АН бусад намуудтай Засгийн газарт хамтарч ажиллах зөвшилцлийн явц болон өчигдөр хуралдсан АН-ын бүлгийн хуралдааны талаар мэдээлэл хийв.
АН-ын ажлын хэсэг Иргэний Зориг Ногоон нам, Шударга ёс эвсэлийн ажлын хэсгүүдтэй уулзсан бөгөөд 2012 онд эдгээр намуудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа аж.
Иргэний Зориг Ногоон нам, Шударга ёс эвсэлийн зүгээс АН-тай хамтарч ажиллана гэдгээ албан ёсоор баталгаажуулсан байна. АН эдгээр намуудтай хоёр жилийн хугацаанд хамтарч нэг танхимд ажиллаж байсан учир олон асуудалд нэгдмэл ойлголттой байдаг гэдгийг М.Батчимэг гишүүн онцолсон.
Ийнхүү УИХ-д суудалтай намуудтай хамтарснаас Засгийн газар үлдэж буй 1.6 жилийн хугацаанд эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг хамтарч батлахаар болсон байна. Улстөрийн намуудад сонгуульд оролцсон тус тусынх нь мөрийн хөтөлбөр байгаа. Энэхүү мөрийн хөтөлбөрөө нэгтгэн хямралаас гарах бодлого, хөтөлбөрийг батлахаар болжээ.
Ерөнхий сайдын зүгээс арванхоёрдугаар сард багтан Олон улсын банк санхүүгийн байгуулагуудтай хамтран Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдалд үнэлгээ хийлгэхээр болжээ. Энэ үнэлгээний үндсэн дээр намууд зөвшилцөн 1.6 жилийн богино хуцааны хөтөлбөр батлах аж.
Олон намууд хамтарч баталсан, ямар нэгэн улстөржилт, талцал маргаангүй хөтөлбөр нь эдийн засгийг дунд болон урт хугацаанд хөгжүүлэх гол суурь болно гэсэн байр суурьтай байгаа аж.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Улстөрийн шинэ хандлага улс оронд бий болж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улс орны эдийн засгийн байдал өөрчлөгдсөнөөс үүдэн эв нэгдлээ хангаж ажиллах зайлшгүй шаардлага тулгараад байна. Тиймээс АН улстөрийн шийдлээ гаргасан. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдалд дүгнэлт хийгээд ард түмний ахуй амьдралыг дээшлүүлэх, улс орны тогтвортой байдлыг хангахад улстөрийн намууд хамтарч ажиллах нь зүйтэй гэсэн зөв шийдвэр гаргасан” гэв.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!