Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Лхамаа: Мөрөөдлийнхөө үзүүрээс атгачихлаа

Ж.Цэцэгмаа
2014 оны 12 сарын 3
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол Улсын мотоспортын тамирчид одоогоос хоёр жилийн тэртээ алдарт “Дакар ралли”-д хөл тавьж байсан билээ.

Тэрхүү он тооллоос өнөөг хүртэл олон улсын хэмжээний мастер Ч.Болдбаатар, Н.Лхамаа, Б.Батболд нарын тамирчид мотоциклийн төрөлд өрсөлдөж байсан бол сар гаруйн хугацааны дараа эхлэх авто спортын олимпод Олон Улсын Хэмжээний Мастер Н.Лхамаа автомашины төрөлд өрсөлдөхөөр болж бэлтгэл сургуулилтаа хангажээ.

Ингэхдээ тэрбээр Унгарын “Uniga Sandlander” багийн нөхөдтэй хамтран өрсөлдөхөөр болсон байна. Хоёр орны нийлсэн баг гурван машинаар өрсөлдөх ба үйлдвэрээс гарсан Т2 машины ангилалд өрсөлдөх юм. Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх ОУХМ Н.Лхамаа 431 дугаарын жолоочоор, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж механикаар спортын мастер Б.Батболд харин 413 дугаартай машинд чиглүүлэгчээр цагдаагийн дэд хурандаа Д.Жаргалсайхан, 413 дугаартай машины чиглүүлэгчээр ОУХМ Б.Бямбацогт нар явах юм. Энэ талаар олон улсын хэмжээний мастер Н.Лхамаатай ярилцлаа. 

-Монгол тамирчдын авто, мото спортын олимпод өрсөлдөх мөрөөдөл биелж та хоёр жилийн өмнө алдарт “Дакар ралли”-д хөл тавьж байсан. Мөрөөдлийн бас нэгэн үзүүр нь өнөөдөр “атгагдаж” автомашины төрөлд өрсөлдөхөөр боллоо. Баяр хүргэе?

-Бид бүхэн Унгар, Монголын хамтарсан “Юника Сандландер” багаас “Дакар Ралли-2015” тэмцээнд оролцох гэж байна. Монголчууд гэв гэнэт яагаад Унгаруудтай хамтрах болов хэмээн хүмүүс гайхаж магадгүй л дээ.

Унгарын найзуудтай хамгийн анх манай аав танилцсан. “Дакар Ралли-2014” тэмцээнд уралдах техникүүдийг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 22-нд Ле Хавре боомтод хүргэж өгч байхад нь Унгарын “Сандландер” багийн нэг залуу аав дээр ирээд “Ямархуу машин байна. Таалагдаж байна уу” хэмээн анх яриа өдсөн юм гэнэ лээ. Аав минь “Манай хүү ч бас Дакарт уралдах гэж байгаа.

Аргентинд очоод танилцаарай” гэж хэлсэн гэсэн.

Дараа нь Дакарын уралдааны өмнө аавтай танилцсан залуус над ирээд “Аавтай чинь танилцсан юм” гээд хамт авахуулсан зурагаа үзүүлж уулзаж байлаа. Уралдааны явцад олон удаа уулзаж ярилцан, бие биедээ туслан улам дотно нөхөрлөж сайн найзууд болсон л доо. Ингэж холбогдож энэ жилийн Дакарт машинаар уралдах санал тавьсан юм. 

-Автомашины төрөлд өрсөлдөхөд өртөг өндөртэй гэж дуулсан?

 

 

 

-Т2 ангилалд зөвхөн өөрсдөө машин аваад тэмцээнд зориулан бэлдэхэд доод тал нь 300 сая төгрөг шаардлагатай. Тэмцээнд оролцох хураамжаа төлөөд явахад нэг хүнээс 50 сая төгрөг. Зургаан хүн гэж тооцоод механикийн машинаа авч очно гэж бодохоор 700 сая орчим болж байгаа юм. 

-Гурван машин хэрхэн хувиарлагдав?

-Ланд Круйзер 200 маркийн гурван машинаар оролцох гэж байгаа. Монголоос найм, Унгараас 20 тамирчин оролцоно. Мөн Унгараас дөрөв, Монголоос нэг механикийн машин явахаар болсон. Механикийн машиныг Батболд, Бямбацогт хоёр найз маань 12000 км замыг туулан Францын Ле Хавре боомтод хүргэж өгсөнд багийн хамт олныхоо өмнөөс баярлаж байна. Дүрмэндээ нэг жолооч, хоёр чиглүүлэгч гээд гурван хүн явахыг зөвшөөрдөг.

Багийн ахлагч С.Шандор жолоочтой, Цагдаагийн тусгай албанд 23 жил ажиллаж байгаа Д.Жаргалсайхан чиглүүлэгчтэй 355 дугаартай машин хамгийн урд явна. С.Шандор хоёр жил барианд орсон туршлагатай учраас эхэнд явж байгаа. Хоёрдугаарт миний жолоодох гэж байгаа Б.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж чиглүүлэгчтэй, 431 дугаартай машин эхний машинаа урагш түлхэх, дэмжих зорилготой оролцоно. Харин Б.Бямбацогт чиглүүлэгчтэй 413 дугаартай гуравдугаар машинд механикийн сэлбэг ачиж явна.

Замд ямар ч саад бэрхшээл, техникийн эвдрэл гарч болзошгүй тул баг доторх зохион байгуулалтыг ингэж хийсэн юм. Багаар ажиллах чадвар, туршлагыг нь харгалзан үзэж өөрийн багаа бүрдүүллээ. Энэ сарын 28-нд Аргентинд уулзахдаа багийн ерөнхий төлөвлөгөөг бүр нарийн боловсруулахаар болсон. Би Монголын багийн ахлагч боловч хамтарсан багийн ахлагчаар манай найз С.Шандор ажиллана. Найзынхаа заавар зөвлөгөөг бид бүхэн сонсоно. Гурван машинаа гурвууланг нь л барианд оруулахын төлөө зүтгэнэ дээ. 

-Цагийн зөрүү чамгүй их байдаг шүү дээ?

-Мотоцикль, машинаар үргэлж уралддаг учраас байнгын бэлтгэлтэй байгаа. Бүгд хувь хувиараа сүүлийн хоёр сар эрчимтэй бэлтгэл хийж байна. Манай улс Өмнөд Америктай 12 цагийн зөрүүтэй байдаг. Боломжтой бол сарын өмнө очоод цагийн зөрүү, цаг ууртайгаа сайн дасвал уралдааны үеэр гарах хүндрэл төдий чинээ бага байдаг л даа.

Бид 10 хоногийн өмнө очихоор төлөвлөж байна. Уралдааны үеэр эхний мотоциль 03:30 цагт гардаг. Ингэхээр тамирчид нь шөнийн 02:00 цагт босч техник болон бусад зүйлсээ бэлдэж байж гараандаа гарч амждаг. Тийм болохоор уралдааны цагтаа тохируулж нойр хоол, тактикаа маш зөв боловсруулах хэрэгтэй. 

 

-“Дакар Ралли”-д та хоёр жил дараалан мотоциклиор оролцож байсан. Мотоциклиор уралдах, машинаар уралдах хоёрт хэр ялгаа байдаг вэ?

-Машин, мотоцикль, ачааны машин гэсэн ангиллууд дундаас тэр нь хэцүү, энэ нь амархан гэсэн юм байхгүй. Гэхдээ энэ дунаас мотоцикль илүү эрсдэлтэй. Яагаад гэвэл Атакамын том цөлд өдөрт 800 гаруй км замыг 2-3 хан литр ус нуруундаа үүрээд туулдаг. Харин машинд гурвуулаа явдаг. Ар талдаа зайтай учраас усыг өөрсдийн хэрэглээ, нөхцөл бололцоондоо тааруулаад авч явах боломжтой. Гэхдээ гурвуулаа явдаг гээд санаа амарч болохгүй.

Мотор, кроп хална. Гадаа 40 градусын халуунтай байгаа үед машин дотор 50-60 градус хүрч халдаг. Яагаад гэвэл машины халуун дотогшоогоо цохидог. Элсэнд суувал запас гурван дугуй, нэмэгдэл банк гэх мэт зүйлс нэмэгдхээр жин нь гурван тонн гардаг. Дакарт амар хялбар юм гэж огт байхгүй. Дээрх гурван төрөл бие биенээсээ ялгарах онцлогтой. Бүгд хэцүү. Эр хүний тэсвэр тэвчээр, хатуужил бүхнийг сорьдог. 

-Ямар маршрутаар уралдах вэ? 

-36 дахь удаагийн Дакарт 55 билүү 56 улс оролцох гэж байгаа гэсэн. Мотоцикль, машин, ачааны машин нийлсэн 414 техник уралдана. Аргентинаас гараад Боливи, Чилигээрр дайраад буцаад Аргентин гэсэн маршрутаар 9200 км уралдан барианд орно. Өнгөрсөн жил Аргентин-Боливи-Чили гэсэн маршрутаар явсан.

-Уралдах замаа урьдчилан мэдэх боломж бий юу? 

-Тэмцээний өмнө энэ бүхнийг урьдчилан судлах боломжгүй. Дүрмэндээ ч хориотой. Хэдийгээр нэг улсад болж байгаа ч гэсэн уралдааны зам давтагдахгүй. Өмнөд Америк маш том газар нутагтай. Өнгөрсөн жилийн замаас таван км-ийн наагуур аль эсвэл цаагуур нь уралдааныг явуулахад л өөр болчихно. 

-Манайд хэрэглэдэг тэмдэглэгээ “Дакар Ралли”-гийнхтай адилхан уу? 

-Манай Монголд олон улсын тэмцээнүүд зохион байгууллагддаг. Тэгэхээр тэнд хэрэглэдэг тэмдэглэгээ л байгаа. Дакарын картын бүх тэмдэглэгээг аваад цээжилж байгаа. 

-Цөөхөн хоромд чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа? 

-Та бүхэнд бас баярлалаа гэж хэлмээр байна. Дакарт тоосоо өргөж буй 414 техникийг унан уралдаж яваа бүх тамирчдын цорын ганц хүсэл, мөрөөдөл нь барианд орох гэдэгтэй би эргэлзэхгүй байна. Дакарт уралдан эхний байрт шалгарахаас дутахааргүй барианд орох нь тамирчин хүн бүхний мөрөөдөл байдаг.

Миний төдийгүй манай багийнхны зорилго энэ. Ингэж чадсан тамирчид өөрөө өөрийгөө яллаа гэж өөрөөрөө бахархдаг. Хэрвээ чи барианд орж л чадвал дэлхийд нэр алдар чинь түгнэ. Тэмцээний хувь заяа нэгхэн өдрийн дотор шийдэгдчихдэггүй. Тамирчин хүний тэсвэр тэвчээрийг хоёр долоо хоногийн турш шалгадаг. Хэн нь машинаа эвдэхгүй, төөрөлгүй бензинээ бага зарцуулж, тактикаа зөв боловсруулж чадсан нь барианд орж чадна. 

Зураг