрээр энэ салбарт нэлээд ойр хүн гэдэг утгаараа дэд сайдаар тохоогдож буй бололтой.
Мөн Барилга хот байгуулалтын дэд сайдаар АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Мөнхболорын нэр сонсогдож байна. Б.Мөнхболорын хувьд Ж.Наранцацралт агсныг сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн 2012 оны сонгуульд Дундговь аймгаас Их хуралд нэр дэвших сунгаанд оролцож байсан намынхаа ирээдүйтэй залуусын нэг гэгддэг. Өдгөө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж буй О.Магнай ч бас дэд сайд болно.
Тэрээр Сангийн дэд сайд, аль эсвэл Дэд бүтцийн дэд сайдаар томилогдох ажээ. Жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж буй Б.Баттүвшинг Хөдөлмөрийн дэд сайдад томилох гэнэ.
Түүний хариуцаж байсан газар нь Хөдөлмөрийн яамны харьяа нэгж, дээрээс нь Б.Баттүвшин нь АН-ын Залуучуудын холбоог удирддаг зэрэг нь дэд сайдын суудалд суухад нөлөөлж байгаа ажээ.
Мөн Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргаар “Нэг ардчилал”-ын Б.Отгонбат очих юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!