УИХ-ын гишүүн Г.Уянга шинэ Засгийн Газрын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Би Н.Алтанхуягийн Засгийн Газар байгуулагдахад одоо хэрэгжиж байгаа дөрөвдүгээр Үндсэн хуулийн хүрээнд байгуулагдаж болох хамгийн сүүлчийн Засгийн Газар гэж хэлж байсан. Энэ Засгийн Газар огцорсноор Үндсэн хуулийн хүрээнд байгуулагдаж болох Засгийн Газруудын боломж дууссан” гэв.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай бүх улс төрийн хүчин, бүлэгтэй хамтарч Загсийн газар байгуулах гэж байгаа. Өмнө нь мөн ийм хувилбараар Засгийн газар байгуулагдаж байсан түүх бий. Энэ талаар Г.Уянга “МАХН олонх болж байсан ч С.Баяр үндсэн хууль зөрчиж, хамтарсан Засгийн Газар байгуулж байсан. Улс төрд бугшиж хуримтлагдсан асуудлыг шийдэх хувилбар, Засгийн Газар биш гэж үзэж байна” гэсэн.
Энэ засаг Монгол Улсынх бус Оюутолгой, Рио Тионтогийн Засгийн газар байгуулагдлаа гэж би харж байна. Г.Уянга
Мөн “Хэдийгээр парламентын бүх улс төрийн хүчнүүдийг оролцуулсан Засгийн Газар байгуулагдаж байгаа ч гэсэн дардан сайхан явах Засаг гэсэн үг биш. Жишээлбэл өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэж ярьж байна. Тэгэхдээ МАН ярьж байсан зүйлээсээ ухарч байгаа зальхай заалтуудыг хийж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, Засгийн Газрын өрд өрийн баталгааг тооцхоо болъё гэсэн заль хэрэглэж байна. Энэ нь МАН өрийн таазыг нэмэгдүүлэхийг зөвшөөрч байна гэсэн үг.
Хувийн компаниудад гаргаж өгсөн Засгийн Газрын баталгааг өрөөс хасч тооцоод хувийн компаниуддаа баталгаа гаргаж өгөөд үүгээр дамжуулж өр зээлээ нэмэгдүүлнэ гэсэн санаа байгаа.
Оюутолгойн гэрээг нөгөө талын эрх ашигт нийцүүлж цааш үргэлжүүлнэ гэдэг хандлага нь Монголчуудын эрх ашгийг хамгаалах Засгийн Газар биш гэдгийг харуулж байна. Тиймээс энэ засаг Монгол Улсынх бус Оюутолгой, Рио Тионтогийн Засгийн газар байгуулагдлаа гэж би харж байна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!